Японд хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэсэн 5 хүн нас барж, 114 хүн эмнэлэгт хэвтжээ

Японд “Kobayashi Pharmaceutical” үйлдвэрийн бэникожи нэртэй хүнсний нэмэлт бүтээгдэхүүн ашигласан 5 хүн нас барж, 114 хүн эмнэлэгт хэвтсэн. Үүнтэй холбогдуулан албаны хүмүүс Японы баруун хэсэгт оршдог тус компанийн үйлдвэрийг өнөөдөр шалгаж эхэлсэн байна.
Бямба гарагт /2024.03.30/ мэргэжилтнүүд Осака хот дахь үйлдвэрийг нь шалгасан бол өнөөдөр Кинокава хотод байрлалтай үйлдвэрийг шалгаж байгаа юм. “Kobayashi Pharmaceuticals” компани баасан гарагт /2024.03.29/ мэдэгдэл хийхдээ 12 мянга гаруй үйлчлүүлэгч эрүүл мэндийн асуудал гарсан гэж гомдол мэдүүлсэн гэжээ.

Мөн тус компани өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас аравдугаар сарын хооронд үйлдвэрлэсэн бэникожи бүтээгдэхүүн агуулагддаг пенициллиний хөх хөгц хортой нөлөө үзүүлж болдог пуберүлийн хүчил ялгаруулсан байх магадлалтайг илрүүлснээ мэдэгдсэн юм.
Японы Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам “Reuters” агентлагт тодруулга өгөхдөө таван хүний үхлийн шалтгааныг тодорхойлоогүй ч “Бэникожи шалтгаан нь байж магадгүй гэж таамаглаж байгаа учир хоёр өдөрт хоёр үйлдвэрт шалгалт хийсэн” гэжээ.
Бямба гарагт шалгасан Осака дахь үйлдвэр нь арванхоёрдугаар сард байгууламжийн хөгшрөлтийн улмаас хааж, үйл ажиллагааг нь Кинокава руу нүүлгэсэн юм.
Эх сурвалж: Japan Today
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.