Нийгмийн
Хямралаас гарах гэж ААН-д шаардлагагүй хяналт шалгалт хийхгүй

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар салбар салбарын бизнес эрхлэгчидтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг нь сонсон цаашаах шийдэл, гарц, төлөвлөгөөг танилцуулж байгаа.
Энэ удаад худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг сонсоны дараа боломжит шийдлүүдийг танилцууллаа. Үүнээс онцлоход,
- Хуучны байрнууд буюу дахин төлөвлөлтөд орохоор тогтоогдсон байршлуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нар түр хугацаанд сунгаж, Ковидын дараах эдийн засгийн хямралаас гарах гэж буй аж ахуйн нэгжүүдэд шаардлагагүй хяналт шалгалт хийхгүй байхыг төрийн албан хаагчдад уриалмаар байна.
- Мэргэжлийн гал тогоотой байх гэх стандарт, дүрэм байхгүй. Харин “халуун, хүйтэн хоолоор үйлчилнэ” гэж хуульд тусгасан. Шөнийн цагаар баар, караокегоор үйлчлүүлж буй иргэд хүргэлтийн хоол захиалаад идэх боломжтой. Тиймээс дээрх стандартад баригдалгүй тусгай зөвшөөрлөө сунгуулж болно. Үүнд холбогдох төрийн байгууллагууд уян хатан хандах ёстой.
- Татварын өртэй холбоотой асуудлыг холбогдох төрийн байгууллагуудтай ярилцаж шийдвэрлэж өрийг тодорхой графикийн дагуу төлөхөөр тохиролцвол тусгай зөвшөөрлийг олгох асуудлаар Татварын ерөнхий газар, Сангийн яамтай зөвшилцөнө. Дээрх байгууллагуудын зүгээс уг асуудлыг дэмжвэл тусгай зөвшөөрлийг дүүргийн Засаг дарга нар олгоно.
- 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс нийслэлд харьяалагддаг хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд хуваарилсан. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүлээд буй. Цаашид дүүрэгт төвлөрч буй зарим аж ахуйн ажлыг хороодод хуваарилж, төрийн үйлчилгээг хүнд суртал багатай, хурдан шуурхай хүргэхэд анхаарна.
Б.ХАШ-ИЛД








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хууль дүрэмтэй улс шүү Монгол улс. хэн нэг нь дарга сэтэр зүүчихээд сонгуулийн өмнө ингэж попорч унгас алдаж болохгүй мал минь. хяналт байхгүй бол бөөн хордлого гараад үхэж үрэгдвэл чи хариуцах уу, амаа олж чалч