95 настай Британи эрэгтэй магистрын зэрэг хамгаалжээ
Их Британийн Вейбриж тосгонд оршин суудаг 95 настай Дэвид Маржот магистрын зэрэг хамгаалж, дипломаа хүлээн авчээ. Сэтгэцийн эмч асан тэрбээр Кингстоны их сургуулиас орчин үеийн Европын философийн чиглэлээр магистр хамгаалсан байна.
Маржот эмчлэх эрхээ авснаасаа хойш 72 жилийн дараа магистрын дипломаа авчээ. Одоо тэрбээр докторантын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа гэдгээ хэлсэн юм. Хэрвээ докторантад бүртгүүлбэл Маржот 102 нас хүртлээ сурна.
Тэр олон арван жил суралцахаас завсарлага авсан ч дахин боловсрол эзэмшихээр бодож байгаа хүмүүст зөвлөгөө өгөхдөө “Дахиж суралцах нь бага зэрэг азаа үзсэн хэрэг. Гэхдээ сонирхож байгаа бол үзээд алд” гэсэн юм.
Маржот нэмж хэлэхдээ “Би дэлхийн түвшний багш нартай байсан нь азтай хэрэг. Сайхан эерэг туршлага болж үлдлээ. Нас ахих тусам өөрийгөө үргэлж сорьж байх нь чухал гэж би бодож байна” хэмээжээ.
Түүнд багшилж, диссертац бичихэд нь тусалсан профессор Стелла Станфорд “Амжилттай карьер бүтээж чадсан Дэвид асар их мэдлэг туршлагатайгаа Кингстонд ирсэн. Янз бүрийн нийгэм, угсаатны оюутнуудтай байх нь анги дахь хэлэлцүүлгийг илүү сонирхолтой болгодог билээ. Мөн янз бүрийн үеийн оюутнуудыг гэсэн бид мартаж болохгүй” гэсэн юм.
Эх сурвалж: BBC
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.