Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден: Газын зурвас дахь чиг хандлагаа өөрчлөхгүй бол бид Израилыг дэмжихгүй

Товч агуулга: Өнгөрсөн жилийн аравдугаар сард Газын зурваст дайн эхэлснээс хойш 185 хоног өнгөрөөд байна. Дайн эхэлснээс хойш Израилыг хамгийн их дэмжиж ирсэн улс бол АНУ юм. Гэвч сүүлийн үед тус хоёр улс Газын зурвасын асуудал дээр санал зөрөлдөх болсон. Израилын армийн энгийн иргэдийн байгууламжийг хайхралгүй бөмбөгдөж, Газын зурваст хүмүүнлэгийн хямрал үүсгэсэн нь АНУ-ын тэвчээрийг барсан бололтой.


Аравдугаар сарын 7-нд Газын зурваст эрх барьдаг Хамас бүлэг Израил руу дайрч 1,200 хүний аминд хүрч, 253 хүнийг барьцаанд авсан. Үүний хариуд Израилын засгийн газар Хамасын эсрэг дайн зарлаж, тус бүлгийг устаж байж зогсоно гэдгээ мэдэгдсэн юм.

Газын зурвас дахь Эрүүл мэндийн яам мэдээлснээр Израилын довтолгооны улмаас 33 мянган Палестин хүн амь үрэгджээ. Мөн тус нутгийн дэд бүтцэд асар их хохирол учирсан байна.

Дэлхийн банк болон НҮБ-аас өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.04.02/ хамтран гаргасан тайланд Газын зурвас 18.5 тэрбум ам.долларын дэд бүтцийн хохирол амссан гэж бичжээ.

Энэхүү хохирол нь Йордан голын баруун эрэг, Газын зурвасын 2022 оны ДНБ-ийг нийлүүлсэн дүнгийн 97 хувьтай тэнцэх дүн. Мөн бөмбөгдөлтөөс 26 сая тонн гаруй хог хаягдал, нуранги үүссэн байна. Үүнийг цэвэрлэхэд олон жил шаардагдана гэж мэргэжилтнүүд тооцоолж буй. Тэгвэл одоо АНУ-аас Израилд үзүүлж буй дэмжлэг нурж унахад тулаад байна.

АНУ, Израилын хооронд үүсээд буй хагаралдаан

Дайн ийм их хохиролтой өрнөж ирсэн ч АНУ Израилыг дэмжсээр байсан юм. Тэгвэл сүүлийн үед АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Израилын Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нарын хооронд хагарал үүсээд буй.

Тэд бие биеэ олон жилийн өмнөөс танина. Байден, Нетаньяху хоёр үүнээс өмнө нь хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдөж байсан тохиолдол бий. Хоёрдугаар сард л гэхэд Байден дайныг үйл явцыг хэтийдэж байна хэмээсэн. Мөн өнгөрсөн жил тэд дайны дараа Газын зурвасыг хэрхэх тал дээр санал зөрөлцсөн юм.

Бенжамин Нетаньяху, Жо Байден, зургийн эх сурвалж; Jerusalem Post

Сүүлийн хэдэн долоо хоног АНУ-ын Газын зурвасын тал дээр баримталж буй бодлого илт өөрчлөгдөж байгааг харуулсан хэд хэдэн явдал өрнөв. Тухайлбал гуравдугаар сарын 25-нд болсон Аюулгүйн зөвлөлийн хурлаар АНУ Газын зурваст яаралтай гал зогсоох тогтоолд хориг тавилгүй түдгэлзсэн санал өгсөн байна. Харин бусад гишүүд дэмжсэн тул гал зогсоох тогтоолыг баталсан.

Өмнө нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн боловсруулсан Газрын зурваст яаралтай гал зогсоох тогтоолд АНУ хориг тавьсаар ирсэн юм. Үүний улмаас Израилын засгийн газрынхаа төлөөлөгчид Вашингтонд очиж хэлэлцэх байсныг Нетаньяху цуцалсан байдаг.

Тус цуцлагдсан хэлэлцээг Байден хувиараа Нетаньяху руу ярьж санал тавьж товлосон байсан юм. Тэгтэл Байдены тэвчээрийг барж, Нетаньяхуд шууд тулгалт хийхэд хүргэсэн зүйл өнгөрсөн долоо хоногт болсон.

“World Central Kitchen” байгууллагын ажилчид сууж явсан машин, зургийн эх сурвалж: Euro News

Израилын зэвсэгт хүчний цохилтод “World Central Kitchen” нэртэй хүмүүнлэгийн байгууллагын долоон ажилчин амь үрэгдсэн юм. Үүний дараа Израилын холбоотон орнууд тус улсын засгийн газрыг мэдэгдэл гаргаж, тайлбар хийхийг шаардсан байна.

Байден Израилыг шууд шүүмжилж “Израилын тал энгийн иргэдэд нэн шаардлагатай тусламжийг хүргэхээр хичээж буй тусламжийн ажилтнуудыг хамгаалахын тулд хангалттай хүчин чармайлт гаргасангүй. Өчигдрийнх шиг зүйл огт болох ёсгүй” хэмээсэн юм.

Мөн өнгөрсөн пүрэв гарагт /2024.04.04/ Байден Нетаньяхутай 30 гаруй минут утсаар ярьж, шууд тулгалт хийсэн байна. Тус дуудлагын талаар мэдээлэлтэй гурван эх сурвалж “Axios” агентлагт тодруулга өгөхдөө “Газын зурвас дахь чиг хандлагаа өөрчлөхгүй бол бид дэмжихгүй” хэмээн Байден Нетаньяхуд хэлсэн гэжээ.

Байден Нетаньяхутай ярьсны дараа ямар өөрчлөлт гарсан бэ

Ярианы үеэр Нетаньяху Израилын зэвсэгт хүчин долоон хүмүүнлэгийн ажилтан амь үрэгдсэн явдалд буруутай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Байдентай ярьсныхаа дараа Нетаньяху эсэргүүцэж ирсэн алхмаа хийх болсон юм.

Тодруулбал өнгөрсөн жилийн аравдугаар сарын 7-ноос хойш хаасан Эрезийн гарцыг нээх шийдвэр Израилын  тал гаргасан байна. Энэ гарцыг нээснээр хүмүүнлэгийн тусламж нэмэгдэх учиртай.

НҮБ-аас гуравдугаар сард тайлан гаргахдаа 2.3 сая гаруй хүн амьдардаг Газын зурваст өлсгөлөн нүүрлэх аюул ойрхон байгааг анхааруулсан. Үүнээс гадна Газын зурвас дахь эрүүл мэндийн тогтолцоо нуран унасан байгаа. Ийм учраас  Газын зурваст хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлэх яаралтай хэрэгтэй тулгарчээ.

Бенжамин Нетаньяху, зургийн эх сурвалж: CNN

Израилын засгийн газар Эрезийн гарцыг нээн, хүмүүнлэгийн тусламжийг нэмэгдүүлнэ гэж амласнаас гадна Газын зурвасын өмнөд хэсэгт оршдог Хан Юнис хотоос хуурай газрын цэргээ татаж буйгаа ням гарагт /2024.04.07/ мэдэгдсэн юм.

Гэхдээ Израилын зэвсэгт хүчний дэслэгч генерал Херзи Халеви Газын зурвас дахь үйл ажиллагаа зогсох болоогүй байгааг онцолжээ. Мөн Нетаньяху “Газад хүрэх тусламжийг нэмэгдүүлэх нь хүмүүнлэгийн хямралаас урьдчилан сэргийлж, дайн үргэлжлэн зорилгодоо хүрэхийн тулд зайлшгүй шаардлагатай” гэсэн байна.

Хэдийгээр Нетаньяху зорилгодоо хүрж, хүмүүнлэгийн хямралаас сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч байгаа мэт мэдэгдэл гаргасан ч Байденаас ирсэн тулгалт түүнийг бодлоо өөрчлөхөд хамгийн их өөрчлөлт үзүүлсэн нь дамжиггүй.

Эх сурвалж: Axios, Reuters, CNN, OCHA, Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Сонгогч
Сонгогч
4 сар 10, 2024 08:31

Хамас бүлэг Путины дохио зангаагаар хөдөлж, Йзрайл руу довтлож байж өөрсөддөө сүйрэл дуудсан юмаа,нөг өө л фашист Оросын сэдсэн АНУ-аас Украйнд үзүүлдэг тусламжийн хүчийг сааруулах сарниулах гэсэн хорт бо длогоор энэ цуст дайн эхэлсэн юм шүү.
Фашист Орос сөнөтүгэй !

fashist nato ba anus
fashist nato ba anus
4 сар 12, 2024 00:30
Reply to  Сонгогч

fashist natogoos uur dain hiij mungu bosgodog uls delhii deer bhgui.delhiin hamgiin ih gadaaad urtei amerik dain samuunaar ediin zasag ni arai chuu togtoj bna daa m#laaa

Холбоотой мэдээ

Back to top button