УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Чуулган | ҮХЦ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы баасан гарагийн /2024.03.29/ нэгдсэн хуралдааны мэдээллийг нэг дороос хүргэж байна.

ҮДЭЭС ӨМНӨХ ХУРАЛДААН:


Үргэлжлүүлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/-ийг хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлэг тус хуулийн төслөөр тав хоногийн завсарлага авсан бөгөөд энэхүү хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.

АН-ын бүлгээс парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах үеэр иймэрхүү суурь хуулийг хэлэлцэхгүй байх, цөөнхийн бүлэг оролцохгүй байхаар шийдсэн саналаа хэлэв. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: "ҮХЦ-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нам үл харгалзан, дэмжих шаардлага байгаа. ҮХЦ-ийн тухай хуулийг илүү боловсронгуй болгох, хүний эрхийн маргааныг хянан хэлэлцдэг болох гэж байна. О.Цогтгэрэл гишүүний хэлснээр сонгуультай зэрэгцэн хэт яаравчилж байна гэдэгтэй санал нэг байна" гэлээ.

Тус хуулийн төслийг шийдэх эсэх санал хураалтад УИХ-ын 37 гишүүн оролцож 66 хувь дэмжсэн санал дарлаа. Ингээд анхан шатны шатны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.


НЭМЭЛТ: 11.35 цаг

-БШУ-ны сайд гадаадад томилолттой тул Ерөнхий сайдын мэдээлэл хойшлов-

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг "Ерөнхий сайдын мэдээлэл удаа дараа хойшилж байна" гэсний дараа УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хойшилсон шалтгааныг уншиж танилцуулав.

Тэрбээр, "Монгол Улсын ЗГХЭГ-аас албан бичиг ирүүлсэн байна. УИХ-ын дарга Г.Занданшатар танаа. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул УИХ-ын 2024.03.29-ний өдрийн нэгдсэн хуралдаанд хийх Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Ерөнхий сайдын мэдээллийн товыг хойшлуулж өгөхийг хүсье" гэсэн байна.

Мөн тэрбээр, "Хойшлуулах албан бичиг ирсэн тул хойшлуулж байна. Гэхдээ О.Цогтгэрэл гишүүний хэлж байгаа зүйл үндэслэлтэй. Сөрөг хүчин парламентад хийх Ерөнхий сайдын мэдээллийг тойрч мэтгэлцээн өрнүүлдэг"гэлээ.


НЭМЭЛТ: 11.15 цаг

"Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийхээ больчихлоо. Дураараа байдалд арга хэмжээ авмаар байна"

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Өнөөдөр Ерөнхий сайдын мэдээлэл цуцлагдаж байгаа юм байна. Хоёр долоо хоногийн өмнө бас цуцлагдаж байсан. Ерөнхий сайд орж ирж мэдээлэл хйихээ болилоо. Салбарын сайд нь "Би олон улсын, орон нутгийн томилолттой" гэж хэлээд л бичиг өгөөд дураараа хойшлуулчихдаг. УИХ-ын дэд дарга аа, хуулиараа ийм зүйл байж болдог юм уу. "Ерөнхий сайд УИХ-д мэдээлэл хийнэ. Сөрөг хүчин асууна" гэдэг зарчимтай. Энэ чинь ард түмний мэдэх эрхийн асуудал. Ийм дураараа байдалд арга хэмжээ авмаар байна" гэлээ.


НЭМЭЛТ: 11.00 цаг

-Н.Алтанхуяг: ҮХЦ-ийн гишүүнийг түдгэлзүүлдэг байж болохгүй. Эгүүлэн татаж болно-

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: "ҮХЦ-д маргаан шийдвэрлэхтэй холбоотой санал хэлэх гэж байна. "Чиний нэр тэр дотор байна лээ шүү дээ, чи юугаа ярих гэж байгаа юм" гэж асууж магадгүй. Би уг нь ажлын хэсэгт нь орж ажиллая гэсэн юм. ҮХЦ өөрөө иргэний үндсэн эрхийн маргааныг шийддэг болно гэсэн том концепц гарч ирж байна. Гэтэл олигтой хэлэлцэхгүйгээр УИХ руу хурдтайгаар оруулчихлаа. Тиймээс би гарын үсэг зураагүй. Долоо найман гишүүнээс Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт хоёр гарын үсэг зураад оруулаад ирчихсэн. Одоо би ёр шиг нэг юм хэлчихмээр байх юм, та нар анхаараарай. Сонгуулийн сураг дуулдаад бүгдээрээ мориндоо мордоод давхичихсан цаг үед концепцийн шинжтэй том хууль хэлэлцэх нь осолтой байдаг. Өмнө нь манай Засгийн газрын үед хоёр намын арав гаруй хүн прокурорын дэргэдэх мөрдөнг хэлэлцүүлээд маш хурдтайгаар алга болгочихсон. Одоо хүний эрх зөрчиж байгаа новшнуудад хариуцлага гэдэг зүйл байхгүй болчихсон. Энэ хууль одоо хүртэл засагдаагүй. Би Ерөнхий сайдаас буучхаад энэ хуулийг засъя гэсэн ч, УИХ-ын дарга нь ширээн доороо хийчихсэн. Ямар хуулийг явуулж, ямрыг нь явуулахгүйгээ мэддэг.

Ц.Мөнх-Оргил гишүүнтэй сая ярилаа. "Юу нь болохгүй байгаа юм" гээд байна. Ганц хоёр юм хэлье. ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг нь их аюултай. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг лугаа адил. Дургүйг нь хүргэсэн гишүүнийхээ эрхийг түр түдгэлзүүлж байгаад хулгай дээрэм хийх боломж гарч ирэх вий. Түдгэлзүүлэх тухай асуудал байж болохгүй. Харин эгүүлэн татаж болно.

Дараа нь УИХ Үндсэн хуулийн цэцийн дээр гарах гээд байна. ҮХЦ-ийн асуудал гаргавал эгүүлэн татах асуудлыг УИХ-аар ярих ёстой. Үндсэн хуулийн цэцийн дээр Үндсэн хууль л байна. ҮХЦ-ийн бие даасан байдалд асар том халдлага хийж байгаа гэж харж байна. Мөн хэн ч ҮХЦ-ийн гишүүн болж болохуйц заалт орчхож. Хуульзүйн дээд боловсролтой гэж байгаа юм. ҮХЦ-ийн гишүүнээр сул хүн байж болохгүй.

Морь машинаа унаад давхисан энэ үед ийм том хууль яаран хэлэлцэж болохгүй. Тэрний оронд 70, 80 хувьтай биелчихсэн гээд байгаа ардын намын мөрийн хөтөлбөрийг яръя л даа. Олон нийт хараг" гэлээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Маскаа тайлж ажлаас халшраагүй эрүүл мэндийн салбарынхандаа нийт парламентын гишүүдийн нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлмээр байна. Өнөөдөр дэлхий нийтээрээ эмч нарт баярлалаа гэж хэлдэг өдөр тохиож байна. Энэ удаагийн парламентаар "ковид-19" цар тахлаар 40 мянган гаруй хүний амийг аврах шийдвэр гаргасан. Мөн парламентаар эмч, эмнэлгийн ажилчдынхаа асуудлыг шийдэж чадсан.


ЭХЛЭЛ: 10.50 цаг

-Өнөөдөр хэлэлцэх асуудлууд-

Өнөөдрийн /2024.03.29/ хуралдаанаар дараах асуудлууд хэлэлцэнэ. Хуралдаан 10.00 цагаас эхэлдэг товтой ч, 10.50 цагт эхэллээ.

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·“Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг, менежментийг сайжруулах тухай”“Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төсөл /УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн 2022.06.03-ны өдөр, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл 2022.12.13-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулдаг Суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн талаар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button