ДЭЛХИЙЯрилцлага

Брэндон Боентон: Би монголчуудаас “Хүн л бол хүн шүү дээ” гэдгийг ойлгож авсан

АНУ-ын Индианагийн их сургуулийг Компьютерийн шинжлэх ухаанч мэргэжлээр төгссөн, өөрийн гэсэн гарааны компанийг үүсгэн байгуулаад буй залуу бизнесмен Брэндон Боентон аравдугаар сарын сүүл, арваннэгдүгээр сарын эхээр Монголд ирээд буцсан юм. Түүний Монгол орныг зорьсон шалтгаан ажлын ч, амины ч хэмээж болохоор. Америкийн засгийн газрын хөтөлбөрийн дагуу тэрбээр Монгол дахь залуу бизнес эрхлэгчдэд зориулсан илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэхээр урт аялалд гарсан нь гол ч, Төв Азийн жижиг оронд хэсэг хугацаанд саатаж үзэх хувь хүний нь сонирхол дийлэнх байсан шиг.

Төрөлх Индианагийн их сургууль нь түүнээс Монголд өнгөрүүлсэн нэжгээд өдрийн дурсамжийнх нь талаар яриулж, цөөн асуултад хариулт авсан нь нийтлэгдсэн байна. Уншигчдад бүрэн эхээр нь орчуулан хүргэе.


-МОНГОЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ШИНИЙГ ЭРЭЛХИЙЛЭХ, ЭХЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХЫГ ЗОРЬСОН-

-Монгол улс руу хэрхэн явж хүрэв. Аяллын зам адал явдлаар дүүрэн үү?

-Монгол руу замд гарсан хэрэг үнэхээр юутай ч харьцуулшгүй сэтгэл хөдлөм мэдрэмжийг төрүүлсэн. Тив дамнасан ихэнх нислэгүүдээс ялгаатай нь, би Миннеаполисоос шууд Өмнөд Солонгосын Сөүл хот руу нисэж, тэндээс дамжин Монголд хүрсэн юм. Нислэг үргэлжилж байх үед онгоцны цонхоор хойд туйлын зузаан зузаан мөсөн давхаргууд гялалзан харагдаж байсан. Аялал 26 цаг үргэлжилсэн бөгөөд үүнээс гадна багагүй хугацааг зогсож, буудаллаж өнгөрүүлсэн гэмээр байна.

a view of the North Pole from an airplane seat

-Нэг долоо хоногийн турш үргэлжилсэн залуу бизнес эрхлэгчдэд илтгэл тавих үйл ажиллагаа хэрхэн болж өнгөрөв. Амжилттай юу?

-Нийт үйл ажиллагаа Монголын бизнес эрхлэгчдэд шинийг зоригтой эрэлхийлж, эхлүүлэх хэрэгтэй гэсэн санааг ойлгуулахыг зорьсон. Өдөр бүрийн 10-с 15 цагийн хооронд бид сургалтаа явуулж, бизнесийн салбар дахь 2-3 гол сэдвийн талаар ярилцсан.  Миний хувьд Монголчуудын суралцаж бас хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн тэдгээр сэдвүүд дээр нэг бүрчлэн ажиллаж, сургалтын програм бэлтгэсэн байсан.

Харин сүүлчийн өдрүүдэд нөлөө бүхий эрхмүүдээс туршлага судлах Networking хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Жишээ нь ABC телевизийн Shark Tank нэвтрүүлгийн найруулагчаар ажилладаг Брэндон Андрьюс шинэ бизнесийн санааг ажил хэрэг болгох тал дээр зөвлөгөө өгсөн.

Brandon Boynton with young Mongolian entrepreneurs

-МОНГОЛ БОЛ БАРУУНЖСАН ОРОН ЮМ БИЛЭЭ-

-Монгол болон Америк соёл юугаараа ижил санагдсан бэ? Бас юугаараа өөр байв?

-Монгол маш баруунжсан орон юм билээ. Нийслэл Улаанбаатар хотод нь нийт хүн амын тэн хагас буюу 1 сая 500 мянган хүн оршин суудаг. Энэ бол Америкийн ихэнх хотуудтай жишиж болох үзэгдэл. Хүмүүс нь бааранд сууна, кино үзэцгээнэ, дэлгүүр хэснэ, ер Америк хүмүүсийн хийх дуртай зүйлсийг л хийцгээж байсан.

Харин хотоос гарч, хөдөө хээр нутаг руу ормогц манай хоёр орны соёл ямар их ялгаатай нь ойлгогдож эхлэх болно. Монгол үндэсний уламжлалт байр сууц болох гэр хөдөө нутгийн дүр зургийг бүрдүүлнэ. Гэр бол дулаанаа сайтар хадгалахуйц технологиор хийгдсэн дугуй хэлбэртэй майхан шиг зүйл юм билээ. Гэрүүд бүхий аймаг, сумууд өнгөрвөл тэр чигтээ говь цол, элсэн манхан залгана. Энд та хамгийн ойрын хотоосоо хэдэн зуун миль, хөрш саахалт гэрээсээ хэдэн арван миль алслагдаж буусан малчин, нүүдэлчин монголчуудын амьдралын хэв маягийг олж үзэх боломжтой.

A plate of khuushuur

Миний өөр нэгэн мэдэрч, ойлгож үлдсэн зүйл бол, Монгол үндэсний хоол үнэхээр амттай юм билээ. Би хоолны тал дээр адал явдал эрэлхийлэгч биш, ийм ч учраас зарим тохиолдолд идэхээс татгалзах зүйл мэр сэр гарсан. Гэхдээ хуушуур гэгч хоол надад их таалагдсан. Монголчууд үүний дээр маш сайхан архи нэрж чаддаг.

-Та Монгол руу багш, мэргэжилтний хувиар очсон шүү дээ. Тэнд байх хугацаандаа хувь хүний хувьд юуг шинээр сурч мэдсэн бэ?

-Миний хэлэх зүйл угаас хэнд ч ойлгомжтой мэт санагдах байх, гэхдээ монголчуудаас “Хүн л бол хүн шүү дээ” гэдгийг ойлгож авсан. Өсөж торнисон газраасаа 7 мянган милийн зайд, тэс өөр хэлээр ярьдаг, шал ондоо шашин шүтлэгтэй хүмүүстэй би уулзлаа. Гэсэн ч тэд надаас тийм ч ондоо санагдаагүй. Хэдий өөр улс, үндэстэн ч гэлээ, хүн бол хүн л байдаг аж. Үүний тухай ойлголт надад байсан ч, биеэр туулж мэдрээд илүү ихээр ухамсарласан гэмээр байна.

Brandon Boynton at entrepreneurial workshop in Mongolia

-Уншигчдад аяллаас үлдсэн сэтгэгдлээ хуваалцвал?

-Хэрэв энэ аяллаас цааш дахиад хаа нэг орон руу явах боломж тохиосон бол, би явахад бэлэн байлаа. Би дэлхий дээрх илүү олон соёл иргэншлүүдтэй танилцмаар байна. Дэлхий дахины хаа нэгтээ, хэрэгтэй газраа, хэрэгтэй цагтаа байж, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох урам зоригийг тээж байна.


М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-11-22 16:32

Engiineeree

MONGOL TSUSTAN
MONGOL TSUSTAN
2019-11-24 11:08

Mongol denduu amirkjsan yag zov helj.Hodoo l gar ch yum uzej harnuu gehees ulaanbaatar zugeer l ILJIG met gadnii huulbar uitgartai haa amidraad baigaan.

Иргэн
Иргэн
2019-11-27 00:41
Reply to  MONGOL TSUSTAN

Боловсор.Үгээ олж хэл.Ядаж зөв бичиж сурчихаад мөөр.

Холбоотой мэдээ

Back to top button