Б.Жавхлан: Нэн хүнд энэ цагийг үндэстнээрээ нэгдмэл байж давцгаая
Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Мөн сумын төвөөсөө 16-хан километр зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагджээ. Тэднийх 400 гаруй толгой малтай тоолуулснаас одоо малынхаа 30 хувийг л авч үлдсэн гэнэ.
Иймээс Сангийн сайдаар ахлуулсан шуурхай бүлэг хоёр хуваагдаж малчдад нэн яаралтай өвс тэжээл, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, мөсөн зудтай байгаа сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх зэргээр тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж байна.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас өөр аргагүй байна. Зургаан бүсийн чиглэлд шуурхай бүлэг гарч ажиллаж байна. Онцгой байдлын газраас хийсэн үнэлгээгээр Төвийн бүсийн гурван аймгаас Төв аймаг маш хүнд байна гэж гарсан. Төв аймгийн зарим сум мөсөн зудтай байна. Урд талын зургаан сум маш хүнд байдалтай байна. Арваннэгдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө зогсолтгүй олон хоног цас орсон. Одоо бол мөсөн зудтай болчихсон Эрдэнэсант сумаас манай бүлгийн ажил эхэлсэн. Нийт зургаан сум байгаа учраас манай бүлэг хоёр хэсэгт хуваагдаж малчдын хотонд шуурхай тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Аймгийн ОБГ, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагч, онцгой байдлын ажилчид өнөөдрийг хүртэл бүхий л боломжоороо сайн ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэсант сумыг тойрсон цасанд хаагдсан магестрал 1500 замыг нээсэн. Харамсалтай нь тасралтгүй үргэлжилж байгаа шуурганаас болж хоёр хоногийн дараа өнөөх нээсэн зам буцаад хаагдчихаад байна. Тиймээс малчдад шаардлагатай эрүүл мэнд, өвс тэжээл болон бусад үйлчилгээг үзүүлэх, Батхаан суманд байгаа зэрлэг ан амьтдад өвс тэжээл хүргэх хэрэгтэй байна. Өнөөдөр малчдад нэн шаардлагатай тусламж нь боогдсон замыг нээх. Тиймээс сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, тодорхой тонны шатахуун олгох, зарим сумын ШТГ-дад тавьсан өрийг тэгэллээ. Дархан-Уул хотоос тусламжаар хоёр ковш авчирч малчдын өвөлжөө рүү зам гаргуулахаар болсон. Мөн тодорхой тонны хивэг, тэжээл өвсийг малчдад хүргүүлж байна. Нэн хүнд энэ цаг үеийг үндэстнээрээ нэгдмэл байж давж гаръя гэсэн уриалгыг дахин хэлье” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.