“Аляска цэцэг” нэртэй шинэ өвчнөөр нас барсан анхны тохиолдол бүртгэгдэв
АНУ-ын Аляска мужид оршин суудаг өндөр настай иргэн харьцангуй шинээр илрүүлсэн вирусээр үүсгэгддэг Аляска цэцэг нэртэй өвчнөөр нас барсан талаар тус мужийн албан тушаалтнууд мэдээлсэн байна. Энэ нь тус өвчнөөр нас баралт бүртгэгдсэн анхны тохиолдол юм.
Нийгмийн эрүүл мэндийн албан тушаалтнуудын өнгөрсөн долоо хоногт гаргасан эмхэтгэлээс харвал Аляскын алслагдмал Кенай хойгт амьдардаг байсан эрэгтэй өнгөрсөн оны арван нэгдүгээр сард эмнэлэгт хэвтэн, нэгдүгээр сарын сүүлээр амь үрэгджээ.
Тус эмхэтгэлд тэрхүү өндөр настай эрэгтэйг хорт хавдрын эмчилгээ хийлгэж байсан тул хүндээр өвчилсөн байх магадлалтай гэж бичсэн байна. Аляска цэцэг буюу “AKPV” нь салхин цэцэг, үхрийн цэцэг, сармагчны цэцэгтэй төстэй өвчин юм. Халдвар авсан тохиолдолд тууралт гарч, тунгалгийн зангилаа хавдан, булчингаар өвдөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна.
Аляскын эрүүл мэндийн албан тушаалтнууд мэдээлснээр 2015 оноос хойш тус өвчний зургаан л тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан бүх хүн Кенайн хойгоос 483 км зайд орших Фэйрбанксын бүсэд амьдардаг байсан юм.
Нас барсан эрэгтэйгээс бусад тохиолдлууд хөнгөн өвчилж эмнэлэгт хэвтэх шаардлагагүй эмчилгээ хийлгэн эдгэрсэн байна. Одоогийн байдлаар Аляска цэцэг хэрхэн халдварладаг нь тодорхойгүй. Гэхдээ амьтнаас хүнд дамждаг өвчин байж магадгүй аж.
Өнгөрсөн долоо хоногт нийтлэгдсэн эмхэтгэлд өмнөх тохиолдлууд нь Фэйрбанкс дахь хэд хэдэн жижиг хөхтөн амьтнаас халдварласан байж магадгүйг илтгэх баримт олдсоныг дурджээ.
Нас барсан эрэгтэй нэгэн гудамжны муурыг тогтмол хооллодог байсан аж. Шинжилгээгээр тэр муур нь Аляска цэцгийн вирусийн халдваргүй гэж гарсан ч жижиг хөхтөн амьтдыг ойр ойрхон агнан, тус эрэгтэйг их мааждаг байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна.
Ийм учраас муур халдвартай хөхтөн агнасныхаа дараа тэр эрэгтэйг маажиж халдварлуулсан байх магадлалтай юм.Аляска мужийн албан тушаалтнууд оршин суугчдыг зэрлэг амьтадтай харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулжээ.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.