Спортын арбитр Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын эрхийг сэргээнэ гэснээ больжээ
Туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны дараа авсан явцын шинжилгээгээр Увс аймгийн харьяат Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допингийн төрлийн бодис илэрч, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн зургаадугаар сард тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргасан.
Дээрх бөхчүүд МҮБХ-ны эл шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Тус гомдлыг арбитр хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байдаг.
Энэ нь албан бичигт баримтаар үлдсэн.
Тодруулбал,
- "...Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар нь шийдвэр албажсан өдрөөс эхлэн барилдах эрхтэй болохыг дурдсугай" гэж албан шийдвэртээ дурдсан байдаг.
Харин өнгөрсөн өдрүүдэд МҮБХ-ны дарга Ц.Магалжав тэдний эрхийг сэргээхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. Бөхийн дүрмээрээ хэчнээн спортын арбитр шийдсэн ч, эцсийн шийдвэрийг МҮБХ л гаргах зохицуулалттай.
Хөшигний ард Ц.Магалжав нь Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нартай уулзахдаа "Та нарын зоргоор барилдах эрх сэргээхгүй. Допинг хэрэглэсэн нь баталгаажсан л бол боломжгүй" гэж хэлсэн гэгддэг.
Тэгвэл "Барилдах эрхтэй" гэж шийдвэртээ дурдаж байсан Спортын арбитр сүүлд мэдэгдэл гаргахдаа энэ агуулгаасаа буцжээ.
Тэд хоёрдугаар сарын 6-нд үйл явдалд холбогдуулан мэдэгдэл гаргасан бөгөөд үүндээ "Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг хангаагүй шийдвэрлэсэн болно" гэж шинээр дурдсан байна.
"Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр" нь ТББ-ын статустай. Допингийн шинжилгээний хариутай маргадаггүй. Харин шинжилгээ авахдаа холбогдох журам зөрчсөн, процессын алдаа гаргасан гэдэг үндэслэлээр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх нь зүй хэмээн шийдвэрлэдэг хандлагатай талаар өмнө нь мэдээлж байсан.
М.Бадарч ч тус байгууллагад хандаад байгаа билээ.
Товчхондоо, спортын арбитр өмнөх шийдвэрийн агуулгаасаа буцаж, "Бид барилдах эрхийг сэргээнэ гээгүй" хэмээх байдлаар байр сууриа өөрчилж эхэлжээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөхчүүд тэнэг гэдэг нь харагдаад байгаам л даа !
Допингийн шинжилгээний хариутай маргадаггүй, шин жилгээ авсан процессыг а лдаатай гэж маргадаг, тэгээд барилдах эрхээ сэргээнэ гэдэг ! Ямар ч логик байхгүй......дэндүү тэнэг.
Мөнгөн дээрээ л тохирсонгүй дээ.
Спортын арбитр нь төрийн бус , сайн дурын сонирхолын байгууллага гэжийнэ таарч дээ