Даамын ДАШТ-ий аварга Э.Уянга: Оюун ухааны спортод нас хамаарахгүй ч туршлага оройтдог

Зуун буудалт даамын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болж амжилттай оролцоод ирсэн спортын мастер Э.Уянгатай уулзаж ярилцлаа. Түүний хувьд Дэлхийн цомын аваргын мөнгөн медаль болон өсвөрийн ААШТ-ээс хоёр алт, дөрвөн мөнгөн медаль хүртсэн юм. Мөн өсвөрийн УАШТ-д дөрвөн удаа түрүүлж байсан шилдэг тамирчдын нэг билээ.
-Зуун буудалт даамын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аварга болсонд тань баяр хүргэе. Тус тэмцээнд хэдэн орны хичнээн тамирчин оролцсон бэ?
-Баярлалаа. Энэ сарын 15-21-ний өдрүүдэд Польш улсын Нидзика хотод залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн явагдсан. Тус тэмцээнд дэлхийн 30 орны 70 гаруй даамчид өрсөлдсөн. Манай улсаас эрэгтэй нэг, эмэгтэй гурван тамирчин оролцлоо. Бүгд амжилттай оролцсон.
-Тоглолтын явцад өрсөлдөгчдийнхөө тактик, тоглох арга барилаас гадна зан чанар, дасгалжуулагч багшийг нь судалж амжсан уу?
-Тамирчдын харц, хөдөлгөөн, нүүдлээс ньтоглолтын санаа, чиглэл, тактик нь харагддаг юм. Дэлхийн 40 шилдэг даамчдаас хамгийн сонирхолтой тоглолтыг Нидерланын тамирчин Рул Бумстра харуулсан. Түүний нүүдэл үнэхээр гоё, бүр төгс гэмээр. Их мастерууд түүнийг “Компьютер шиг нүүдэг, нүүдэл болгоноо сайн хийх гэж хичээдэг” гэж ярьж байсан. Тоглолтдоо стратегийн томоохон боломжуудыг гаргадаг онцлогтой. Хойшид их мастеруудыг нэлээд сандаргаж шуугиулах байх. Одоогоор халз тоглолтод нэг ч ялагдаагүй яваа. Тэмцээний үед янз бүрийн хөдөлгөөн хийхгүй, сэтгэлийн хөдлөл, царайны хувирал харуулахгүй, гаднаас дуу чимээ мэдрэхгүй тоглодог. Өрсөлдөгчийнхөө сэтгэл зүйг харц,хөдөлгөөнөөс нь уншиж, ямар нэгэн үйлдэл гаргах, сайн, муу нүүдэлхийхийг нь хүртэл мэдэрдэг.
-Тэмцээний үед сандрал, догдлол хэр байдаг вэ?
-Би багадаа тэмцээний өмнө их догдлолтой, тэмцээн эхлэхээр сандраад хожигдчих вий гэсэн сэтгэл зүйн айдастай байдаг байсан. Энэ үед өрөгөө тайван тоглож чадахгүй алдаа гаргах нь бий. Гэхдээ тэмцээнээс тэмцээний хооронд сэтгэл зүйгээ удирдаж сурч байна. Намайг сонирхлоо дагаад амжилтын төлөө тэмүүлэхэд гэр бүл, найз, нөхөд, сургуулийнхан маань үргэлж дэмжиж, урам хайрладагт баярладаг. Би даамаар хичээллэснээр зөв сонголт хийх, тэвчээртэй байх гээд олон зан чанарыг өөртөө суулгасан. Мөн даамны хөлөг дээр аль нь илүү холыг алдаагүй зөв харж чадсан нь ялалт байгуулдаг учраас алсын харааг хөгжүүлдэг.
-Сайн өрсөлдөгч хүчтэй тамирчныг бүтээдэг. Таныг хурцалдаг, хүчтэй өрсөлдөгч олон бий юу?
- Миний хувьд өрсөлдөж байгаа тамирчнаа хичээгээрэй гэж хэлдэг. Яагаад гэвэл тэд хүчтэй байж амжилт гаргах тусам би илүү байхын төлөө хичээж хөдөлмөрлөж, өөрийгөө хурцалдаг. Монголын тамирчдын хувьд их хүчтэй. Харин бусад орноос Хятад, Оросын тамирчид өрсөлдөөнтэй тоглолтыг өрнүүлж чаддаг.
-2019 оны ДАШТ-ий сүүлийн шатанд ОХУ-ын тамирчинтай тунаж, сонирхолтой тоглолт үзүүлсэн. Их өрсөлдөөнтэй тэмцээн болсон гэж спортын хорхойтнууд үнэлдэг?
-Хамгийн сонирхолтой нь 2015, 2016, 2019 оны ДАШТ-ий сүүлийн тоглолтод ОХУ-ын тамирчинтай гурван жил тунаж аваргын төлөө өрсөлдсөн. 2019 оны ДАШТ-ий үеэр бид хоёрын тоглолт 4-5 цаг үргэлжилсэн. Хөлгөө хараад хэрхэн тоглох вэ гэж төвлөрдөг учраас ямар хугацаа өнгөрснийг анзаардаггүй. Тоглолт дууссаны дараа намайг хүлээж байсан ээж минь “Удаан тоглолт боллоо” гэж хэлж байсан. Дүнгээ сонсоод дэлхийн аварга боллоо гэхэд итгээгүй. Догдлол дүүрэн цаг хугацаа байсан. Тухайн үед миний насны ангилалд 4-5 орны 60 гаруй тамирчин оролцсон байдаг.
-Даамны хөлөг дээр аль нь илүү холыг алдаагүй зөв харж чадсан нь ялалт байгуулдаг-

-Даам бол эрэгтэй, эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөж болдог цөөхөн спортын нэг. Эрчүүдтэй тоглохдоо тэдний сэтгэлийн түгшүүрийг мэдэрдэг үү?
-Тийм ээ, үнэндээ тэдэнд бидний эсрэг тоглох нь хэцүү байдаг. Эрчүүд өөрсдийгөө илүү ур чадвартай, ухаантай гэж боддог учраас дотроо “Заавал хожно” гэж боддог. Энэ нь эргээд өөрт нь сэтгэлзүйн дарамт болдог байж болох талтай. Энэ спорт бол биеийн хүчний бус оюун ухаан шаарддаг шүү дээ. Тийм болохоор аль тогтвортой, оюуны өндөр чадвартай нь л тоглолтод ялалт байгуулна.
-Хожиж яваад хожигдох, хожигдож яваад хожих тохиолдол шатрын спортод байдаг. Та ийм үетэй хэр их тулгарч байв?
-Дэлхийн шилдэг тамирчидтай өрсөлдөж байхад сүүлийн мөчид тоглолтын хувь заяаг өөрчлөх боломж бараг л гарахгүй. Учир нь шилдэг тамирчид жижиг алдааг ч том хожил болгож чаддаг учраас тэр байх.
-Тамирчид удаан хугацаанд бэлтгэл хийхгүй, тэмцээнд оролцохгүй байхаар формоо алдах гээд асуудал ихтэй байх уу?
-Удаан тоглохгүй байж байгаад тэмцээнд ороход сандардаг. Байнгын бэлтгэлгүй байхаар өмнө нь мэддэг, чаддаг байсан зүйлдээ эргэлздэг. Мэддэг нүүдлүүдээ хүртэл удаан бодох ч юм уу. Гэхдээ бэлтгэл дээр бусад тамирчнаас бага нөлөөлөх болов уу гэж бодож байна. Мэдээж өөрөөсөө илүү, ижил түвшний хүмүүстэй хамт бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй ч ганцаараа бэлтгэл хийхдээ илүү ашигтай байдаг тамирчин бас бий. Тухайн хүнээсээ шалтгаална. Бөх гэхэд хөлсөө гаргаж, өрсөлдөгчтэй барилдахгүй бол бэлтгэл болдоггүй. Харин даамын хувьд харьцангуй өөр. Ширээ, сандал байхад л бэлтгэлээ хийчихнэ.
Би аав, ээждээ их баярлаж, бахархаж явдаг. Аав, ээж маань хүүхдүүдээ илүү хөгжүүлэх, даамын спортоор дагнуулахын тулд хот руу нүүх шийдвэрийг гаргасан. Хотод ирээд клубт хамрагдаж, даамын спортоор илүү хичээллэх болсон доо.
-Даамын спорт ухаж ойлгоогүй хүнд уйтгартай, байрлалын төлөө өрсөлдөж, түүнийгээ хэрэгжүүлж чадсан нь хождог-

-Ингэхэд хэдэн настайгаасаа даам тоглох болсон бэ. Даам тоглох болсон түүхээ хуваалцвал?
-Би зургаан настайгаасаа даамын спортоор хичээллэсэн. Манайх Завхан аймагт амьдардаг байсан юм. Аймгийн спортын их наадам бол миний анхны тэмцээн. Долоон настайдаа тэр наадамд оролцож, өөрөөсөө том хүүхдүүдтэй өрсөлдөн, мөнгөн медаль авч байсан. Тэр үед аав минь надад даам тоглохыг зааж өгсөн. Миний ээж, аав бидний төлөө маш их зүйлийг хийсэн. Бидний оюунд маш том хөрөнгө оруулалт хийсэн гэж би боддог.
-Зургаан настайгаасаа хичээллэсэн гэхээр даамын спортын тамирчдын жаргал, зовлонг мэддэг болсон байх. Даамын спортоор хичээллэж байгаа тамирчдад ямар асуудал тулгарч байна вэ?
-Ер нь тамирчин бүрт л санхүүгийн асуудал тулгардаг л даа. Ямар нэгэн тэмцээн, уралдаанд ороход. Зарим азтай гэх юм уу хөөцөлдөлгөө ихтэй хүмүүс ивээн тэтгэгчтэй байдаг. Би тэр азтай хүмүүсийн нэг.
Сүүлийн үед даамын спорт Монголд хөгжиж, өндөр амжилт гаргаж байгаа нь их мастеруудтай холбоотой. Их мастерууд өөрсдийн клубтэй болж, хоорондоо их өрсөлдөж, хүүхдүүдээ чадавхжуулж байна. Их мастер Манлай ахын клуб дээр гэхэд л цуврал тэмцээн их болдог. Тоглохдоо насны ангилал хамаарахгүй тоглож байгаа учраас бие биеэсээ туршлага хуримтлуулдаг. Жил ирэх тусам сайжирч байгаа энэ салбараа хайралж илүү их амжилт гаргаад байвал монголдоо төдийгүй дэлхийд "Ийм цөхөөн хүн амтай улс хэр нь үнэхээр гайхалтай юм аа" гэсэн хандлагыг түгээж чадна гэдэгт итгэдэг.
-Хүмүүс хүүхдээ шатраар хичээллүүлэх сонирхолтой байдаг. Шатар, даамны ялгаа нь юу вэ?
-Ер нь ялгаагүй. Хоёулаа адилхан сэтгэхүйн, хөлөгт тоглоом. Даамны нүүдлийг хүн бүр мэддэг учраас нүүгээд л идээд байдаг, амархан гэж ойлгодог. Гүнзгийрүүлээд судалбал даам тоглохдоо олон нүүдлийн цаадахыг харж, олон техник эзэмших хэрэгтэй. Гүнзгий түвшинд бол шатар, даам сэтгэхүйг яг адилхан хөгжүүлдэг. Монголд шатрыг өндөр түвшинд хөгжүүлэх гэж дэмжиж байгаа хүмүүст ийм ойлголт төрүүлдэг байх.
-Хамгийн сүүлд даамаар хичээллэж эхэлж байгаа тамирчид, хүчтэй өрсөлдөгч болохын тулд бэлтгэлээ хэрхэн базаах ёстой вэ?
-Даамын спорт ухаж ойлгоогүй хүнд уйтгартай, байрлалын төлөө өрсөлдөж, түүнийгээ хэрэгжүүлж чадсан нь хождог. Тиймээс хүмүүсийн тоглолтыг харж байрлалаа сайн олж сурах хэрэгтэй. Мөн зуун буудалт даамын хөлөг дээрх тоглолтууд хурц ширүүн өрсөлдөөнийг бий болгож, үргэлж ялан дийлэхийн төлөө тэмүүлэлд хөтөлдөг. Тиймээс даамын спорт бол шинжлэх ухаан юм. Харахад энгийн атлаа хэчнээн олон задаргаа, хувилбарт хожил гардаг гэдгийг харж суралцсан хүн ойлгоно. Байнга бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлэх ёстой. Бэлтгэл хийх боломжтой үедээ цахимаар эсвэл, мэргэжлийн тамирчинтай тоглох хэрэгтэй. Мөн судалгаа чухал.
-Ярилцсанд баярлалаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.