Ё.Батбаяр: Зун Ерөнхий сайд Илон Масктай холбогдоход, сая ХБНГУ-ын ерөнхийлөгч айлчлахад тог тасарсан нь ОХУ-ын сануулга

Сүүлийн жилүүдэд “Гео-Улс төр” нэвтрүүлгийг тогтмол бэлтгэн хүргэж буй Ё.Батбаяртай ярилцлаа. Тэрбээр 1997 оноос хойш хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж, олон улсын харилцааны сэдвээр нэвтрүүлэг бэлтгэж буй. Сүүлийн жилүүдэд АНУ-д ажиллаж амьдарсан Ё.Батбаяр өмнө нь МҮОНТ-ийн дэд даргын албыг хашиж байв. Түүнтэй Украинаас нэвтрүүлгийн ээлжит дугаараа хийж, дөнгөж Монголд ирээд байх өдөр нь ийн ярилцлаа.
-Та “Гео-Улс төр” нэвтрүүлгийнхээ бүх ажлыг өөрөө хийдэг юм байна. Ер энэ сэдвийг чухалчилж, их сэтгэл, хөдөлмөр зарцуулан цуврал нэвтрүүлэг хийхээр шулуудсан нь ямар шалтгаантай юм бэ?
-Эргээд харахад 1997 оноос хойш телевизийн салбарт ажиллаж, уран бүтээлч амьдралаар амьдарсан байна. 1997 онд “Хөгжлийн гарц” хэмээх нэвтрүүлэг хийж, тухайн үеийн Элчин сайд, гадаад улсын төлөөлөгч нарыг урьж, оролцуулдаг, гадаад бодлогын асуудлаар ярилцдаг байлаа.
2007 онд би АНУ руу явсан. Тэндхийн хэвлэл мэдээллийн албанд ажиллаж байхдаа давхар “Америкийн өнгө” гэдэг нэвтрүүлэг эхлүүлсэн. Эргээд харахад 25 жил энэ салбартаа ажиллаж, амьдрахын ялдамд гадаад бодлого, олон улсын харилцааны сэдвээр судалгаа хийж, нийтлэл нэвтрүүлэг бэлдэж иржээ.
Харин 2016 оноос хойш “Гео-Улс төр” гэсэн нэвтрүүлгээ бие даан эхлүүлсэн юм. Одоогоор 30 гаруй цуврал хийлээ. Өнгөрсөн оны тавдугаар сараас эхлээд Монголдоо ажиллаж, амьдарч байна. Аль болох тогтмолжуулахаар зорьж байна.
Нэвтрүүлэгтээ гадаад бодлого, гадаадын улс орнуудын хөгжил цэцэглэлт, түүхтэй холбоотой сэдвийг хөнддөг. Сүүлийн үед тухайн улс оронд нь очин, бэлтгэж буй нэвтрүүлгүүдээ болохоор “Гео-Аялал” нэрээр салбар цуврал болгож байгаа.
Герман, Чех, Унгар, Австри улсуудаар арванхоёрдугаар сард яваад ирсэн. Саяхан Польш, Эстони, Украин улсаар явж, дөнгөж өнөөдөр ирээд та бүхэнтэй уулзаж байна.
-Гадаад харилцааны сэдвээр цөөнгүй тойм, ярилцлага бэлтгэгдсээр ирсэн. Манайх шиг сонирхолтой газар зүйн байршилтай, гуравдагч хөрштэй тун мэдрэмжтэй харилцах шаардлагатай болдог улс оронд гадаад бодлогын голч мэдээлэл, тайлбарламжууд нэн шаардлагатай. Та харин өөрийн нэвтрүүлэгтээ агуулгын хувьд ямар чиг шугам баримталдаг вэ?
-Аль болох Оросын ч, барууны ч хэвлэл мэдээллийг зэрэг зэрэг “шүүрдэж”, харьцуулан агуулгаа бэлтгэдэг. Мөн аль болох түүх ярихыг чухалчилдаг. Би түүхэд хоёр үнэн байдаггүй гэж боддог. Нөгөө талаас, ирээдүйд бас түүхийн сургааль болж үлдэх талыг нь бодож, хийдэг юм.
Харин “Гео-Аялал” нэвтрүүлэг цаг үеэ дагасан мэдээ мэдээллүүд, фактуудыг голчилно. Иймд нэг тал руу хазайж, туйлшрахаас үргэлж зайлсхийдэг.
- Украины дайн бол Владимир Путиний хийсэн том алдаа гэж хардаг-
-Украинаас дөнгөж ирээд буй өдөр нь бид уулзаж таарлаа. ОХУ, Украин руу дайрснаас хойш нэг мэдэхэд хоёр жил өнгөрчихсөн байна. Нүдээр үзэж, танилцахад тэнд байдал өнөөдөр ямар байна вэ?
-Тийм ээ, хэдхэн хоногийн дараа Украины дайн эхэлсний хоёр жил боллоо.
Намайг АНУ-д байхад дайн эхэлсэн. Өмнө нь энэ талаар мэдээ, мэдээллүүд дуулдаж байсан ч, оросуудыг дайрчихгүй байх гэж найдаж байв. Дотроо “Их гүрэн Украиныг айлгах бодлого л баримталж буй болов уу” гэсэн бодолтой байлаа. Харин өнөөдөр, Украины дайн бол Владимир Путиний хийсэн том алдаа гэж хардаг.
40 сая хүнтэй Украин руу 140-өөд сая хүнтэй ОХУ дайрна гэдэг үнэхээрийн том зориг л доо. “Орос хүчтэй, зэр зэвсгээр дэлхийд агуу. Хэнд ч дийлдэшгүй” гэсэн пропаганда ч хүчтэй явж ирсэн. Түүндээ Оросууд өөрсдөө ч бас эрдсэн байх.
Хоёр жилийн дотор хоёр тал их хэмжээний хохирол амслаа. Бид өнөөдөр 21-р зуунд амьдарч байна. 21-р зуунд элдэв түрэмгийлэл, дайн дажин хийх, нөгөө талаар буфер улсын онолыг ярьж, хэрэгжүүлэхийг хичээнэ гэдэг утгагүй. Оросуудын өөртөө дэндүү илтгэлтэй байдал ийм байдалд хүргэлээ гэж боддог.
Украинд өөрийн биеэр очиж үзэх маш их хүсэл байсан. Тэр утгаар боломж олдсон дээр очиж нэвтрүүлэг хийлээ, ард иргэдтэй нь гудамжинд ч ярилцаж үзлээ. Дасна гэж хэлэх муухай байх, гэхдээ Украины ард түмэн өдөр шөнөгүй л дэлбэрэлт, түгшүүрийн дохион дор амьдарсаар дасаа юу даа гэж санагдсан. Түгшүүр дуугарах үед тэд яарч сандрахгүй байна.
Мөн Украинчууд өөрсдийн батлан хамгаалах албанд маш их итгэлтэй болж гэсэн дүгнэлтэд хүрсэн. Оросоос хэдэн онгоц, хаашаа хөөрч буйг шууд мэдэж, мэдээлдэг систем хэрэгжиж байна. Эдийн засгийн хувьд харин Украин хүнд байх шиг санагдсан. Нөгөө талаар, ард түмэн нь батлан хамгаалах албандаа их тусалж байна. Би нэлээд хэдэн хандивын үйл ажиллагаа явуулдаг газраар орж уулзсан. Украинчууд жил бүр цалингийнхаа тодорхой хэмжээний дүнг батлан хамгаалах албандаа хандивладаг юм байна. Тэд нэгдэж чаджээ.
Мөн нэг ажигласан зүйл бол, Украинчууд оросоор ярих их сонирхолгүй байна. Ойлгож байгаа боловч ярихгүй байна. Намайг оросоор асуухад англиар хариулаад явчхаж байгаа юм. Тусгаар үндэстний хувьд аль болох эх хэлээрээ ярихыг эрхэмлэж буй. Аа, Орос Украин хэлний ялгаа бол их байна. 30 хувийг нь л Орос хэлээр багцаалдан ойлгох боломжтой санагдсан. Ер нь бол хоёр өөр хэл байна билээ.
Ташрамд, дайны байдалд байгаа болохоор хэвлэл мэдээллийн байгууллага ажиллахад их хяналттай, амаргүй юм билээ шүү. Заавал зөвшөөрөл авна, зөвшөөрлийг хэн өгсөн, яаж авсан гэдгийг шалгаж шалгаадаг. Мөн хамаагүй зураг, бичлэг хийж болохгүй. Пуужин цохилт өгөөд байшин сүйрвэл түүний дүрсийг буулгах хориотой байх жишээтэй.
Надад олон улсын сэтгүүлчийн үнэмлэх бий тул түүгээрээ хяналт, шалгалтуудыг давж байсан. Ард иргэд нь ч камер барьсан хүнд болгоомжтой хандаж байна билээ.
-Та олон улсын сэтгүүлчийн үнэмлэхээ хаанаас авч байв?
-Би 2007 онд АНУ-ын Төрийн департаментын Олон улсын хэвлэл мэдээллийн албанд очиж, зөвшөөрлөө авсан. Тэнд Ази тивийг хариуцсан хэлтэс бий. Энэ шугамаар олон улсын сэтгүүлчийн үнэмлэхээ авч байсан. Гурван жилд нэг удаа сунгадаг үнэмлэх юм.
-Бөмбөгдөлтөд өртсөн хот, барилга байгууламжуудаа боломжийн хэрээр сэргээн засварласан байна гэж та бичсэн байна лээ?
-Дайн бол үнэхээр айхтар эд юм байна. Засаж янзалсан байна, гэхдээ ул мөр илтэд харагдана. Вокзална гудамжийг хэвлэл мэдээллийнхэн ирж, сурвалжлах их дуртай л даа. Энэ гудамжийг улсаас мөнгө гарган, зориуд засаж янзалсан байна. Түрүү жил Оросууд Украиныг эрчим хүчээр тастах гэж оролдсон. Киев хотын ойролцоох цахилгаан станцыг бөмбөгдсөн. Түүнийг бол янзлаагүй байх жишээтэй. Стратегийн объект тул дахин бөмбөгдөж магадгүй хэмээн болгоомжилж байгаа байх.
Нэвтрүүлэгтээ аль болох дайны өмнөх ба дараах дүр зураглалуудыг харьцуулсан агуулга шингээх гэж хичээсэн л дээ.
-Дайн хоёр жил үргэлжилчихээр одоо цаашид ер хэрхэх вэ гэдэг асуулт анхаарал татах боллоо. Хоёр орны удирдагчийн хэнийг ч түрүүлж буулт хийнэ гэж хүлээхгүй байна.
-Энэ их сонин асуулт л даа. Володимир Зеленьский бол Владимир Путинтэй хэзээ ч гэрээ, хэлэлцээр хийхгүй гэж хууль хүртэл баталсан. Путин болохоор “Украинчууд өөрсдөө надтай хэлэлцээр хийхгүй гээд хуульчилчихлаа, хөдөлж болохгүй байна” гэж тайлбарладаг.
Ер нь Оросууд анх энэ дайныг ийм удаан үргэлжилнэ гэж санаагүй. Киевийг гурав хоногийн дотор л эзэлнэ гэж тооцсон. Тухайн үед хуваарь хүртэл гаргачихсан байсан. Бараг л оройдоо Киевийн стадионд тоглолт болно, шөнө ялалтын буудлага хийнэ гэх мэтээр. Гэтэл хоёр жил болчихлоо.
Оросууд эзэлж авсан газар нутагтаа маш сайн хамгаалалт босгосон тул Украины талаас довтлоход хүнд байна. АНУ-ын тусламжийн мөнгө Конгрессоор хэлэлцэж чадахгүй гацчихлаа. Зэр зэвсгийн дутмаг байдалд орж байна.
Ямарваа дайн гэрээ, хэлэлцээрээр дуусдаг. Ард түмнээс нь асуухад бол алдсан газар бүхнээ буцаан авч байж гэрээ, хэлэлцээрт орно гэсэн хатуу байр суурьтай байгаа нь харагдсан. Крым, Донбассыг хүртэл. Иймд Зеленьский хэлэлцээрт орохгүй. Путин өнөөдөр ийм хохиролтой дайн эхлүүлчхээд бас бууж өгөхгүй.
Мөн энэ дайныг удаан үргэлжлээсэй гэсэн бодол барууны талд байж болно. Удаан үргэлжлэх хэрээр ОХУ туйлдаж байна. Тэд эдийн засгийн хоригт ороод хоёр жил болчихлоо. “Даван туулж чадаж байна” гэж мэдээлж байгаа ч рублийн ханшийг харахад л бодит байдал ойлгомжтой. 1979 онд ОХУ Афганистан руу дайраад мөн хоригт орсон байдаг. 10 жилийн дотор ямар байдалд хүрч доройтлоо.
Барууныхан зэр зэвсгийг ихээр биш бага багаар өгөөд байгаа нь ОХУ-ыг аажим хүчгүйдүүлэх политик байж болно. Нөгөө талаар АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ арваннэгдүгээр сард болно. Жо Байден энэ дайныг зогсоож чадвал сонгуульд ялах нь гарцаагүй. Дайн яаж зогсохыг хэлж мэдэхгүй. Ямартай ч хоёр тал хэцүү байдалд байна.
-Владимир Путин саяхан барууны хэвлэлд ярилцлага өглөө. Ямар ч геополитикийн бодлого газар нутгаа хамгаалах бөгөөд тэлэхэд оршдог гэсэн онол бий. ОХУ-ын үндэсний ашиг сонирхолтой уялдаж буй тул эдгээр үйлдлийг нь зөвтгөх өнцөг ч дуулддаг. Өнөөдөр барууны ертөнц хүчтэй байгаа учраас бас энэ талаас нь, онолын үүднээс тайлбарлах яриа дутсаар ирсэн шиг санагддаг.
-ОХУ бол ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улсуудыг хараа, хяналтаас гаргах дургүй. Энэ бол яах ч аргагүй тэдний геополитикийн үндсэн нэг хэсэг. Гэхдээ ОХУ дэлхийн эдийн засагт том тоглогч байсан бол өөр хэрэг. Оросыг дагаад ашиг хүртэх нь, хөгжих нь бага байлаа шүү дээ. Украин ч, Гүрж ч, ялгаагүй. ОХУ үнэндээ дэлхийн эдийн засгийн 1.5 хувийг эзэлдэг, их бага. Ийм улсыг дагаж, цэрэг армиас нь айгаад яваад байна гэдэг хэцүү. Иймд бүгд л өөрсдийн ард иргэдийг сайхан амьдруулахын тулд баруунтай харилцах болдог. Харин үүнд нь Оросууд дургүй.
Манайд ч мөн нөлөө нь орж ирдэг шүү дээ. Том том бүтээн байгуулалтыг зогсоодог. Сүүлийн 30 жил яг ингэж явж ирсэн. Тэгэхээр хэн ч өөрсдийн замаар хөгжихийг бодно. Украинд хөрөнгө оруулалт хийх гэж барууны компаниуд 1990-ээд оноос хойш хөөцөлдсөн. ОХУ-ын нөлөөгөөр дандаа зогсож байсан. Газар зүйн том хагарал дээр Украин оршиж байгаа нь мөн төвөгтэй л дөө.
Владимир Путиний АНУ-ын сэтгүүлчид өгсөн ярилцлагыг гүйцэд үзэж амжаагүй, Украинд байсан болохоор. Сэтгүүлч нь бол Трампыг дэмждэг хүн. Fox News-д ажиллаж байгаад гарсан, одоо хувиараа ажиллаж буй нэгэн. Яагаад телевизэд биш, хувь сэтгүүлчид, тэр дундаа Трампыг болон Оросыг дэмждэг хүнийг сонгож ярилцлага өгөв гэдэг бодох асуудал.
Тэр “Украин бол бидний өвөг дээдсийн газар нутаг. Ер нь Украинчууд гэж байгаагүй” гэх мэтээр ярьсан харагдана. Гэхдээ Украинчууд үүнийг өөрөөр тайлбарладаг. Оросын өвөг болох Киевийн русь гэдэг бол бараг биднээс эхлэлтэй гэж ярьдаг. Түүх яривал төгсгөлгүй маргаан. Гэхдээ нэгэнт болоод өнгөрсөн, шийдэгдсэн асуудлыг өнөөдөр гаргаж тавих утгагүй л дээ. Олон зууны өмнөх асуудлыг сөхөж тавибал бид ч том ярьж чадна. Угтаа дэлхийн түүхэд газар нутаг шилжсэн тохиолдол маш олон. Ер нь дайны шалтгааныг түүхээр тайлбарлах нь өөрөө учир дутагдалтай. Манай монголчууд хүртэл бараг дэлхийн талыг эзэлж явсан. Хаа байсан Унгар, түүнээс цааш очсон. Тэр бүгдээ өнөөдөр яриад байвал утгагүй шүү дээ.
-Ер нь олон улсын түүхэн харилцаа өнөөгийн гадаад бодлогод ямар хэмжээний суурь болж явдаг вэ?
-Улс бүхэн өөрийн түүхээ бичдэг. Зарим түүх хэн бичсэнээс шалтгаалж өөр болж хувирдаг. Тэгэхээр түүхийн маргаан эцэс төгсгөлгүй шинжтэй.
ОХУ-ын сүүлийн үеийн пропагандад л гэхэд Казахстан гэж ард түмэн байгаагүй, хиймлээр бий болгосон гэдэг асуудал сонсогдож байна. Ийм л маргаантай ойлголтуудаас үүдэж дайн их гардаг л даа.
Европын улс орнууд бол дэлхийн 2-р дайны дараа яг энэ асуудлаар ойлголцож, ард нь гарсан. Газар нутгийн болоод түүхийн маргаангүй болж, хамтын ажиллагаагаа эхлүүлчихсэн. Гэтэл ОХУ хажуу, хавиргын орнуудтайгаа газар нутгийн маргаан хийсээр л байна. Карель гэхэд үндсэндээ Финляндын газар нутаг байсан байх жишээтэй. Финляндууд тэгэхээр “Манайх байсан” гэж ОХУ-тай маргаж болно. Гэхдээ одоо 21-р зуунд түүхээр маргах биш ойлголцох, аль болох хамтын ажиллагаагаа өрнүүлж, энхийн замаар замнах хэрэгтэй байгаа юм.

-Ц.Элбэгдоржийн жиргээг та юу гэж харсан бэ. Бидний хүчирхэг байх үеийн газрыг зургийг гаргаж тавьсан. Өнөөдрийн нөхцөл байдалд бол ОХУ-тай өөрсдийгөө эсрэгцүүлж тавих нь учир дутагдалтай юм шиг. Нөгөө талаас эх оронч, ардчилсан жиргээ харагдсан. Японы хэвлэл өлгөж аваад мэдээлж байна. Оросуудын уурыг үүгээрээ хүргэх вий гэж санаа зовсон нь ч байлаа?
-Би хувь хүний жиргээ л гэж бодож байгаа. Ерөнхийлөгч асан гэдэг статусаар нь Японы болон барууны хэвлэл онцолж байна. Украины нэг хэвлэл бүр “Монгол Улсын Ерөнхийлөгч” гэчихсэн байна лээ. Ерөнхийдөө “Бид ийм газар нутагтай байсан мөртлөө өнөөдөр дайн хийж, маргаан үүсгэдэггүй ш дээ” гэсэн санаатай. Гэхдээ чиний хэлдгээр, өнөөдөр бид өөрсдөө хэцүүхэн байна. Оросоос гэхэд бүрэн шахуу хараат. Тог таслахад л хэцүү болж байна.
Тусгаар тогтносон, ардчилсан улсын иргэн ямар ч бодолтой байж болно. Би ч гэсэн өнөөдөр нэвтрүүлэг хийгээд, Орос, Украины асуудалд байр сууриа илэрхийлээд л явж байна. Энэ л бидний ардчилсан улсад амьдарч буйн эрх чөлөө юм даа.
-ОХУ-ын ЭСЯ-наас мөн Х.Чойбалсангийн хөшөөнд цэцэг өргөсөн шүү дээ. Үүнийг бас “Сануулга” гэцгээсэн?
-Тэдний хувьд ямар нэгэн тэмдэглэлт өдрийг сонгон авч, мессеж өгдөг асуудал бий нь бий. Тэр үед би гадаадад явж байсан болохоор сошиалаас харж, Баабар гуайн жиргээр олж уншсан төдий байна.
-Улс орнууд өөрсдийгөө хамгаалахын тулд гуравдагч хөршийн томоохон компаниудыг албаар оруулж ирдэг-
-Түүний өмнөхөн нь манайд ХБНГУ-ын ерөнхийлөгч айлчилсан. Дэлхийн дөрөв дэх том эдийн засагтай улс, их 20-ийн гишүүн орны ерөнхийлөгч ирсэн нь ОХУ-ын зүгээс манай улстай харилцах харилцаанд нөлөөлөх боломжтой юу?
-Яг тэр өдөр би Монголд байсан шүү. Тог тасарсан. Санаандгүй ч байж болно л доо. Гэхдээ би бол санаатайгаар таслав уу л гэж харсан. Зун Ерөнхий сайд Илон Масктай холбогдож, “Старлинк”-ийг Монголд оруулж ирэх асуудал ярих үед мөн тасалж байсан. Энэ мэтчилэн, Оросууд бидэнд тодорхой хэмжээнд сануулга өгөөд явдаг нь үнэн. Биднийг эрчим хүч, шатах тослох материалаар л барьдаг.
Өдий хүртэл бид тавдугаар цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэрээ барьж чадсангүй. Үүнд үргэлж гаднын нөлөө орсон гэж би хардаг. Энэ бүхнийг зогсоодог бүлэг бий гэж боддог. Манайд гэлтгүй, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад оронд өнгө ижил.
Манайх өндөр хөгжөөд ирвэл ОХУ-д их муу. Буриадууд гэхэд л “Зэргэлдээх Монголчууд ингэж хөгжиж байхад бид энд байх ямар хэрэг байна” гэж бодно. Ийм хагарал үүсгэхгүйн тулд хөгжихгүй л, боож л байвал сайн гэдэг бичигдээгүй хууль явж ирсэн.
2011-2012 онд Монголын эдийн засаг үлэмж өссөн. Дэлхийн улс орон бүр гайхаж, хөрөнгө оруулалт бараг л цутгасан. Манайд буриад багш нар их ажиллаж байлаа. Тэд “Монголд ажиллаад ийм цалин авч байна. Энэ нь тэдэн ам.доллар. Хангалуун амьдарч байна” гээд л ярилцлага өгцгөөсөн. Түүний дараахан ОХУ-аас олон сэтгүүлч ирсэн. Ингээд “Монгол бодит байдал дээрээ муу байна” гэсэн нэвтрүүлэг бэлтгэж цацсан л даа. 2013 онд В.Путин Монголд айлчлаад л, энэ агуулгад анхаарлаа хандуулж эхэлсэн гэж би хардаг. Намайг шүүмжлэх хүн олон гарч ирэх байх. Хөрш зэргэлдээ орон ОХУ-аас хүчтэй байх ёсгүй гэдэг бодлого бол бий.
-Одоо урд хөршөө ярья. БНХАУ-ын зүгээс тийм өнгө аяс маягийн бодлого хэр хүчтэй орж ирдэг вэ. Бид чинь дийлэнхдээ оросуудад дуртай, хятадуудад дургүй ард түмэн юм биш үү?
-“Хужаа” гэж яриад л сурчихсан юм биш үү. Энэ нь дургүй гэж харагддаг байх. БНХАУ-ын хувьд, биднийг эдийн засгийн хувьд л хараат байлгадаг. Бүх худалдаа БНХАУ-аар дамжин хийгдэж байна. БНХАУ-тай хийсэн нүүрсний худалдаа бидний эдийн засгийг тэжээж байна. ОХУ-тай бол бид дандаа алдагдалтай худалдаа хийдэг. Баланс нь хасах явдаг. Биднээс тэд юу ч явдаггүй. Харин эсрэгээрээ өндөр татвар тавьдаг. Харин хятадуудтай бид өөрсдөө эдийн засгийн хараат байдалд яах ч аргагүй орчихсон болохоос, манай талд чөлөөтэй ханддаг. 2-3 боомтоо нээлттэй болгож өглөө. Хөгж, хамтраад урагшил, гэхдээ хараанд бол байхаас аргагүй гэдэг үүднээс ханддаг харагддаг. Үүнийг ОХУ-тай харьцуулахад арай нээлттэй хандлага уу гэж боддог. Сая бензин тасалдахад БНХАУ өөрсдөө импортлогч улс мөртлөө бидэнд илүүчилсэн шүү. Боломж бололцоогоороо тусалдаг, нээлттэй ханддаг гэж боддог.
БНХАУ гэсэн ярианы далимд хэлэхэд, тэд 1979 онд Вьетнам руу дайрсан. 28 хоног их тулаан болсон. Тухайн үеийн БНХАУ-ын удирдагч Вашингтонд гурван өдрийн айлчлал хийж ирээд л Вьетнам руу дайрсан. Үүнийг, энэ дайнд АНУ-тай тохиролцож чадсан юм байна гэж ойлгоцгоосон. Тэгж ойлгуулж чадсан, овжин. Үндсэндээ тийм байгаагүй. Дэн Сяопин заль гаргасан. Оросуудыг дайнд оролцуулахгүй тулд. 28 хоног дайтаад тэд буцсан. Оросууд ч гэсэн уг нь, тухайн үед 36 хоног Киевийг эзлэх гэж оролдоод больсон бол зөв байх байв. Агуу гүрний удирдагч маш том хариуцлага үүрдэг. Нүүрээ улайлгаад ч хамаагүй зарим шийдвэрийг гаргах ёстой.
Намайг Оросыг дэндүү их мууллаа гэдэг. Би гэтэл өөрөө орос сургууль төгссөн. Оросуудтай багаасаа өссөн. Би элэгтэй. Гэтэл Владимир Путин гэж хүний буруу бодлогоос, өөрийгөө агуу удирдагч гэж харуулах гэсэн үйлдлүүдээс нь болж энэ ард түмэн сүүлийн 24 жил хүнд байдалд байна. Би Путинийг 2008 он хүртэл их дэмжиж байлаа. Одоо дөрвөн жилийн эрх мэдлийг зургаа болгоод, дахин дахин сонгогдож байгааг хараад харамсаж буй. Пропаганда бол сайн явж байгаа. Яг ард түмнээс нь асуувал хэцүү.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Борис Надеждин дахин нэр дэвших эрхээ хасуулчихлаа. Түүнийг дэмжихэд оросууд бэлэн байсан. Залуус голчлон дэмжиж байв. Тэр ганц л үг хэлсэн. “Би Ерөнхийлөгч болсон эхний өдрөө дайныг зогсоох ажиллагааг эхлүүлнэ” гэж. Оросын ард түмэн энх тайвныг хүсэж байгаа. Гэтэл өнөөдөр ОХУ-ын эдийн засаг сүйрч, ажилгүйдэл газар авч байна.
Түрүүчийн долоо хоногт “Дайныг дайн гэж хэлсэн”, “Эсвэл дайнд явахгүй гэсэн” хүмүүсийн, тэдний гэр бүлийн эд хөрөнгийг хураах хууль баталж, В.Путин гарыг үсэг зурчихлаа. Энэ бол иргэнийхээ эрх чөлөөнд халдаж буй асуудал. Сүүлийн 10 жил ОХУ-д ардчилал бага багаар үгүйрч, тус хуулиар эцсийн цэгийг хатгачихлаа л даа.

-Одоо гуравдагч хөршийн талаар нэг асуулт. Чөлөөтэй, эрх чөлөөт үзэл суртлаараа ялгаатай ч их гүрний колоничлолын бодлогын үүднээсээ, АНУ-ыг 1990 оноос хойш ердөө ЗХУ-ын оронд л гараад суучихсан гэх нь бий. Ардчилал түгээх нэрээр дайн хийдэг, бусад улсын дотоод хэрэгт оролцдог, үндэсний дархлааг сулруулах бодлого барьдаг гэж шүүмжилж байна. АНУ дотроо бас хагаралтай байна. Жо Байденыг цэвэр зүүний хүн гэх. Одоо АНУ-ыг жинхэнэ зүүний бодлоготон болчихлоо гэж ярьж, бичиж байна.
-Монголд АНУ-ын том хөрөнгө оруулалт гэж бий бил үү. Байдаггүй. Хийх гэж оролдсон. Таван толгой дээр АНУ-ын компани орж ирэх гээд дийлээгүй. “Вагнер Ази” байж байгаад сүүлд хөрөнгөө зараад гараад явчихлаа.
Гэтэл улс орнууд өөрсдийгөө хамгаалахын тулд гуравдагч хөршийн томоохон компаниудыг албаар оруулж ирдэг. Казахстан бол хөрөнгө оруулалтын салбартаа гадаадын улс орнуудыг аль болох тэнцвэртэй оруулж ирэхийг зорьдог. Ямар нэг асуудал үүсвэл, мэдээж тухайн улс хөрөнгө оруулалтаа хамгаална. Геополитикийн тоглолт явж буй. Манайханд тийм бодлого ажиглагддаггүй. Үүгээрээ АНУ-ыг оруулж ир гэж байгаа юм биш.
Ливи, Иран, Иракийн дайнд АНУ-ыг буруутгах нь элбэг. Гэхдээ Оросууд эхэлж хөдөлсөн байдаг шүү дээ. Яг л Украины ижил хэлбэр явсан. Хуучин бол хоёр туйлт ертөнц байлаа. Зөвлөлт, АНУ гэж. БНХАУ тэр үед байсангүй. Өнөөдөр Орос гэж туйл ерөнхийдөө арилчих гээд байгаа тул 2007 он хүртэл өөрсдийгөө хүчирхэгжүүлж, хүчээ нөөсөн. Боломжийн ч болж ирсэн. Даанч ингээд 2007 оноос “Бид эргээд геополитикийн тоглолтоо эхлүүлнэ” гэж зарласан. Ингээд юу хийсэн гэхээр Сири лүү цэргээ оруулсан.
Гуравдагч хөршүүд миний бодлоор дэлхий дээр дайн дажин гаргахгүйн тулд тоглолт хийдэг. АНУ-ыг дэлхийн “цагдаа” гэдэг. Тэд энхийн замаар гэрээ, хэлэлцээр хийхийг зорьдоггүй байсан бол дэлхий дээр бүр олон дайн гарч, хурцадмал байдлаар дуусах байсан байх. Би АНУ-ын хамгийн муу гадаад бодлого явуулсан ерөнхийлөгчийг Барак Обама гэж боддог. Дотоод асуудлаа маш сайн шийдэж чадсан. Харин гадаад бодлого муу явуулсан. Украины асуудал Обамагийн үед л эхэлсэн. Мэдэж байсан мөртлөө Крымийн асуудалд хөдлөөгүй. Ер нь АНУ хатуу байр суурь илэрхийлбэл дайн гарахгүй байх магадлал өндөр харагддаг.
Ураны асуудалд Францын компани 1990-ээд оноос хойш ажилласан юм билээ. Уран бол асар том бизнес. Гэтэл яг хамар доорх Монголд ураны ордыг Францад алдъя гэж бодохгүй, манай хойд хөрш. Ийм болохоор хоёр толгойтой мал төрлөө гэх мэтийн пропаганда явуулж ирсэн.
-Бид хоёр хөршөө, гуравдагч хөршөө ч ярилаа. Та 1990-ээд оноос хойш “Хөгжлийн гарц” гэсэн нэвтрүүлэг бэлтгэж ирсний хувьд, манай хөгжлийн гарцыг гадаад бодлоготой уялдуулан хэрхэн хардаг вэ?
-Аль алинтай нь эн тэнцүү ажиллаж байж урагшилна. Оросоо ч, Хятадаа ч, гуравдагч хөршөө ч гомдоохгүй явах ёстой. Энэ өөрөө маш хэцүү. Францтай гэрээ хэлэлцээр хийхэд л Оросууд уурлана. Хүрч ирээд дарга нарт лекц уншаад яваад өгдөг. Иймд яах ч аргагүй их зөөлөн бөгөөд зөв бодлого явуулах шаардлагатай асуудал юм. Манай ГХЯ дээр үеэсээ их сайн ажилласан. Өнөөдөр тусгаар тогтносон улсад амьдарч буй нь ГХЯ сайн бодлого баримталж, мэдрэмжтэй ажиллаж ирснийх.
Хоёр агуу гүрний дунд байгаа улс их зөв бодлого баримтлах ёстой. Ер нь хоёр тоталитар маягийн дэглэмтэй улсын дунд амьдарч байна шүү дээ. Мөртлөө бид өнөөдөр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байна. Сошиалд дуртай юмаа бичиж байна. Энэ л ардчиллаа хамгаалахгүй бол их эмзэг. ОХУ-ыг хар л даа. Бага багаар хумьсаар энэ хэмжээнд хүрчихлээ. Иймд ардчилал гэдэг үнэт зүйлээ л цааш нандигнан авч явах хэрэгтэй. Үүнд гуравдагч хөршийн туслалцаа дэмжлэг их хэрэгтэй. Их сайхан ардчилсан улсад амьдарч байгаа учраас энэ ярилцлагыг та бүхэнд өгөөд сууж байна.
М.ТЭНГИС, Э.ҮҮРИЙНЦОЛМОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
таны хийсэн ажилууд сайн бүтээлүүд.харин энэ сайт шар мэдээний бичвэр муутай сайт.
Энэ хүний ярьж байгааг ойлгох хүн байгаа болов уу.Оросыг учир зүггүй муулчихаад хятадыг магтмаар аядаад тэгсэнээ хоер ХӨРШТЭЙГЭЭ найрсаг харьцаатай байхын зэрэгцээ гуравдахь ХӨРШТЭЙГЭЭ гээд холион бантан хутгаж д�##�дагнаж өгчээ . Тэгсэн ээ АНУ олон орон улсад дайрч дотоод хэрэгт 5ь оролцож одоо ч хүртэл бөмбөгдсөөр байгааг хамгийн зөв шийдвэр байсан гээд тууж өгчээ.Үүнийг л тархиа уга�##�гасан гэхгүй юм бол юу г тархиа уга�##�гасан гэх юм .
'ПУТИН МУТИН ГЭЖ ХАА ХАМААГҮЙ ЮМ ЯРЬЖ ЯВСНААС С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН ТАЛААР ИЛЧИЛСНЭЭСЭЭ БОЛЖ АЛУУЛАХ ДӨХӨӨД ЗУГТСНАА, ЭЛБЭГДОРЖ ХААНА ЯАЖ ЮУ ЯРЬЖ БАЙСНЫГ ГЭРЧИЛЖ ЯРЬСНАА БАТАЛЖ НОТОЛЖ БАЙСАН НЬ НИЙГЭМД ХЭРЭГТЭЙ БАЙХ ШҮҮ
Нэг т�##�ыг барьдаггүй гэж гоё баг зүүж нөгөө т�##�ын санхүүжилтээ нуув уу?
Батбаяр гуай та Украйны НЕОФАШИСТУУДЫН тухай , тэдний ярг�##��##� оросуудыг орос хэлтэй хүмүүсийг ярг�##�ж �##�ж хядаж байсаныг яагаад ярихгүй гүлдийгээд байна. Та бол орос монголын харилцаанд ан цав гаргах гэсэн хөлсний бичээч байна .
НӨГӨӨ С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ТУХАЙ ЯРЬДАГ, ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ХОЛБООТОЙ ГЭДЭГ ЯАСААН???
Оросын боолууд монголоор дүүрэн. Зодуулсаар байгаад бүүр дуртай болчихсон эзэнээ хүлээгэээд...
энэ новшийн сайт шүү
Зөв л ярьсан байна. Үхсэндээ уурладаг байна энэ хулгайчууд
Битгий ОХУ тай зүйрлэ
Манай улс төвийг сахиж байгаа. Битгий ард түмнүүдийг хаг�##�ан бутаргах үг хэллэг нийтэлж бай.
Маш зөв, уха�##�аг яриа өгчээ. Монголчуудын олонх ойлгох нь юу л бол. ГХСайд байв�##� мундаг таарах хүн бна
худлаа яриад л байдаг гэж, чадвартай сэтгүүлч гэж хэлэх боломжгүй уран сайханч
2 туулай хөөсөн анчин хоосон л хоцордог юм. Хөгжил болоод эдийн засаг нь сул дорой хийрхэлээр амьсг�##�сан иргэдтэй,хоосон попдолоор хоололсон ухаан нь маруухан эрхэмүүдтэй 3,4 саяхан хүн амтай бид олон туйлт бодлог гэж хийрхэх хэрэг байна уу? Украйн шиг л болох гээгүй юм бол Зүгээр л төвийг сахиад жимбийтэл амаа хамхиад сууж байв�##� өлзийтэй биш үү?
Зөв, бодитой дүгнэлтүүд хийжээ.