Япон ирэх 5 жилд гаднаас 800 мянган мэргэжлийн ажилтан авна

Японд төрөлт буурсантай холбогдон ажиллах насны хүмүүсийн тоо тогтмол буурсаар байгаа. Тодруулбал “East Asia Forum”-д мэдээлснээр хүн ам дахь ажиллах хүчний эзлэх хувь 2000 онд 68.1 хувь байсан бол 2022 онд 59.4 хувь болж буурчээ.
Тэгвэл Японы засгийн газар ирэх 5 жилд гадаадын орнуудаас 800 мянган мэргэжлийн ажилтан авна гэж нэгэн эх сурвалж “Kyodo News” агентлагт хэлсэн байна.
Тус улсын засгийн газар ажиллах хүчний хомстолтой тэмцэхийн тулд ажлын визний төрөлд зам тээвэр, төмөр зам, ойн аж ахуй, модны үйлдвэрлэлийг нэмэх талаар хэлэлцэж эхэлжээ.
Японд ойролцоогоор 2 сая гаруй гаднын ажилтан бий. Өнгөрсөн жилийн арван нэгдүгээр сарын байдлаар 200 мянга орчим хүн тусгайлан мэргэшсэн ажилтан №1 гэсэн тодорхойлолттой Япон оршин сууж байгаа аж. Барилга байгууламж, хөдөө аж ахуй гэх мэт 12 салбарт харьяалагдах ажилчид №1 тодорхойлолттой байдаг. Хуулийн дагуу тэдгээр ажилчид тав хүртэлх жил Японд хөдөлмөр хийж болдог юм.
Харин №2 тодорхойлолттой, гэр бүлийн гишүүдээ татаж мөн визний хугацаагаа хүссэн тоогоор сунгаж болдог ажилтан Японд 29 ширхэг л амьдарч байна. Японы засгийн газар ажлын визний төрөл нэмэхээр хэлэлцэж буй зам тээвэр, төмөр зам, ойн аж ахуй, модны үйлдвэрлэлийн салбарт ирэх таван жилд 34 мянган шинэ ажилтан авах төлөвтэй гэж эх сурвалжууд мэдээлжээ.
Эх сурвалж: Kyodo News, East Asia Forum
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.