Top StoriesНийгмийн

Дүнжингаравын дэлбэрэлт: 2 алба хаагчийнх байранд орж, 61 айл түрээст шилжиж, жолооч нар гадуур байна

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд зам дээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 01:05 цагт "Дашваанжил" ХХК-ийн газ ачиж явсан ачааны автомашин, Батлан хамгаалах яамны харьяа "Барилга захиалагчийн алба" ТӨААТҮГ-ын даргын унаж явсан Ниссан Патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас их хэмжээний дэлбэрэлт үүссэн.

Уг ослын хор хөнөөл маш их. Газар дээрээ Баянзүрх дүүргийн гал унтраах 63 дугаар ангийн гурван алба хаагч амь насаа алдсан. 15 иргэн түлэгдэж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн “Эду апартмент” нэг орцтой, 12 давхар, 61 өрхийн орон сууцны барилга шатсан. Уулзварын баруун талд байрлах “Санни таун” 830 дугаар байрны нэг давхрын үйлчилгээний төв ч мөн өртөж, 36 машин шатсанаас 29 нь дахин ашиглах боломжгүй болсон. Түлэгдсэн 15 иргэнээс 4 нь шархаа даалгүй нас барсан, нэг иргэн гадаад руу эмчлүүлэхээр явсан.

Ослын газар 12 мөрдөгч томилогдон ажиллаж, 200 орчим иргэн, аж ахуйн нэгжийг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоон мэдүүлэг авч, галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж эхэлсэн. Харин өнөөдрийн байдлаар осол тойрсон асуудлууд хэрхэж байгаа талаар мэдээлэл бэлтгэлээ.

-Байр нь шатсан 61 айлыг түрээсийн мөнгийг нь нийслэлээс төлж, төвхнүүлсэн-

Осолд өртсөн 207 дугаар байрыг сэргээн засварлах хүртэл тус байрны иргэдийг нүүлгэн шилжүүлж, энэ оны есдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд байр түрээслэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн. Улмаар өрх бүрийн ам бүлийн тоо, амьдарч байсан орон сууцны хэмжээ, байршилаас хамааран 2.2-3 сая төгрөгөөр тооцож, түрээсийг нь төлж төвхнүүлээд байна. Иргэдийн 127 нь тухайн байраа ипотекийн зээлээр авсан. Шатсан 36 машины ихэнх нь энэ байрны оршин суугчдынх. Тэд одоо ослын эцсийн дүгнэлтийг хүлээж буй. Учир нь ослын буруутан тодорхой болсноор иргэдийн орон сууц засварт орж, зарим автомашины хохирол барагдуулах зэрэг асуудлууд шийдэгдэнэ.

-Амиа алдсан хоёр алба хаагчийн ар гэр байранд орж, нэг айл орохоор зэхэж байна-

УОК-оос гаргасан урьдчилсан дүгнэлтэд үндэслэн ослын хор уршгийг арилгах зорилгоор гал түймэрт амь насаа алдсан алба хаагчдын ар гэрт хуульд заасан нөхөн олговор олгох, мөн тус бүр 3 өрөө байр олгохоор шийдвэрлэсэн. Өнөөгийн байдлаар хоёр алба хаагчийн ар гэр байрандаа орж, нэг нь ирэх сарын эхээр орохоор болсон байна. Байртай болсон хоёр айлын нэг нь өөрсдөө биш талийгаачийнхаа ээжийг оруулжээ.

-Хоёр жолооч ч мөн ослын дүгнэлтийг хүлээж, сул чөлөөтэй байна-

Осол үүссэн шалтгаан бол газ тээвэрлэсэн ачааны машин, дунд оврын суудлын машинтай шүргэлдсэнээс үүдсэн. Хэрэг гарснаас хойш тухайн хоёр жолоочийг түр хугацаагаар саатуулсан. Учир нь тэд маш их цочролд орсон болохоор түр саатуулах нь зүйтэн хэмээн албаныхан тайлбарласан. Харин өнөөдрийн байдлаар ч хоёр жолооч ослын дүгнэлтийг хүлээсэн байдалтай сул чөлөөтэй байна.

-ЦЕГ: Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна-

Гуравдугаар сарын 15-нд ослын шалтгаан, дүгнэлтийг танилцуулна гэж мэдээлсний дагуу өчигдөр /2024.03.15/ ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг "Тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Мэргэжлийн хэд, хэдэн байгууллагын дүгнэлт гарах ёстой. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна. Хүний амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ өргөн, олон хохирогчоос мэдүүлэг авах зэргээр шалгах болон шийдвэрлэх ажиллагаа ихтэй, экологи, эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ гаргах асуудал уддаг тал бий.

Цагдаагийн байгууллагаас тусгайлан үнэлгээ гаргадаггүй. ОБЕГ-ын Гамшиг Судлалын Хүрээлэн, Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар зэрэг мэргэжлийн байгууллагад хандаж, дүгнэлт гаргуулдаг. Тухайн байгууллагуудын дүгнэлт гаргахад хугацаа шаардагддаг. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3.5-д зааснаар тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь хориотой" хэмээн тайлбарласан юм.

Засгийн газрын нөөц сангаас гаргасан дээрх хөрөнгийг буруутай этгээдээс нэхэмжилж, буцаан төлүүлнэ гэсэн. Гэвч буруутай этгээд өнөөг хэр нь тогтоогдоогүй, тодорхой болоогүй л байна. Шадар сайд С.Амарсайхан ирэх дөрөвдүгээр сарын 1 гэхэд ослын дүгнэлтийг эцэслэн танилцуулна гэснийг хүлээх үлдлээ. Хэргийг хариуцагч, хохирогч бүгд л дүгнэлт хүлээж байна гэж хэлж байна.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-17 09:18

Delbereltend urtuj amia aldsan engiin irgediin ar gert yamar tuslaltsaa uzuulj bg be bas ar geree tejeej ajildaa yabj bsn xumuus bgaa shuudee

Зочин
Зочин
2024-03-17 20:35

Амиа �##�дсан энгийн иргэдийн ар гэрт түрүүлж туслах хэрэгтэй байна даа. Буруутан тогтоох гээд нэгд шүүх удааширдаг хоёрт дашваанжил нөхөн төлбөр төлсөн ч хүний амь нас төлж чадахгүй улс нэмж туслах хэрэгтэй байнаа.

Холбоотой мэдээ

Back to top button