Top StoriesСПОРТ

Бөхийн таамаг: Цагаан сарын барилдаанд О.Хангай аварга түрүүлж, Б.Бат-Өлзий заан үзүүрлэнэ

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн барилдаан өнөөдөр эхэлнэ. Монголчуудын хувьд бөхийн барилдаан үндэсний эв нэгдэл, бахархал, үнэ цэнийг илтгэхийн зэрэгцээ хамгийн том баяр цэнгэл, наадмуудын гол нуруу болж байдаг. Онцолбол, цагаан сарын барилдаан үргэлж л шударга, шуурхай болдог тул ард түмэнд дандаа баяр бэлэглэдэг. Тус барилдаан цол олгодоггүй учир бөхчүүд тухайн жилийнхээ өнгийг тодорхойлох гэж үнэн хүчийг үздэг. Тэр ч утгаараа чөлөөтэй, санаснаа хийж барилдсан бөх амжилт гаргах магадлал өсөж, таамаг эвдэгддэг. Тэгвэл "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн нэгэнд зориулсан барилдаанд түрүүлэх болон үзүүрлэх магадлалтай хүчтэнүүдийн таамгийг уншигчдадаа хүргэж байна.

Улсын аварга Оргихын Хангай жилийн хугацаанд 13 барилдаанд түрүүлж, нэг барилдаанд үзүүрлэжээ

Мэдээж хүчний спорт учир хэн эртэй, бяртай, бэлтгэл сайтай нь дээгүүр даваанд үлдэх боломжтой. Энэ бол энгийн, нийтлэг ойлголт. Аль ч спортод энэ онол үйлчилдэг. Тэгвэл бүтэн жилийн хугацаанд зохион байгуулагдсан улс, аймгийн алдар цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн барилдаануудад жигд зодоглож, тогтмол дээгүүр сүүлийн даваанд тунаж барилдсан бөхийг цагаан сарын барилдааны түрүү бөхөөр тодрох магадлалтай хэмээн таамаглаж болох үндэслэлтэй. Учир нь дараалсан олон барилдаанд буюу сар бүр зодоглож үзүүр, түрүүнд шалгарч үлдэнэ гэдэг тухайн бөхийг формтой, бэлтгэл сайн, өнгөтэй байгааг илтгэж буй хэлбэр юм.

Албан ёсны барилдаан бүрийг оролцсон бөхчүүдийн хамт даваа бүрээр нь бүртгэдэг Дэвжээ.мн сайтын статистикаас харвал түрүүлж үзүүрлэсэн, идэвхийлэн оролцсон зэрэг үзүүлэлтээрээ Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын аварга Оргихын Хангай тэргүүлж байна. Түүний хувьд улс аймгийн алдар цолтой болон чансаа өндөр бөхчүүдийн 14 барилдаанд зодоглохдоо 13 удаа түрүүлж, нэг удаа үзүүрлэжээ. Тодруулбал, тэрбээр

  • 2024.01.20 Жем Интернэшнл ХХК-ийн 25 жилийн ойд зориулсан, Улсын харцага цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан /Түрүү/
  • 2024.01.13 Шинэ үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ойд зориулсан барилдаан /Үзүүр/
  • 2023.12.23 Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын заан Дасрангийн Мягмарын нэрэмжит барилдаан /Түрүү/
  • 2023.12.10 Олон улсын хүний эрхийн өдөрт зориулсан, Жанрайсаг бурхны хишиг барилдаан /Түрүү/
  • 2023.11.11 ТВ9 телевизийн 20 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.08.01 Говь-Алтай аймгийн баяр наадмын хүчит 256 бөхийн барилдаан /Түрүү/
  • 2023.04.30 Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Бөмбөгөр, Галуут, Хүрээмарал, Эрдэнэцогт сумдын 100 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.04.22 Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 100 жилийн ойд зориулсан барилдаан /Түрүү/
  • 2023.03.17 Монгол цэргийн өдөр, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ойд зориулсан барилдаанд тус тус түрүүлсэн байна. Иймд түүнийг сар шинийн барилдаанд мөн өнгөтэй сайхан барилдаж түрүүлнэ хэмээн таамаглаж байна.

Цагаан сарын барилдаанд Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлнэ, үзүүрлэнэ

Сар шинийн бөхийн барилдааны өмнө бөх сонирхогчид, хорхойтнууд, спортын хүрээнийнхэн түрүү, үзүүр болоод шөвгийн дөрөвт үлдэх магадлалтай хүчтэнүүдийн таамгийг дэвшүүлдэг уламжлал тогтсон. Энэ жилийн тухайд ч цагаан сар хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд цахим орчинд түрүүлж, үзүүрлэх бөхчүүдийн таамгийг идэвхтэй дэвшүүлцгээж байна. Бид ч иргэдийн бодол, таамгийг магадлах үүднээс цахим хуудастаа санал асуулга явуулсан юм.

Санал асуулгын үр дүнгээс харбал оролцогчдын дийлэнх нь Ховд нутгийн харьяат Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий нарыг үзүүр түрүүнд үлдэнэ хэмээн нэрлэж байна. Мөн олон мянган дагагчтай бөх сонирхогчдын бүлгүүдэд үүсгэсэн санал асуулгыг ч эдгээр бөхчүүд тэргүүлж байгаа юм. Харин тэдний араас Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, Улсын заан М.Лхагвагэрэл, Б.Пүрэвсайхан, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын гарьд Ц.Бямба-Отгон нарыг нэрлэхгүй орхиж болохгүй. Учир нь эдгээр хүчтэнүүд аль ч барилдаанд таамаг эвдэж үзүүр түрүү биш юм гэхэд шөвгийн дөрөвт шалгарч үлдэх бүрэн болмжтой юм.

Улсын заан Б.Бат-Өлзий яагаад бөхийн таамагт нэрлэгдэв

Тэрбээр XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн хүчит 256 бөхийн барилдаанд найм даван түрүүлсэн. Энэ түүний цагаан сарын барилдааны хоёр дахь түрүү байсан. Сар шинийн барилдаан чанар чансаагаараа улсын наадмын дараа эрэмбэлэгдэнэ. Тэгэхээр энэ барилдаанд хоёр түрүүлнэ гэдэг түүнийг хэр чансаатай бөх вэ гэдгийг илтгэж байгаа хэрэг.

Ингээд зогсохгүй Улсын заан Б.Бат-Өлзий Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 256 бөхийн барилдаанд хоёр дараалан түрүүлсэн. Мөн Монгол бөхийн өргөөнд зохион байгуулдаг заалны барилдаанд тогтмол шөвгөрч, түрүү, үзүүрт шалгарч байна.

Угтаа бол цагаан сарын барилдаанд хоёр түрүүлчхээд аварга болж чадаагүй бөх байдаггүй. Энэ нь заавал ийм ном журамтай гэсэн утга биш. Өөрөөр хэлбэл ийм дайны барилдаанд хоёр түрүүлсэн бөх улсын наадамд түрүүлж, цолоо ахиулах, аварга болох бүрэн дүүрэн боломжтой гэсэн үг юм. Монголчууд цаг нь ирэхээр болно доо гэдэг. Тиймээс түүний өдөр ирэх нь дамжиггүй. Харин энэ цаг үед түүний дээлийн захыг үзэгч түмэн цагаан сарын барилдаанд гурав дахиа түрүүлээсэй хэмээн мушгиж суугаа биз ээ.

Түүх О.Хангай тэргүүтэй /Түрүүлэх магадлалын хувьд/ аваргуудын талд

Цагаан сарын барилдаан 59 удаа /1963 онд эхэлж, цар тахлаас болоод 2020, 2021 онд өнжсөн/ зохиогдоход 48-д нь аварга буюу хожим аварга цол хүртсэн бөх түрүүлжээ. Яг аварга, даян, дархан аварга цолтой бөх түрүүлсэн тохиолдол 28 байна. Тэгэхээр, түүх энэ удаагийн барилдаанд зодоглож буй Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай гэсэн гурван аваргын талд байна. Харин энэ гурван аваргаас түрүүлэх хамгийн өндөр боломжтой нь О.Хангай аварга юм.

Луу жилийн сар шинийн барилдаанд Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 256 бөх зодоглоно

Өчигдөр Монголын Үндэсний бөхийн холбооноос Луу жилийн цагаан сарын барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн 295 бөхийн нэрийг зарлав. Бүртгүүлсэн эдгээр бөхчүүдийн 256 нь цолны эрэмбээр сар шинийн барилдаанд хүч үзэх учиртай. Цолны эрэмбээр харбал энэ жил Даян аварга Н.Батсуурь, Улсын аварга П.Бүрэнтөгс, О.Хангай, Улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нар манлайлах нь. Тодруулбал улсын алдар цолны эрэмбээр эхний 30 бөхөд

  1. дая.а Намсрайжавын Батсуурь
  2. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
  3. у.ав Оргихын Хангай
  4. у.ар Цэдэвийн Содномдорж
  5. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
  6. у.г Өлзийтогтохын Бат-Орших
  7. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон
  8. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан
  9. у.з Нэгдэлийн Жаргалбаяр
  10. у.з Батзоригийн Батмөнх
  11. у.з Доржийн Анар
  12. у.з Баярхүүгийн Бат-Өлзий
  13. у.з Цэдэнбазарын Одбаяр
  14. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл
  15. у.х Шүхэртийн Уламбаяр
  16. у.х Нацагсүрэнгийн Золбоо
  17. у.х Батсүхийн Зоригтбаатар
  18. у.х Нямаагийн Батзаяа
  19. у.х Төрөөгийн Баасанхүү
  20. у.х Шархүүгийн Пүрэвгарьд
  21. у.х Лхагваагийн Лха-Очир
  22. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
  23. у.х Ганцогтын Бадрах
  24. у.х Бат-Очирын Одгэрэл
  25. у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ
  26. у.х Баянзулын Цэдэнсодном
  27. у.х Сүхбаатарын Сүхбат
  28. у.х Ганбаатарын Ганхуяг
  29. у.н Болдын Эрдэнэхүү
  30. у.н Эрдэнэбатын Даш нар жагсчээ.



Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-08 12:27

батөлзий түрүүлнэ

Баагий
Баагий
2024-02-08 18:28

4 н даваанд яваад өгөхгүй л бол яахаа.гэхдээ Батөлзий нь арай илүү бхаа

Иргэн
Иргэн
2024-02-09 13:15

Б.Бат-Өлзий түрүүлж,О.Хангай үзүүрлэнэ

Холбоотой мэдээ

Back to top button