Сугалаанд хожсон Британи эмэгтэй хуучин машинаа найздаа 1 фунтээр заржээ
Их Британийн Лестершир мужид оршин суудаг 56 настай Дебора Буржес сугалаанаас 1 сая фунт стерлинг хожсон байна. Ийм учраас тэрбээр сайн найз Луиз Смитдээ Пежо 2008 загварын машинаа 1 фунтээр заржээ.
Буржес өөрийгөө саятан болсон гэдгээ мэдэлгүй хэдэн сар өнгөрөөсөн байна. Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард архаг цус багадалтаар оношлогдож, эмнэлэгт хэвтсэн байна. Эмчилгээгээ дуусган, эмнэлгээс гарсны дараа Буржес гам барихаар амралтад явсан аж.
Тэр амралтаасаа ирсний дараа, аравдугаар сард өөрийнхөө лоттоны дугаараа шалгахдаа мөнгө хожсон гэдгээ мэдсэн байна. Буржес анхандаа Үндэсний лотторейгаас ирсэн мессежийг хуурамч, залилан байж магадгүй гэж бодсон ч хэсэг хугацааны дараа үнэн гэдэг нь батлагдсан юм.
Сугалааг хожсон гэдгээ мэдсэн үеийн сэтгэл хөдлөлөө ярихдаа тэрбээр “Хэцүүхэн хэдэн сар өнгөрсний дараа би гэртээ имэйлээ шалгаж байсан юм. Олон сарын турш интернэтэд холбогдоогүй учраас маш олон имэйл ирсэн байсан л даа. Шалгахдаа би өмнө нь байгаагүй шоконд орсон” гэжээ.
Тэр хонжворын мөнгөөрөө өөр машин худалдаж авч, хуучин машинаа хэрхэх ээ байсан аж. Түүний найз хуучин машиныг нь зохих үнээр худалдаж авах санал тавьсан ч Буржес нэг фунтээр л зарсан байна.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.