УЛС ТӨР

Ц.Нямдорж “шаралхаж”, Х.Болорчулуун “мангастжээ”

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлын үеэр Ц.Нямдорж сайд Х.Болорчулуун нарын дунд Дубайн гэрээний асуудлаар маргаан үүсч улмаар заамдалцаж авсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэд нэгнийгээ “Оюутолгойгоос мөнгө авсан, шантааж хийдэг” гэхчлэн цоллон хэрэлдсэн байдаг.

Тодруулбал, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Дубайн гэрээний талаар байр сууриа илэрхийлжээ. Гэвч түүний байр суурийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун эсэргүүцэж, “Рио Тинто”-гийн талд байнга зогсдог хэмээн шүүмжилжээ. Хариуд нь Ц.Нямдорж сайд Х.Болорчулууныг олон жил шантааж хийсэн,  одоо боль гэхчлэн шаралхсанаас болж Х.Болорчулуун гишүүн уурсаж,  Ц.Нямдорж сайдын хоолойг нь боож түлхсэн байна. Хоёр гишүүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн А.Сүхбат нар салгаагүй бол Төрийн ордонд багагүй зүйл болох байсан гэдгийг нүдээр харсан гиүүзд хэлж буй.

Энэ талаар УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Оюутолгойн гэрээг өмөөрсөн Ц.Нямдоржийг Х.Болорчулуун заамдаж авч, мангастжээ. Зөв, тэр байтугай хашраах ёстой” гэж нүүр хуудсандаа бичсэн байна.

Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун сэтгүүлчдэд тайлбарлахдаа, “Би Ц.Нямдорж сайдын биед хүнд гэмтэл учруулаагүй. Биед нь хүрсэн нь үнэн. Гэмтэл учруулахаар үйлдэл хийгээгүй. Элдвээр хэлж доромжилсон. Ер нь Ц.Нямдорж Оюутолгойг улаан цагаан хамгаалж, дуугарах ч хэрэггүй гэж үзэж байгаа. Би сая хэлсэн. Энэ талаар дуугарах ч хэрэггүй гэдэг гишүүдийн нэг” хэмээсэн юм.

Мөн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж энэ талаар, “УИХ-ын гишүүд аливаа асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа бол баримттай үнэн зүйл ярих хэрэгтэй. УИХ-ын гишүүд ордон дотор хов ярьж, гүтгэлэг тараах ажил хийх учиргүй. Харамсалтай нь Оюутолгойн асуудлаар хов тараах ажлыг УИХ-ын гишүүд л хийж байгаа. Би Оюутолгойг хамгаалж байгаа нь үнэн. Гэрээ зогсоовол тэнд ажиллаж байгаа 15 мянган хүний ажлын байр, аж ахуй нэгжүүдэд учрах хохирлыг хэн хариуцах юм, Х.Болорчулуун уу. 15 мянган хүн ажилгүй болвол Х.Болорчулуун хувийн компанидаа ажиллуулах уу. Есөн тэрбум ам.долларын өрөнд унавал энэ гишүүд хариуцах уу” гэлээ.

П.УРНАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button