140 мянган малчны ₮1,2 их наядын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулна
Малчдын зээлийг хойшлуулах асуудлаар арилжааны банкуудтай зөвшилцөлд хүрчээ. Тодруулбал, нийт 140 мянга гаруй малчны 1,2 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг 6 дугаар сар хүртэл хойшлуулахаар боллоо.
Малчны зээлийн үлдэгдлийн:
- 48.5 хувийг Хаан банк,
- 51.2 хувийг Төрийн банк тус тус бүрдүүлж байна.
Малчны зээл нийт хэрэглээний зээлийн 14.4 хувийг бүрдүүлж байгаа ба өмнөх оны мөн үеэс 20.4 хувиар нэмэгдэж 1,2 их наяд төгрөгт хүрсэн аж. Сард дунджаар 83 тэрбум орчим төгрөгийн зээлийг малчид авдаг байна.
Аймгуудаар авч үзвэл Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий аймгийн малчдын зээл дийлэнх нь байгаа юм.
Зээл хойшлуулах зөвшилцөлд Шадар сайд С.Амарсайхан, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, ХААН банкны Гүйцэтгэх захирал Р.Мөнтуяа, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, “Үндэсний давхар даатгал” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Жавхлант нар оролцсон байна.
Энэ үеэр “Үндэсний давхар даатгал” ХК-ийн зүгээс “Энэ оны 9-10 дугаар сарын хооронд малчдын даатгуулсан малын индексжүүлсэн даатгалын нөхөн төлбөрийг олгоно. Энэ оны 3-р улирал хүртэл малчдын зээл төлөлт хойшлогдвол тэр үеэр бид даатгалын нөхөн төлбөр олгож таарах учраас эргээд малчид банкны зээл төлөлтөө хийхээр илүү дөхөм болно” гэжээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хөдөө аж ахуйн салбар 2023 онд уналттай гарсан учраас малчдын зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахтай холбоотой хүсэлт ирсээр байгаа. Энэ асуудалд Төв банкны зүгээс бодлогын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа бөгөөд ямар зохицуулалт, дэмжлэгийг хэрхэн шийдэх вэ гэдэг асуудлаар Төв банк хамтран ажиллахад бэлэн байна” хэмээжээ.
Харин Хаан банкны хувьд өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс хойш хүсэлт өгсөн малчдын зээлийн эргэн төлөлтийг сунгаж эхэлсэн бөгөөд нэг жил хүртэл хугацаагаар хойшлуулах боломжтой.
Төрийн банкны хувьд эхний ээлжинд энэ оны 6 дугаар сарын 1 хүртэл зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжтой гэжээ.
Зээлтэй малчид харьяа орон нутгийнхаа Хаан банк болон Төрийн банкны салбарт хүсэлтээ цахимаар гаргаж, шийдүүлэх боломжтой юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ковидын үед зээл хойшлуулхгүй яасын