Ираны мөнгөн дэвсгэрт чөлөөт уналтад оржээ
Иран риалын ханш өнгөрсөн дөрвөн сарын дотор ам.долларын эсрэг 17 хувиар буурсан байна. Мөн тус улсын инфляц их хэмжээгээр нэмэгдэж 40 хувьд хүржээ. Сүүлийн үед АНУ-тай шууд зэвсэгт мөргөлдөөн үүсэх эрсдэл нэмэгдсэн нь Ираны эдийн засагт хүндхэн тусаж байна.
Үүнээс гадна Ираны дэмжлэг үзүүлдэг экстремист үзэлтэй бүлгэмүүд Ойрх Дорнодод халдлага үйлдэх болсон нь нөхцөл байдлыг улам дордуулжээ. Нэгдүгээр сарын сүүл гэхэд нэг ам.доллар 550 мянган риалтай тэнцсэн. Өөрөөр хэлбэл риалын ханш 2018 оноос хойш 13 дахин суларчээ.
Энэхүү ханшны уналт нь АНУ Үйл ажиллагааны нэгдсэн иж бүрэн төлөвлөгөөнөөс (JCPOA) гарч, Ираны газрын тос болон олон улсын худалдаанд хориг тавьснаас эхтэй юм.
АНУ-ын хоригоос хойш риалын ханш ам.доллар, евро, фунт стерлингийн эсрэг унасаар иржээ. Мөн инфляц 2023 оны арван хоёрдугаар сарын байдлаар 40 хувьд хүрч, иранчууд мөнгөн дэвсгэртээ ам.доллар болгохоор шуурч эхэлсэн байна.
Иранд үүсээд буй нөхцөл байдал нь тус улсын эдийн засаг гаднын дарамт болон дотоод бодлогын өөрчлөлтөд мэдрэмтгий байдлыг гарган ирж, геополитикийн хурцадмал байдал үргэлжилж буй энэ үед валютын ханшаа тогтворжуулж, инфляцыг зохицуулах тал дээр тулгараад буй асуудлуудыг харууллаа.
Эх сурвалж: Euro News, Express UK
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.