Нийгэм ярилцлага

Э.Батнямбуу: Алдаж, онож яваа сайхан монгол эрийн дүр бүтээлээ

“Тэнгэрээс буусан од”, “37-р точка”, “Монгол”, “Эмэгтэйн кэйс”, “Шар гэгээ”, “Амьдралын зөрлөг” зэрэг УСК-нуудын гол, туслах дүрийг чадварлагаар бүтээж олны танил болсон жүжигчин Э.Батнямбуутай ярилцлаа.

-Киногоо хулгайд алдчихвал 10 саяар үнэлгээ хийлгэж байж асуудлаа шийдүүлдэг журам уран бүтээлчдийг шантрааж байна-

-Бидний хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Таны шинэ уран бүтээл “Амьдралын зөрлөг” киноны Гүнсэнгээр яриагаа эхэлье?

-2024 оны хамгийн анхны уран бүтээл нь “Амьдралын зөрлөг” УСК  байлаа. Зохиолч, найруулагчаар Лувсандаш гэж залуу уран бүтээлч ажилласан. Зохиол дээр нь Энхтайван гээд залуу хамтран оролцсон “Амьдралын зөрлөг” киног “Эрхэс энтертайнмэнт”-ийн залуус DDISH хамтран бүтээсэн. Онцлог нь залуу жүжигчид, уран бүтээлчдийг түлхүү оруулж шинэ содон баг бүрдүүлсэн. Дуучин бүсгүй, яруу найраг, шүлэг уншдаг бүсгүй гэх мэтээр өөр салбарын уран бүтээлчид орж ирсэн драма төрлийнх бүтээл бөгөөд гуравдугаар сарын 15-наас DDISH, Univision, LOOK TV-гээр цацагдаад явж байна.

-Нээгээд удаагүй байхдаа хулгайд алдчих шиг болсон?

-Нээгээд тав хоноод фээсбүүкт хулгайгаар, хууль бусаар цацуулчихсан. Тухайн өдөр нь зогсоох гэж мэдэгдэл өгсөн ч 8000 шээр хийгдэж, 100 мянга орчим хүн үзсэн байна. Оюуны өмчөө ингэж хулгайлуулах нь уран бүтээлчдэд болон спонсор байгууллагад ямар их хохирол учруулдагийг сая л өөрөө мэдэрлээ. Ямар ч байсан холбогдогчдыг олж, хууль хяналтын байгууллагад өглөө. Гэвч ингээд шийдэгддэггүй юм байна.  Эрүүгийн цагдаагийн газар руу хандахад Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс рүү оч гэлээ. Гэтэл бүр Оюуны Өмчийн Газарт хүсэлт гаргах учиртай юм байна. Үүний дараа хариуцагчийн харьяа дүүрэг рүү шилжүүлж, Зөрчлийн тухай хуулиар 500 мянгаар торгуулаад дуусдаг гэлээ.

-Бодит байдал дээр 500 мянгаар тогтохгүй хохирол учруулдаг байх?

-Манай урлагийнхан хуулийн байгууллага, шүүх, цагдаа, яам, Оюуны өмчийн газар хамтраад оносон хариуцлага хүлээлгэдэг болохгүй бол өчнөөн сая төгрөгөөр үзүүлж орлого олчхоод 500 мянган төгрөгөөр торгоод явуулж байгаа нь өөхшүүлж байгаа хэлбэр гэж л харлаа. Оюуны өмчийн газар өргөдөл гаргахаар үнэлгээ хийлгэ гэлээ. Гэтэл хэр баргийн хүн өргөдөл гаргаад байхааргүй нөхцөлтэй аж. Бид нар тэр үнэлгээг гаргуулахын тулд 10 сая төгрөгийн төлбөр төлөх зохицуулалттай юм байна. Өнөөдөр киногоо алдчхаад 10 саяар үнэлгээ хийлгэх боломжтой уран бүтээлч хэд байгаа билээ. Яг энэ байдлаар явбал тэр этгээд ямар ч хариуцлага үүрэх нь тодорхойгүй санагдлаа. Энэ зохицуулалтаас болж уран бүтээлчид шантардаг юм байна. Би ч шантарлаа. Эцэстээ эвтэйхэн олоод устгуулья гээд хууль бус хүмүүст тааруулж ажиллах шаардлага гарч ирсэн. Хулгай хийж байгаа админуудтай бараг тохиролцож киногоо гаргах нөхцөл байдал үүсчихлээ. 

-Нэгэнт мөнгө ярьсных бас нэг асуух зүйл байна. Жүжигчин нэг дүрд тоглоход кино баг хэрхэн үнэлдэг вэ?

-Хувь уран бүтээлчид жүжигчид, найруулагч, зураг авалтын баг, зураач, дууны найруулагч, нүүр будаг гээд яг тогтсон үнэлгээ үнэ ханш байдаггүй. Ямар киног хэн хийж, хэн спонсорлож байгаагаас хамаарна. Монголд арай ахадчихсан үнэтэй уран бүтээлчид ч бий. Нийтлэгээрээ хамтарч хийж байгаа студи, агентлаг, компаниудтайгаа яриад тохиролцоно. Бүх юмыг мөнгөөр харахгүй. Эргээд бид нарт ямар ашигтай байж болох вэ гээд бартерийн нөхцөл ч үүсдэг. Хэн хэндээ ашигтай байдлаар зохицоод явдаг гэх үү дээ. Өнөөдөр бэлэн мөнгө гаргаж өгөөд хэлсэн үнээр чинь авья гэдэг байгууллагууд маш ховор.

-12 жил гэрэлтүүлэгч хийж зогсохдоо боломж ирнэ гэдгийг улам бүр мэдэрч байсан-

-Та олон жил гэрэлтүүлэгч хийжээ. Бүх тоглолт таны нүдэн дээр үргэлжилнэ. Тэр бүр өөрийгөө бэлдээд бойжуулаад байсан болов уу гэж санагдсан? 

-Тийм шүү. Уран бүтээлчийн доторх жаахан цогийг би гэрэлтүүлэгч хийж байхдаа ноцоогоод байсан. Мэдээж энэ салбараас холдохыг хүсээгүй. Ямар нэгэн байдлаар хутгалдаад байж байя, нэг л өдөр өөрийгөө нээх боломж олдоно гэдэг бодолтой 12 жил киноны гэрэлтүүлэг хийсэн. Гэрлээ тавиад зогсож байхдаа жүжигчдийн сэтгэл зүй, биеийн хэлэмж, ямар дүр дээр хэрхэн ажиллаж байна гэдгийг маш сайн судалж харсан.

Яваандаа надад боломж байна гэдгээ улам бүр мэдэрч байлаа. Үүнийг би яаж ашиглаж гарч ирэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал байсан. Тэгээд эхэлсэн. Тэрнээс хойш бага багаар ахиулсаар байгаад жүжигчний ажлаа хийдэг боллоо. Сайхан байна. Анх сургууль төгсөхдөө цойлоод өгнө, хамаг юмаа гаргана гэсэн мөрөөдөлтэй. Гэвч хэдэн зуугаараа төгсөж байгаа мэргэжил дундаас боломж бололцоо, гарц гаргалгаа олно гэдэг маш хүнд. Тиймээс тэр боломжийг өөр аргаар дамжуулж явсаар байгаад эрт орой хэзээ нэгэн цагт юманд хүрнэ гэдгээ ойлгосон минь оносон.

-Яваандаа та ингэхэд яана, тэгэхэд яана гээд найруулагчийн өмнөөс дуугарчих гээд байх хэмжээнд хүрсэн үү?

-Камерийн ард зогсож байгаа бүх уран бүтээлчдэд тэгж санагддаг. Ингээд хэлчихгүй, тэгээд гаргачихгүй гээд л кинонд дурлачихсан, асчихсан залуус зогсож байдаг. Бодол төрөх ч хэлж болохгүй. Зургийн талбайд найруулагч, жүжигчин, туслах найруулагч ажиллаж байхад бидэнд тийм эрх байхгүй.

-Анхны тэр цогоо асаах боломжийг хэрхэн олов?

-2009 онд “Х ТҮЦ” продакшинд байхдаа “Помагите нам”, “Үнэнээс хол” УСК, дараа нь “Ану хатан” гээд зөндөө туслах дүрүүд дээр явж байсан. Энэнд нэг орчих юмсан гэдгээрээ бол гоё. Гэвч үр дүн чухал гэдгийг яваандаа ойлгосон. 2013 онд Боловсрол суваг телевизийн “Мөрдөгч” ОАК-ны нэг ангийнх нь эсрэг гол дүр дээр орсон. Яг эндээс би өөрөө ч, бусад хүмүүс “эсрэг дүрээр явж болох” юм байна гэдгийг харчихсан. Ингээд цааш “Маш нууц-1” киноны туслах дүрээс намайг олж харсан. Миний үйлдэл хүмүүсийг зэвүүцүүлсэн, зэвүүн байсан аймаар байсан гоё байсан гэдэг үгсийг маш ихээр сонссон. “Маш нууц 1” киноны хэсгийг харсан найруулагч “Тэнгэрээс буусан од” кинонд сонгож, нэг нэгэндээ оч өгсөөр надад боломжууд нээгдсэн. Эхний уран бүтээлүүд үнэлэгдэж, дараагийн дүрийн саналыг авч эхэлсэн юм.  Хүн чинь нэг юмныхаа учрыг олчхоор дараагийн боломжоо хайдаг. Одоо миний доторх нөгөөх оч өөрөө кино хийх бодлоор цэнэглэгдээд асчих гээд дөллөөд явж байна.

-“Амьдралын зөрлөг” киноны Гүнсэн таныг огт өөрөөр нээсэн дүр гэж харсан?

-Гүнсэнгийн дүрийг хүн сайн хань, сайн аав, хүн шиг хүн явж болдог. Бас доройтоод доошоо орох маш амархан гэдэг дээр төвлөрч тоглосон. Дэнсэн дээр ирчихсэн залуу. Амьдралын энэ зөрлөг дээрээс хаашаа салах уу, буруу явбал үр хүүхэд нь яахав. Зөв замаа сонговол бүх зүйл гэрэлтэй. Тохиолдсон муу муухай зүйлс эсвэл аз жаргалтай зууралдаад байхгүй хаяад цаашаагаа урсаж тэмүүлэх л ёстой гэдгийг үзүүлэх гэж эр хүнийхээ хувьд ч, дүрийнхээ хувьд ч барьсан. Алдаж оносон сайхан монгол эрийн дүр. Тиймээс огт өөрөөр нээсэн гэдэгтээ санал нийлнэ. Өнгөрсөн онд “Шар гэгээ” УСК-нд анх удаа эерэг дүрд тоглосон. “Шар гэгээ” дээр үзэгчдийн сэтгэгдэл эерэг сайхан байсан. Үзэгчид уран бүтээлчийн эерэг дүрийн, эсрэг дүрийн гээд тодотгоод харчихдаг. Үнэндээ бол ямар ч ялгаагүй зүйл. Найруулагчийн өгсөн дүрийг “хийж” чаддаг потенциаль нь жүжигчинд байх ёстой. Магадгүй “Шар гэгээ”-гийн дүр надад алдаж оносон, буруу шийдвэр гаргадаг тэнэг эр хүн Гүнсэнг бүтээх шан болсон.

-Нэг тийм дүлэгнэсэн эр хүн. Амьдрал дээр эр хүн тийм байвал эсрэг л зүйлс бий болно?

-Эр хүнд зориг зүрх ямар нэг хэмжээгээр байдаг. Гүнсэн дээр миний барьж тэрнээсээ гарахгүй тоглосон утга нь итгэл алдарчихсан, яг шийдвэр гаргая гэхээр бас чадахгүй, тохиолдсон зовлондоо дарагдаж шокноос гарч чадахгүй байгааг л харуулах.

Тэрнээс биш Гүнсэнгийн намтрыг нь хөөвөл хөдөлмөрч шударга эр хүн. Тэр уруудаад очиж байгаа цэг нь үнэн худлын дэнс, худлаа нь үнэн, үнэн нь худлаа болчихсон энэ нийгмийн онцлогийг харж болно. Тийм учраас хэт зоримог, хурц байж болохгүй ёстой л дүлэгнэсэн дүр байлаа. Хагацал үзсэн амьдралаа өөрөө нураагаад, доош нь татаж байгаагаа мэдсэн хэрнээ сэтгэлийнхээ тэнхээгээр давж чадахгүй байсан. Цагдаа олон удаа өрөвдөөд, зовлонг нь хайрлаад байхад давраад л байсан. Харин нэг удаа хатуурхахад гялс ойлгоод авч байгаа байхгүй юу. Монгол эрчүүдийн давруу зан бас тэнд яваад байгаа.  

-Монгол эрчүүд сэтгэлийн хөөрөл ихтэй, тэрнийхээ үр дагаварт тэнхээ муутай-

-Амьдрал дээр эр хүнийхээ хувьд та хэн бэ?

-Бас л нэг киноны дүр шиг дээ. Шийдэмгий, итгэлийг 100 хувь атгаад бүх юманд итгэл төгс эр хүн байж чадахгүй. Зөв буруу бодно, алдаатай оноотой л явна. Ерөнхийдөө бусдад муу сэтгэл төрүүлж, муу зүйл хийчихгүй юмсан гэж их боддог. Тэгсэн хэрнээ эргээд харахаар санаандгүй гаргасан үйлдэл бусдад буруугаар оччихдог юм шиг санагдана. Тэгэхээр ам гарч болохгүй зүйл гэж байдаг юм байна гэдгийг ойлгох жишээтэй.

Хэт хөөрч онгирч сэтгэлийн хөөрлийг дарж, ул суурьтай байх цаг нь болсныг дөчин нас дөхөөд ойлгодог юм байна. Үйлдлээ хянаж явахгүй бол сэтгэлийн хөөрлөөс гарч байгаа үр дүн буруу ирэх магадлал өндөр. Алдаануудыг хаях, болгоомжлохыг өөртөө зарчим болгож явахыг боддог болсон. Тэгэхгүй бол хэт урлагийн хүмүүс уран бүтээл дээрээ байнга асч оргилж байдаг. Тэндээс гол хэрэгтэй зүйлээ дээш нь явуулж, бусдыг нь  нам дарж ултай суурьтай явахгүй бол болохгүй гэдгийг ойлгож байна. 20 хэдтэйдээ, 30 хүрэхэд ч алдаа байсан. Харин 40 рүү дөхөөд ирэхээр монгол эрчүүд сэтгэлийн хөөрөл ихтэй ч тэрнээсээ эргээд ирэх үр дүнд тэнхээ муутай байдгийг ойлгож эхэллээ.

-Сайхан залуугийн дүрд тоглох юмсан гэж хэлсэн тээ?

-Би үс суулгасан ш тээ. Тэр үед маркетингийн ажил дээр тэгж ярьсан байх. Хүн үсний халцрал, үстэй байх хоёр чинь шал ондоо. Би өөрөө угийн жаахан оворжуу, дээрээс нь үс халзарчхаар 10 нас хангалттай дээшээ харагддаг байсан. Одоо бол огт өөр харагдаж эхэлж байгаа. Үүнийгээ дагаад би өөрөө их хожуу мэргэжлээрээ ажиллаж эхэлж байна. 20, 30 хэдтэй амьдралын сайхан гал цогтой үеийн дүрүүд дээр ажиллаж үзээгүй. Жүжигчин хүний том харуусал. Тэрийг туулахын тулд хүнд үс гэзэг бол маш чухал учраас би нэг удаа тэгж хэлсэн. Хайр дурлал, сайхан залуугийн дүрд тогломоор л байна ш тээ. Одоо эхнээсээ биелэлээ оллоо. Сайхан хань ижилтэй, хөөрхөн охидтой сайхан аавын дүр бүтээлээ. Алдаа оноотойгоо амьдралын төлөө тэмцэж яваа энэ сайхан эр хүний дүр.

-Үснээсээ болоод гарч ирэхгүй байсан гэж ойлгогдохоор байна?

-Хүмүүс үстэй болчхоод карьер авч байна гэж янз, янзаар хэлж байгаа. Нөгөө талаас үстэй болчхоор кинонд авахгүй гэдэг ч юмуу. Гэтэл магадгүй үсгүйгээрээ эерэг, эсрэг аль ч дүрд явах боломжтой. Үсгүй гээд эсрэг дүрд яваад байдаг юм биш. Тэгэхэр яг нэг тал руу нь туйлшраад барьчих асуудал бол бишээ. Манай монголчуудад удмын гэх тодотголтой онцлогууд бий. Жишээ нь, миний доод талын зовхи унжчихсан, манайхан бүгд ийм. Энэ нь магадгүй надад эсрэг дүр гэж цоллуулахад нөлөөлдөг болов уу.  

-Гэнэт л нэг зэвүүн эсрэг дүр гараад ирсэн. Бодит амьдрал дээр та хэр ширүүн хүн бэ?

-Би их зөөлөн хүн ш тээ. Зөөлөн зан аливаад хаалт болдог ч байж магадгүй. Тэгэхээр аливааг ажлын шаардлага, зарчим гээд барьчхаар зөв болчихдог. Би ингэх ёстой гэсэн хандлагаар хийх юм бол зөв гольдролд орно.

Намайг амьдрал дээр эсрэг дүрээр хүлээж авдаг тохиолдол гарч байсан. “Тэнгэрээс буусан од” киног гарсны дараа лифтэнд эмэгтэй хүнтэй хамт орохоор санаа зовдог байсан. Намайг гэж таниад жийрхээд байгаа нь мэдэгдэхээр би өөрөө бүр эвгүй байдалд ороод, их сонин юм билээ.

Амьдрал дээр байдаг зүйлсийг нь уран бүтээлд өгүүлдэг. Тэрийг хэн яаж хүргэх вэ гэдгээс хамаараад өөр өөр замаар үзэгчдэд очдог. Манай багш “Уучлаарай” гэдэг 1000 өөрөөр хэлээд үз гэдэг байсан. Инээж, уурлаж, өсөрхөж, дуртай дургүй гээд янз бүрээр хэлэх бүр цаад хүн өөр өөрөөр хүлээж авдаг.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Мөрөөдөл гэвэл надад тухайн цаг үеийн асуудал л байна. Үүний ард гарчих юмсан, киноныхоо идэвхжүүлэлтийн ажлыг сайн хийчих юмсан гэдэг ч юмуу. Нэг ажил аваад тэрийгээ даваад байгаа нь миний хүсэл мөрөөдөл тэмүүлэл яваа гэж ойлгодог.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-09 11:18

Мундаг уран бүтээлч шүү

Зочин
Зочин
2024-04-09 11:19

Bayar hurgey

Зочин
Зочин
2024-04-09 11:19

mundag2

Зочин
Зочин
2024-04-09 11:20

Дүр бүрээ чмн сэтгэлээсээ мөнхөлдөг шүү

Зочин
Зочин
2024-04-09 11:20

Баяр хүргэе

хүннү
хүннү
2024-04-09 15:03

Баяр хүргэе. Сүүлийн үе “од” болж байгаа жүжигчин. Амжилт хүсэе. Чи мундаг шүү. Орой 38-р сургуулиа хүүхдээ авдаг. Өөртэй чинь олон удаа таарч байсан, шууд л уулзаад яриа хөөрөө өрнүүлж чадахгүй л байна. Олон сайхан кинонд тоголсон, бүтээсэн дүр болгон нь та�##�агддаг. Би гарсан кино болгоныг үзээд байдаггүй “Содура” Маш нууц” Солиотой эх” Байтаг богд” Шар гэгээ” Монголоо” Цэвэрлэгээ” гэсэн киног л үзсэн.

Basca Feiza
Basca Feiza
2024-04-10 00:32

сайн байцгаана уу. Их дотортой буюу дүрийг гаргаж мэдэж мэдэрч таньж ухаарч ойлгож сэхээрч үзүүлдэг илтгэдэг санагддаг. Надад бол Батнямбуу гэх энэ хүн жүжигчин гэх мэрэглийнхээ тухайд дажгүй, давгүй жүжигчин.

Холбоотой мэдээ

Back to top button