СПОРТ

Б.Бат-Ундрал Дэлхийн цомоос медаль хүртсэн Монголын анхны уралдаанч боллоо

Эмэгтэй байтугай эрэгтэй хүн хичээллэхэд амаргүй, эр зоригийн спортын нэг нь авто, мото спорт. Монгол бүсгүй Бямбасүрэнгийн Бат-Ундрал мото спортоор хичээллэн тэр ч бүү түүхэн амжилтын эзэн боллоо. Тэрбээр Монгол, Хятад, ОХУ-ын нутагт, 5000 км зам туулан уралдсан “Silk Way Rally 2019” Дэлхийн цомын аварга шалгаруулах уралдааны мотоциклын төрөлд нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэв.

Түүний өрсөлдсөн ангилалд дэлхийн олон удаагийн аварга, Испанийн тамирчин Лаяа Санз түрүүлжээ. Ингэснээр Б.Бат-Ундрал Монголын авто, мото спортын түүхэнд Дэлхийн цомоос медаль авсан анхны тамирчин боллоо. Эмэгтэй хүн ийм амжилт гаргаж, улсынхаа анхдагч болсон яах аргагүй бахдам амжилт.

Түүнийг Дэлхийн цомд хурд сориход “Husqvarna Mongolia” компаниас тодорхой хөнгөлөлттэй нөхцлөөр шинэ “husqvarna 350 cc endure” мотоциклийг ралли тоноглолоор тоноглож өгчээ.

Б.Бат-Ундралын хувьд Оросын Сибирийн тайга, Монголын уудам тал нутаг, Хятадын элсэн манхан, сайраар уралдахад үнэхээр тэсвэр тэвчээрийг нь шавхсан гэнэ. Тэрбээр уралдааны хоёр дахь өдөр ОХУ-ын модтой, шавар ихтэй замаар хурд сорьж байхдаа мотоциклоосоо унаж, эрхий хурууныхаа шөрмөсийг тасалжээ. Уралдааны сүүлчийн өдрүүдэд шууг нь дагаж янгинаад байсан тул өвчин намдаах эм уугаад явахаар булчин нь суларсан гэнэ. Зарим үед бүр зүүн гараараа мотоциклоо асаадаг байж. Тэгж шүд зүүн, гүрийж уралдсаар тэмцээнээ амжилттай дуусган, Дэлхийн цомын дэд аварга болсон юм.

“Silk Way Rally 2019”-ын үеэр хэд хэдэн харамсалтай осол гарсан. Монголд үргэлжилсэн уралдааны үеэр Оросын тамирчин Анастасия Нифонтовагийн эгэм хугарч, уралдаанаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Мөн Чехийн тамирчин Габрелагийн шагай хугарч тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

36 орны дэлхийд алдартай тамирчид хурд сорьсон тус уралдаанд Монголоос 13 тамирчин оролцжээ.

Б.БУЯНДАЛАЙ


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button