Нийгэм мэдээ

Сурвалжилга: Байгалийн чимээтэй номын санд мишоктойгоо хонож, оддыг ширтэх боломжтой

Та ном уншдаг уу гэж асуувал “Cургуульд суралцаж байхдаа номын хуудас эргүүлж, түүнээс хойш номоос хөндийрсөн” хэмээн ярих хүн цөөнгүй. Манай улсад 1509 номын сан үйл ажиллагаа явуулдаг гэх статистик мэдээлэл бий. Эдгээр нь өөр өөрийн онцлогтой ч тодорхой хэдэн зүйлээрээ ижил. Тухайлбал, номын санд чимээ гаргаж болохгүй, элдэв хөдөлгөөн хийж болохгүй, дуулж, үсэрч, дэвхцэж болохгүй гэх бичигдээгүй дүрэмтэй. Тэгвэл эдгээрийн эсрэг туйл болох Монголын анхны чимээтэй номын сан үйл ажиллагаагаа эхлээд хэдийн зургаан сар өнгөрч байна. Энд 2 настай балчраас 80 настай буурал ч мөн үйлчлүүлэх бүрэн боломжтой бөгөөд заавал чимээ гаргахгүй байх бус ямар ч чимээ гаргаж болох аж. Нэг ёсондоо хэвшмэл ойлголтыг л өөрчилсөн хэрэг. Иймд "Чимээтэй номын сан"-г зорьж дараах сурвалжилгаа бэлтгэлээ.

“Чиний уншиж байгаа номыг би дараа нь уншина шүү, харин чи минийхийг уншаарай” гэж бага насны хоёр хүүгийн яриа номын сангийн хаалганы хажуугийн сандал дээрээс сонсогдоно. Номын сангийн хаалганы урд багачууд хэн ч хэлээгүй байхад гутлаа тайлж, эгнүүлэн өрчхөөд өөрсдийн дуртай хэсэг рүүгээ гүйцгээнэ. Энэ газарт хэн ч тэднийг чимээгүй бай, бусдадаа саад болоод байна гэж зэмлэхгүй. Хүсвэл тэд хэвтэж, сууж, алхаж байхдаа ч ном уншиж болно.

Бид “Чимээтэй номын сан”-гийн захирал Б.Цолмонгоос тус номын сангийн бүтэц зохион байгуулалт, хөгжил дэвшлийн талаар хэсэг хором саатан ярилцлаа.

-Одоогоор бол дандаа хувийн сургуулиудын багш, хүүхдүүд холбогдоод ирж байгаа. Угтаа бол биднийг гээд зориод ирсэн хүн болгонд нээлттэй-

-Та номын сангийнхаа талаар танилцуулаач. Бусад номын сангуудаас орчин нөхцөлийн хувьд илүү тав тухтай санагдлаа?

-Манай номын санг “Чимээтэй” номын сан гэж нэрлээд байгаа. Ингэж нэрлэх болсон шалтгаан нь хүүхдүүдийн чимээтэй байх, дуугарах, чөлөөтэй байх орчин нөхцөл нь сүүлийн үед нэлээд танагддаг болчихсон. Анги, танхим, сургууль, гэртээ, нийтийн байранд үсэрч харайх, чанга дуурах нь хүүхдийн хувьд хориотой. Гэтэл хүүхэд эдгээр зүйлийг хийж байх ёстой юу гэвэл, хийж байх ёстой. Яг өсөж байх үед, эсийн хуваагдлын үед маш их энерги нь шатаж байгаа шүү дээ. Тэрхүү цуглаж байгаа эрчим хүчээ хүүхэд үсэрч, харайж, орилж, хашхирч л гаргадаг. Тиймээс эхний ээлжид энэ бүгдийг хийж болох орчныг бүтээж өгье. Хоёрт, мэдээллийн эрин зууны үед хүүхдүүд бэлэн мэдээлэл их авдаг болчихсон. Тухайлбал, кино, сайт, контентоос ч юм уу. Үүнээс болж хүүхдүүд эргэцүүлэн бодох, тунгаах нь бага болоод байна. Үүнийг дагаж хүүхдийн сурлагын чанарт ч нөлөөлөөд байна гэж харж байна. Тэгэхээр ном уншдаг хүн, ном уншдаггүй хүний эргэцүүлэх чадамж, сурлагын амжилт харьцангуй өөр байдаг. Тэр ч утгаараа бид зүгээр нэг “Энэ номын санг нээчихвэл күүл харагдана” гэж хийгээгүй. Анхнаасаа мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөж байж зориглож нээсэн.

-Танайд одоогоор хэчнээн хүн ажиллаж байна вэ?

-Шууд утгаараа оролцоотой байдаг 13 хүний баг бүрэлдэхүүн бий. Гэсэн хэдий ч үүний цаана миний маш олон найзууд алтан цагаа энэ төсөлд зарцуулан ажиллаж байна. Мөн түрүүнд дурдсан  “Magic Box”-оор хүүхдүүдэд үнэгүй шатар, даамны дугуйлан ажиллуулаад явж байгаа.

-Номын сангууд бүртгэл үүсгэж, гишүүнчлэлтэй байдаг шүү дээ. Танайх тийм бүртгэл, гишүүнчлэл бий юу?

-Манай номын сангийн үндсэн консепт бол member-үүдэд үйлчилнэ. Өөрийн гишүүнчлэлтэй болно гэсэн үг. Нөгөөтээгүүр, бид сургуулиуд, ангиудтай гэрээ хийж, хичээлээс гадуурх үйл ажиллагааг энд зохион байгуулна. Ангиуд нэлээд сонирхолтой, хүлээлт өндөр байгаа. Одоогоор бол дандаа хувийн сургуулиудын багш, хүүхэд, эцэг эхчүүд холбогдоод ирж байгаа. Угтаа бол биднийг гээд зориод ирсэн хүн болгонд нээлттэй.

Бид номоор дамжуулан хэд хэдэн хөтөлбөрийг гаргасан байгаа. Эдгээр хөтөлбөртөө хамруулж жилийн турш хичээлээс гадуурх үйл ажиллагаа гэдгийг нь хийж өгье гэж байгаа юм. Бидний бэлтгэсэн хөтөлбөрт сууснаар маш өгөөжтэй байх болно. Тухайлбал, хүүхэд өөрийн гэсэн гурван номтой болно. Өөрийн зохиосон ном гэсэн үг шүү дээ. Мөн уншсан 30 гаруй номтой болж, номоор дамжих хамгийн том хүмүүжлийг олж авна.

Хүүдүүд номын санд ирж үйлчлүүлснээр маш олон давуу талыг бий болгож байгаа. Жишээлбэл, ямар нэгэн тохиолдолд хүүхдүүд номын хуудсаа урах тохиолдолд түүнийг нь нөхөөд өгдөг хэсэг бүлэг хүүхдүүд ажиллаж байх жишээний. Мөн анхандаа хүүхдүүд гар утсаараа оролдоод нэг л номондоо төвлөрөхгүй байсан бол харин одоо гар утсаа оролдох нь багассан. Энэ мэтчилэн номын сан гэдэг ялангуяа хүүхдүүдэд маш сайн нөлөөлөл үзүүлж байгаа нь үнэхээр урамтай.

-Ихэвчлэн хувийн сургуулийнхан ирдэг гэлээ. Тэгэхээр зарим хүмүүс “Өө энэ номын санд чинь мөнгөтэй хүмүүс л үйлчилдэг юм байна шүү дээ” гэж бодох байх. Тэгэхээр өөр газруудаар яг ийм тухтай номын сан нээх үү?

-Энэ тал дээр хүмүүс янз бүрээр хандаж байна. Бид гэр хороололд хүүхдүүдэд зориулаад үнэгүй ном унших боломжтой чингэлэгт номын сан байгуулсан. Тэнд байгаа  “Magic box” чингэлэгтэй номын сангийн үнэ 600 сая төгрөг давсан байна. Энэ удаа “Sky Garden” хотхон “Winter Garden” гээд том өвлийн хүлэмжтэй учраас дөрвөн улирлын турш ногоон орчинтой байх нь тохиромжтой гэж үзээд сонгосон. Бид цаашдаа олон салбар нээж, ерөнхий боловсролын сургуулиудын номын сангийн зөв менежментийг хийх бодолтой байна. Энэ бол нийгмийн хариуцлагын хүрээнд л хийж эхэлж байгаа зүйлийн минь нэг.

Би соёлын яам эсвэл боловсролын ажилтан биш. Зүгээр л хүүхдүүдийг номд дуртай болгочихъё гэсэн санааны үндсэн дээр нээсэн юм. Үүн шиг томсгосон хувилбарыг нээх гээд аймгийн төвүүдэд нээх гээд саналаа тавьчихсан байгаа. Аль түрүүлж сонирхож холбогдсон газруудтай ярилцаад хийнэ. Одоогоор Эрдэнэт, Ховдод зураг төсөл нь гарчихсан явж байгаа. Гэхдээ хэзээ хийгдэж, ашиглалтад орох эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч хийнэ гээд төлөвлөчихсөн л явж байна даа.

-“Oxford”-оос номын сангийн менежментийн талаар олон зүйл сурч, хэрэгжүүлж байна-

- Тэгвэл хүүхдүүд хэдэн номноос сонголтоо хийх боломжтой вэ?

- Нийт хэвлэмэл 30 мянган номтой. Үүн дээр нэмээд 60 мянган цахим ном бий. Номын сан доторх компьютерууд дээрээ цахим номын эрхийг нь нээчихсэн. Одоогоор бүх номууд маань бүрэн ирж дуусаагүй л байна.

Номын сангийн менежментийн талаар ч туршлага судлах сургалтад хамрагдаж, “Oxford”-той их ойр хамтран ажиллаж байна. Тухайлбал, номуудаа ангилж өрөөгүй. Учир нь, хими, түүх, математик, уран зохиол гээд төрлөөр ангилаад тавихаар хүүхдүүд нэг хэсэгт нь эргэлдэж байгаад өөр зүйл сонирхохгүй тэгсхийгээд уйдчихдаг юм байна. Мөн бүх номоо нүүрээр нь харуулж тавьсан. Номыг нуруугаар нь харуулж тавихаар хүний сонирхлыг мөн л татдаггүй. Энэ мэтээр “Oxford”-оос номын сангийн менежментийн талаар олон зүйл сурч, хэрэгжүүлж байна. Мөн сурах бичгүүд бүгд бий. Гэхдээ нэг ном 20-оос дээш ширхэг байж болохгүй гэсэн зарчим баримталж байгаа.

-Хүн төрөлхтөнд номын сан яагаад чухал юм бэ? Энэ асуултад эрдэмтэд маш олон талаар тайлбарласан байдаг. Харин таны хувьд энэ асуултын хариуг яаж өгөх вэ?

-Даруй зуун хорин жилийн түүхтэй, 53 сая гаруй номын фондтой Нью-Йорк хотын төв номын сангийн карт дээр “Мэдлэг бол хүч юм” хэмээх эшлэл бий. Ном гэдэг өөрөө мэдээллийг боловсруулах, түүнийг мэдлэг болгон хувиргах чадварт хүүхдийг багаас нь суралцуулах ид шидтэй. Харин номын санд хүүхдүүд асар их мэдээлэлтэй харьцаж, түүнийгээ цэгцтэй, оновчтой ойлголт болгоход шаардлагатай эргэцүүлэн бодох дадлыг эзэмшдэг.

Гэвч бодит байдал дээр нийслэл хотын номын сангууд орчин цагийн хүүхдүүдэд мэдээллийг интерактив, технологид суурилсан тоглоомон хэлбэрээр нь түгээх нь бүү хэл зориод очсон багачуудад суух суудал олдохгүй хэмжээний нөхцөл байдалтай байгаа нь бодит үнэн. Тэр ч утгаараа манай хамт олон бүх насны хүмүүс орж номын санг цоо шинэ байдлаар загварчилж, тэднийг жинхэнэ утгаар нь номонд дурдуулах зорилготой ийн үйл ажиллагаагаа эхлээд явж байгаа минь энэ юм.


Бид ийн ярилцаад тус номын санг тайлбарлуулан нэг бүтэн тойрлоо. Номуудыг ярайтал эгнүүлж өрөх бус нүүрийг нь ил гарган өржээ. Энэ нь хүүхдийн ном унших хүслийг өдөөж, сонирхлыг нь татдаг аж. Тавиурууд дээр хүүхдүүдийн унших дуртай “Шидэт чулуу ATMAN” цувралаас эхлээд Габриэль Гарсиа Маркесийн "Эзэнтний намтар" хүртэл агуулгын өргөн цар хүрээ бүхий 23 мянга гаруй биет номын дээж байв.

-Шөнийн оддыг ширтэх шилэн дээврийг хүртэл шийдэж өгсөн нь хамгийн сайхан гоё мэдрэмж-

Өдрийн 15:00 цагийн үед аавтайгаа хамт ирж хичээлээ хийж буй бяцхан уншигч Болд-Эрдэнэ "Анх энэ номын санг ээж минь цахим хуудаснаас хараад намайг бүртгүүлж өгсөн. Би үүнд нь маш их баярладаг. Одоогоор номын сандаа тогтмол суугаад сар гаруйн хугацаа өнгөрч байна. Би ихэнхдээ гэрийнхээ даалгаврыг хийдэг. Одоо бол хамгийн хүндрэлтэй байгаа математикийн хичээлээ давтаад сууж байна. Жоохон зав гарах юм бол өөрийн сонирхдог амьтдын тухай ном уншдаг. Цаашдаа олон удаа ирэхийг хүсэж байна” хэмээн ярина.

Мөн цаашаа явж байхад хамт олноороо сууж болдог танхимд ээжтэйгээ хамт ном уншиж суугаа номын сангийн үйлчлэгч Х.Эрдэнэбулган: "Би энэ жил төгсөх ангийн сурагч. Хичээл ихтэй учир төвлөрч суух, ядарсан үедээ хэсэг амрах, өлссөн үедээ юм идэх зэрэг бүгдийг нэг дор цогцлоосон газар байгуулагдсан баяртай байна. Номын санд хичээл хийхээр очдог ч тух муутай ширээ сандал, чимээгүй байх дүрмээс болж нойр хүрэх нь элбэг.

Мөн манай оюутан ах ангийнхантайгаа оройн цагаар багаараа хамтран төсөл, бие даалтаа хийхээс гадна кино үздэг гэсэн.  Шөнийн оддыг ширтэх шилэн дээврийг хүртэл шийдэж өгсөн. Тэр нь их үзэсгэлэнтэй харагддаг. Мөн нэвтрэх тусгай картаа сарын хугацаатай цэнэглүүлж чөлөөтэй үйлчлүүлэх боломжтой нь ч их таалагддаг” гэлээ. Энэ мэтчилэн танхимд сууж байгаа ихэнх хүмүүс ам сайтай байхын зэрэгцээ дахин дахин үйлчлүүлмээр санагдсан хэмээн ярьцгааж байлаа.


Энд бүгдээрээ тойрч суугаад ном уншиж болохуйц саруул танхим, ганцаараа ажиллахад тохиромжтой компьютерүүд, чимээгүй өрөө, аав ээжүүдийн суух хэсэг төдийгүй хэвтээд ном унших бүхээг хүртэл бий.

Гэхдээ компьютерын ширээн дээр сууж буй болон утсаар тоглож, бичлэг үзэж буй нэг ч хүүхэд олж харсангүй. Чимээтэй номын сангийн хүүхдүүд дэлгэцийн хэтийдсэн хэрэглээгээ ном унших цагаар сольсон мэт. Мэдээж энэ номын сангийн үйл ажиллагаа зөвхөн ном уншихаар зогсохгүй код бичих болон англи хэлний сургалтын хөтөлбөрүүдтэй ч хослуулж болно.

Нийслэл хотын 240 гаруй сурагч тутамд нийтийн номын сангийн ганцхан суудал оногдож байгаа энэ үед хүүхдүүдэд ном унших, дураараа тоглох боломжийг олгосон “Чимээтэй номын сан”-гийн үйл ажиллагаатай ийн танилцлаа. Хүрэлцээ багатай сургуулийн номын санд чимээ гаргах “эрхгүй” сууж ном унших бус, дураараа тоглож, хөгжилдөнгөө хөгждөг, урагшилдаг цоо шинэ ирээдүй айсуй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цэвэлмаа
Цэвэлмаа
2024-04-12 21:09

Маш сайхан гоё номын сан гайх�##�тай баярллаа баяр хүргьё

Зочин
Зочин
2024-04-13 18:45

Хаяг нь

Зочин
Зочин
2024-04-14 10:08
Reply to  Зочин

Хаяг нь

Холбоотой мэдээ

Back to top button