Top StoriesНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Сурагчдаасаа шинжилгээ авч, дутагдалтай амин дэмийг нь үдийн хоолоороо нөхдөг 132-р сургууль

Баянзүрх дүүргийн 132-р сургуульд тус дүүргийн XXVII хороо Дунд дарь эхийн 1-34 дүгээр гудамжны оршин суугч хүүхдүүд хамрагддаг. Боловсролын үйлчилгээг иргэдэд ойртуулах, түгжрэлд оролцоогүй зорилгоор тус бага сургууль 2016 онд байгуулагдсан бөгөөд 6-10 насны 357 сурагчтай үйл ажиллагаа явуулж байна.

Уг сургуулийг онцлон зорьсны учир нь эднийх сурагчдаасаа шинжилгээ авч дутагдалтай амин дэм, эрдэс бодисыг үдийн хоол хөтөлбөрөөр дамжуулан нөхөхөөр чармайн ажилладаг.

Чармайн гэж тодотгосны учир нэг хүүхдэд ногдож, төсөвлөгддөг 1500 төгрөгөөр сард нэг ч хоол давтагдахгүйгээр сэт меню гаргаж сурагчдадаа өгч байгаа юм.

Тодруулбал, "Жайка" ОУБ нь Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэстэй төвтэй хамтран санамсаргүй түүврийн аргаар 2, 4-р ангийн нийт 44 суралцагчаас хоол тэжээлийн ерөнхий шинжилгээ авахад сурагчдын 60-70 хувьд нь ясны сийрэгжилт, 80-90 хувьд Д витамины дутагдалтай гарчээ.

Бид сургуулийн холбогдох хүмүүстэй ярилцлаа. Хоол зүйч Ч.Бямбасүрэн, нийгмийн ажилтан А.Энхмаа, ахлах тогооч Б.Аззаяа, багш Я.Тамара нар ингэж ярилаа.

-Хоол зүйч Ч.Бямбасүрэн: Нэг хүүхдэд төсөвлөгддөг 1500 төгрөгөөр сард давхардахгүй иж бүрдэл хоол өгдөг-

-Сурагчдаа шинжилгээнд хамруулж, дутагдалтай амин дэм, эрдэс бодисыг үдийн хоолоор нөхөж ажилладаг сургууль гэдгээр нь онцлон мэдээлэл авахаар ирсэн юм. Өнөөдөр хүүхдүүд ямар хоол идэж байна вэ?

-Манай судалгаа шинжилгээнээс авч үзэхэд Д аминдэмийн дутагдал, ясны сийрэгжилт маш өндөр үзүүлэлттэй гарсан. Цусны шинжилгээ, хоолны судалгаа, биеийн жингийн индекс гурвыг харьцуулж гаргасан дүн л дээ. 2022 оны 9 сараас 2023 оны 2 дугаар сар хүртэл 2, 4 дүгээр ангиудаас түүврийн аргаар тус бүр 22 нийт 44 хүүхэд сонгогдож, тус шинжилгээнд хамрагдсан.

Улмаар манай сургууль ясны сийрэгжилт, Д-гийн дутагдал дээр түлхүү анхаарч, "Жайка" төслийн судлаач, хоол зүйч нар хамтарч иж бүрдэл меню гаргаж, өнгөрсөн 9 дүгээр сараас сурагчдадаа өгч эхэлсэн.

Төсөл эхлэхэд хүүхдүүд сүү цагаан идээ маш бага хэрэглэдэг, мөн ногоонд тийм ч дуртай биш нь ажиглагдсан. Тиймээс ногооны ач тус талаар сургалт орж, видео хичээл бэлтгэсэн. Хоол идэх хугацаа 10 минут байсныг 20 болгож энэ үеэрээ шим тэжээлийн боловсрол олгох видео хичээл үзүүлдэг болсон. Үр дүнд нь тэд ногоо сайн иддэг боллоо. Сүү цагаан идээг долоо хоногийн 3 өдөр өгөхөөр сараар төлөвлөж оруулсан. Тараг, сүү, ээзгий ааруулны шүүс гэх мэт хүүхдүүдэд аль болох кальци өндөртэй бүтгээдэхүүнийг сэт хоолдоо багтаасан.

Бас нэг сайхан мэдээ нь манай сургууль ирэх 4 дүгээр сараас “Сүү” хөтөлбөрт хамрагдаж бүх хүүхдэд өдөр бүр 200 грамм сүү уухаар болж байгаа. Мөн судалгаагаа баталгаажуулаад 4 сард дахин шинжилгээ авна.

-Олон улсын судлаачидтай хамтран зохиосон цэсээ танилцуулахгүй юу?

-Сараар нь гаргадаг. Онцлог нь иж бүрдэл хоол дахин давтагдахгүй. Өөрөөр хэлбэл сурагчид маань өдөр бүр өөр өөр төрлийн иж бүрдэл хоол иддэг. Мөн долоо хоногийн гурван өдөр нь цагаан хоолтой. Өнөөдөр буюу 3 дугаар сарын 11-нд гэхэд хөц будаатай хуурга, далайн байцаатай шөл, үзэмний шүүс өгнө. Энэ 7 хоногт тараг өгнө. Дараагийн 7 хоногийн гурав дахь өдөр сүүтэй будаа, хярам орно гэх мэтээр явна. Төсвөөс олгодог 1500 төгрөгтөө багтааж хийж байгаа боловч өмнө нь иддэг байсан нэг төрлийн хоолнуудын граммуудыг нь арай багасгаж тэр зардлаараа 2 дугаар хоол, жимс ногоо хачир, уух зүйлтэй нь сэт болгоод өгдөг. Нэг том аягатай хоол өгснөөс амин дэм, эрдэс бодисоо авчхаар олон төрөл болгохоор хүүхдүүдийн хоолны дуршил нь нэмэгдэж байна.

-1500 төгрөгөөр зохицуулах хэцүү юу?

-Хэцүү. Хоолны материал улирлаас шалтгаалаад үнэ нь өөрчлөгдөж байна. Жишээ нь, ойрд ногооны үнэ нэмэгдэж эхэллээ. Өнөөдрийн хөц будаатай хуургыг 940 төгрөг, далайн байцаатай шөлөө 150 төгрөг, үзэмний шүүс 330 төгрөг гээд нийтдээ 1500-1600 төгрөгт багтаасан. Илүү шим тэжээлтэй хоол өгч, дутагдлыг нөхөхөөр ажиллая гэхэд 1500 төгрөг үнэхээр “чанга”.  Цагаан хоолтой өдөр арай бага зардал гарна, тэрийгээ нааш цааш нь зохицуулж л байгаа болохоос төсвөөрөө болоод байна гэж бодоход үнэхээр хэцүү. Багцлаад л хүргэж байна. Төсөв нэмэгдүүлбэл хүүхдүүдээ илүү гоё хооллоно гэж боддог.

-Хоолны материалаа хаанаас авдаг вэ?

-Сургуулиудад нийлүүлдэг байгууллагуудаас ирнэ. Манайх их өндөр шаардлага тавьдаг. Нэг үеэ бодвол ногоо, нарийн ногоо чанартай болж байна. Хүүхдүүддээ ногоон өнгийн болон нарийн ногоо сайн идүүлэх зорилготой. Идэж ч сурч байна. Цаашдаа дайвар бүтээгдэхүүн хоолондоо оруулна. Элэг төмөр, гүзээ л гэхэд цайр ихтэй. Долоо хоногт ядаж нэг удаа өгнө. Гоё боловсруулаад хийнэ, давхар сургалтаа өгөөд эхлэхээр хүүхдүүд маань дуртай идэх байх. Нэмж хэлэхэд, эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэндийг бага наснаас нь анхаарах хэрэгтэй. Үүний эхлэл нь хоол хүнсэнд анхаарч, өдөрт авах хэрэгцээтэй амин дэм, эрдэс бодисыг хоолоор нь дамжуулж өгөх нь чухал.

Хүүхэд өдөрт хоолоороо 1500-1800 ккал авах ёстой. Үүний 610 ккал-ийг нь үдийн хоолоороо авдаг. Бид 1500 төгрөгтөө захирагдаад өнөөдрийн байдлаар үдийн хоолоор 395-450 ккал өгчих гээд үзээд байгаа юм.

-Нийгмийн ажилтан А.Энхмаа: Дөрөвдүгээр сараас бүх хүүхдэд өдөр бүр 200 грамм сүү өгдөг болно-

-Судалгаа хийх болсон шалтгаан нь юу вэ?

- БШУЯ Жайка ОУБ-тай хамтран Ерөнхий боловсролын суралцагчдыг шим тэжээлээр хангах үдийн хоол хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх хөтөлбөр улс орон даяар хэрэгжсэн. Уг төсөлд манай сургууль сонгогдсон.

"Жайка" манай гал тогоонд 33 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж өгсөн. Үүнийхээ дараа НЭМҮТ-ийн эрдэмтэдтэй хамтран 2, 4-р ангийн сурагчдаас түүврийн аргаар 44 хүүхэд сонгосон. Олон улсад судалгаа шинжилгээ хийхэд баримталдаг сонгодог арга ашигласан. Тухайн хүүхэд тус бүрийг 150 мянган төгрөгийн өртөг бүхий дэлгэрэнгүй шинжилгээ авч эрдэс, амин дэм бүх үзүүлэлт маш нарийн гарсан. Судалгаандаа үндэслээд иж бүрдэл хоолоо гаргасан. Түүврийн судалгаанд сурагчид тэгш хамрагдсан гэж хардаг. Учир нь тэр дотор хоол тэжээлийн дутагдалтай, жингийн илүүдэлтэй, хэвийн гэх мэт хүүхдүүд байсан.

-1500 төгрөгөөр хүүхдүүдээ ингэж хооллож байгаа нь сайшаалтай юм. Бусад сургуулиуд ч гэсэн эндээс үлгэр дуурайл авна байх хэмээн найдаж байна?

-1500 төгрөг хүрэлцэхгүй байгаа ч төсөвтөө тохируулаад амин дэм, эрдэс бодис, шим тэжээлтэй хоол өгөхөөр хичээн ажиллаж байна. Иж бүрдэл хоол олгож эхэлснээс хойш эцэг эх, асран хамгаалагч нартаа мэдээлэл тасралтгүй өгч байгаа. Сургуулийн энэ хоол хүүхдийн өдрийн ккал-ийг бүрэн дүүрэн өгч чадахгүй учраас аав ээжүүд гэрт нь энэ мэтээр хооллоорой гэсэн мессэж өгдөг.

Ер нь манай сургууль жил бүрийн хавар Дэлхийн гэр бүлийн өдөр болон хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг өдрийг угтаад "Би сурагч боллоо" нэртэй нээлттэй хаалганы өдөрлөгийг эцэг эх, асран хамгаалагч нарын дунд зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ үеэр сарынхаа хоолны менюг танилцуулж, бүх хоолоо хийж бэлдээд амталгаа явуулдаг. Эндээсээ сэтгэл ханамжийн судалгаа авч, засч залруулах асуудлуудыг анхааралдаа авч ажиллаж ирсэн. Жилээс жилд аав ээж, асран хамгаалагчдын сэтгэл ханамжийн байдал өндөр гарч байгаа.

Их үдийн завсарлага болж, сурагчид үдийн хоолоо идэж байна. Гал тогоондоо ангиуд ээлжээр хооллодог юм байна. Өнөөдөр Я.Тамара багштай 3А анги гал тогоонд хоолоо идэж, бусад нь анги, ангидаа хооллов. Анги бүр жигд өнгийн хормогч, ханцуйвчаар жигдэрчээ. Хоол таваглах сурагч харин улаан малгай, хормогч өмсжээ. Сурагчдын өөдөөс харсан дэлгэцэд тухайн өдрийн хоолны тухай мэдээлэл, ач тусыг тайлбарлажээ. "Тавтай сайхан хооллоорой, тогооч багшдаа баярлалаа" хэмээн цангинуулан хэлж, хүүхдүүд иж бүрдэлээ амтархан идэж байна.

-Сурагч: Ногооны ач тусыг зурагтаар үзээд сайн иддэг болсон-

Хамгийн урд эгнээнд суух бяцхан охиноос сэтгэгдлээ хэлээч гэхэд "Манай багш ногооны ач тус гээд зурагтаараа гаргаад бид нар сайн иддэг болсон. Сүү цагаан идээ сайн идвэл өсөлтийн насанд маш их хэрэг болдог. Нэг аяга ус уухаар эрүүл мэндэд эерэгээр юу юу болдог вэ гээд зөндөө зүйл мэдэж авсан. Хамгийн гоё нь сүү цагаан идээ, жимсний жүүснүүд, алим банан, боорцог, зөөхийтэй, вареньтай талх. Чавга, чацарганы шүүс бүр гоё амттай"

-Сурагч: Брокколи, лууван, сонгино, төмсөнд дуртай-

Намайг Эрхэс гэдэг. Брокколи, лууван, сонгино, төмсөнд дуртай. Манай хоол маш гоё учраас сэтгэл хангалуун байдаг. Сүүтэй будаа, будаатай хуурга, далайн байцаатай шөл гоё амттай. Сүү, чацаргана бас гоё. Бид нарт алим, банан өгдөг. Ногооны ач тусыг зааж өгснөөр манай ангийнхан хоолоо сайн иддэг болсон. Гэртээ очоод аав ээж, эмээ өвөөдөө ямар хоол идсэн тухайгаа ярьдаг.

-Я.Тамара: Иж бүрдэл идэж эхлээд хүүхдүүд маань жин нэмсэн-

Зааланд хооллох ээлжтэй 3А анги. Я.Тамара 42 дахь жилдээ багшилж, 32 дахь ангиа дааж аваад явж байгаа нь энэ аж. Сурагчид багшийнхаа үгэнд маш сайн ордог нь илт. Чимээгүй нам гүмд хооллож байна.

Я.Тамара багш "Манай сургуулийн гал тогоо хүүхдүүддээ иж бүрэн сэт хоол хийж хүүхдүүд амин дэмтэй, тэжээллэг хоолоор үйлчилдэг. Эцэг эхчүүдэд 7 хоногийн нэг дэх өдөр болгон хоолныхоо менюг танилцуулдаг. Хүүхдүүд маань брокколи маш сайн идэж сурсан. Сүү, сүүн бүтээгдэхүүн түлхүү хэрэглэж байгаа. Амин дэмтэй орц баялаг сайн хоол тогтмол цагт идээд эхлэхээр өсөлт нь сайжирсан. Манай ангийнхан хамгийн багадаа 0,5 кг-аар жин нэмсэн. Сайхан байнаа, багш нь" гэж ярилаа.

-Жайкагийн төлөвлөгөөт цэс, хэрэгжиж буй цэсийн дагуу ажиллаж байна-

Ахлах тогооч Б.Аззаяа "Манайх Японы хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмжтэй болсон. Хоолны нэр төрөл олширсон. Сардаа бүү хэл өмнөх сараас ч гэсэн нэг хоёр хоол л энэ сард давтагдана. Жайкагийн урьдчилсан төлөвлөгөөт цэс, хэрэгжиж байгаа цэс гэж хоёр төрлийг баримтлаад ажиллаж байна. Хэдий үндсэн түүхий эдийн сонголт арвин биш ч будаатай хуурга гэхэд л хөц будаатай, холимог будаатай гэх мэт төрөлжинө. Сүүн шөлөндөө шар будаа хийх гэх мэтээр маш нарийн баяжуулаад явдаг. Уух зүйл дээр чангаанзны ундаа, олон жимсний ундаа, нэрс чацаргана аньсны ундаа гээд маш олон төрөл. Бид өөрсдөө талх, боовоо гал тогоондоо хийчихдэг. Еэвэн л цаанаасаа ирдэг. Хүүхдүүд иж бүрдэл болохоор сонирхоод хоолоо сайн идэж байгаад баяртай байна."

Ийнхүү Дунд дарь эхийн 1-34 гудамжны оршин суугч жаалууд эрдэмтэн судлаач, багш, мэргэжилтнүүдийн сэтгэл, зүтгэлээр жишиг гэж хэлж болохуйц Үдийн хоол хөтөлбөрт хамрагдаж байна. Өдрийн 1500 төгрөгт нь тааруулж байна гээд соруултай жүүс, ууттай боов тарааж өгдөг нийтлэг хооллолтоос огт өөрөөр ажиллаж байгааг эндээс харж болно.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Энхболд.Х
Энхболд.Х
3 сар 12, 2024 11:58

Сайн байна.Шинжлэх Ухааы Үндэслэлтэй ажиллажээ.гэж магтая.Одооны хүүхдүүд гарзтай ундаа уусаар байгаад яс нь сийрэгжсэн,бас витамины дутагд�##�тай байгаа.
Туршлагагүй нийт ЕБС д дэлгэрүүлэх,ТВ ээр сурт�##�члах нь зөв болно.
АМЖИЛТ ХҮСЬЕ.

Зочин
Зочин
3 сар 12, 2024 16:58

Ийм сайхан хоол хүргэж ажиллаж байгаа сургуулийн хамт олонд баярл�##�аа❤️????

Зочин
Зочин
3 сар 12, 2024 19:23

хүүхдийн төлөө сэтгэл гарган ажилладаг хамт олонд баярл�##�аа

Анхаа
Анхаа
3 сар 12, 2024 20:57

сэтгэл харагдаж бна

Зочин
Зочин
3 сар 13, 2024 13:41

Үнэхээр бахарх�##�тай сургууль шүү Хүүхдийн эрүүл хооллолт, Эрүүл мэнд, Хичээл сурлага, Секц бэлтгэл гээд олон төрлийн ур чадварлаг шүү ???? амжилт хүсье Та бүхэнд

Зочин
Зочин
3 сар 13, 2024 13:51

132р сургуулийн хамт олонд амжилт хүсье

Зочин
Зочин
3 сар 13, 2024 13:52

Unheer mundag hamt olontoi mundag surguuli shuu ❤️

Зочин
Зочин
3 сар 13, 2024 13:52

Huuhdee tanai surguulid ywuulsanaar huuhed mini ih olon zuil surjiigaa bayrlalaa

Зочин
Зочин
3 сар 13, 2024 13:57

Mundag shuu ta buhen mini

Зочин
Зочин
3 сар 13, 2024 13:57

Amjilt husey

Зочин
Зочин
3 сар 13, 2024 14:02

unheer mundag surguuli bnlee

Зочин
Зочин
3 сар 13, 2024 14:02

ta buhendee amjilt husey

Зочин
Зочин
3 сар 13, 2024 14:03

huuhdiin toloo gesen mundag hamt olond bayrlala

Холбоотой мэдээ

Back to top button