Б.Сарантуяа: Одоо л би хүссэнээрээ "бяц авч" байна

Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа жил бүр төрсөн өдрөөрөө фэнүүдтэйгээ уулздаг. Жил болгон тоглолт хийдэг уран бүтээлч хаана ч цөөн. Энэ жилийн хувьд Б.Сарантуяа соёлын өвийг хамгаалах, сурталчлах агуулгаар МҮЭСТО-нд дөрөвдүгээр сарын 19, 20-нд хоёр өдөр тоглох нь ээ. Тоглолтын бэлтгэл гээд завгүй явахад нь уулзаж, цөөн хором ярилцлаа. Хожим надад дэлгэрэнгүй ярилцлага өгнө гэж тэр амлав.
-Энэ удаа та МҮЭСТО-г сонгожээ. Соёлын өвөө хамгаалах, сурталчлах концепц барьсан нь анхаарал татлаа. Та мэдээж хамгийн сайн акустиктай газар дуулахыг эрмэлздэг байх. МҮЭСТО 1975 онд ашиглалтад орсон юм байна, хүндрэл гарах тал байх уу?
-МҮЭСТО-г аппаратур муу, сандал нь хуучирсан гэх нь бий юм билээ. Сандал бол яах вэ, янзалж болдог эд. Тоглолтын өмнө мэдээж амжихгүй ч, МҮЭСТО-ны хөдөлмөрч хамт олон шинэчлэхээр төлөвлөсөн юм билээ. 2013 онд би “UB Palace”-т тоглолт хийхийнхээ өмнө цэвэрлэгээний компани авчирч, сандлуудыг угаалгаж байсан. “Тана” брэндийн үнэртүүлэгч авчирч, танхимаа ч агааржуулж байлаа. Үзэгчийн суудал, тав тухыг ер нь л чухалчилдаг. Өөрөө хэдэн төгрөг олж, нэг орой шоу хийнэ гэхээс илүү үзэгчид маань тав тухтай байгаасай гэж хүсдэг.
“Мөнгөн харандаа” хамтлагт 10-р ангийн сурагч байхдаа МҮЭСТО-ны тайзан дээр дуулж байсан юм. Саяхан мэт санагдаж байна. Урлагийн гарааг энд эхэлж байж. Мөртлөө энэ сайхан ордондоо, одоо хүндэтгэл үзүүлж дуулах хэрэгтэй санагдсан. Ийм бодол сэрхийтэл орж ирсэн. Эстрадын дуу дуулаачдын уралдааны нэгдүгээр байрны шагналыг мөн МҮЭСТО-ны тайзан дээр авч байсан. Анхны л “Инээмтгий хүн”, “Аргагүй амраг” тоглолтуудаа энд хийж байжээ.
Хүмүүс МҮЭСТО-г нэгэн үеийн концертын танхимуудтай харьцуулахад хамгийн сайн акустиктай гэдгийг сайн мэддэггүй бололтой юм. Энэ бол чанга яригчийн тухай асуудал биш. Анх хурлын зориулалтаар барьсан байдаг. Акустикаар бол нэгт орно. Үүнийг тоглолтыг маань үзээд хүмүүс мэдрэх болов уу. Мэдээж бид нэмэлтээр чанга яригч тавина. Бэльэтажийг сайн тохижуулна. Хэзээ ч байгаагүй гэмээр тайз засна. Бараг л байшин дотор дахиад байшин барина. Үүнд H.O.W architecture компани анхаарч ажиллаж байгаа.
Тоглолтоо “Сэтгэлийн хөг” гэж нэрлэсэн. Нэг орой МҮЭСТО-ыг сэтгэлийн сүм болоосой гэж төсөөлсөн. Шашны агуулгаар биш шүү. Хүнд сэтгэлээ уудалдаг газар гэж бий дээ. Тийм мэдрэмж өгье гэж бид хамтдаа сэтгэл шулуудсан. Хавар цагт хүн эмордог. Байж болох бүх л дурсамж эргэн ирдэг. Иймд носталжик, мартагдсан уран бүтээл, уран бүтээлчдийг эргүүлж авчиръя гэж зорьсон. Эртний Сараагийн дуунууд, тэр имижийг авчирна. Дуулсан хэвээр ч төдийлөн идэвхтэй байхаа больсон дуучдыг мөн урьж байгаа. “Болор” хамтлагийн дуучин С.Оргил headline артистаар оролцоно. С.Оргил маань Б.Ангирмаа, А.Билгүүнтэй нэг нэг, надтай хоёр дуу дуулна.
-С.Оргил чухал байр суурь эзэлж байгаа юм байна. Та хоёрын “Чам руу над руу урсана” дуу ч хит шүү.
-Тийм.
Ер нь урлаг соёлыг хамгаалах, хүндэтгэх гэдэг үзэл бодол гэнэт өнөөдөр гарч ирсэн хэрэг биш. 2000 оны эхээр “Соёл-Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин Б.Нандинцэцэг эгчид тусгайлан анхаарч байсан. Millennium студид дууг нь бичүүлж, 10 сая төгрөгийн ивээн тэтгэлэг хөөцөлдөж олж өгсөн. Бурхан болохынх нь өмнө “Үеийн залуус бид нар”, “Хунгийн дуу” гэх мэт дуунуудыг нь тэгж бичүүлсэн. 2000 онд би “Пентатоник” наадмыг зохион байгуулсан, тайзан дээр Б.Нандинцэцэг эгч маань гараад, бүхэл бүтэн үзэгдэл болж билээ. Тэр торгон мөчийг мартахын аргагүй. Тэнгэрт халихаасаа өмнө тайзан дээр дахин нэг гарах, тийм сайхан мэдрэмж авахад нь би тусалсан байж магадгүй. Хувцсыг нь оёулж, Оросоос гар утас авчирч өгөөд. Дуу бичлэгт нь би өөрөө арын хоолой хийж өгсөн.
Өөрөө хэлбэл, соёлын өв гэдэгт материаллагаас гадна хүн өөрөө ч тооцогддог.

-Арай өөр, шинэлэг өнгө аястай сурталчилгаа явж байна. Шинэ үеийн залуустай хамтарч байна уу?
-Rokit Bay-ийн тоглолтыг зохион байгуулж буй хамт олон. NFT Mongolia, Ticketx.mn компанийн залуус юм. Бид өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлээд л тоглолтын талаар ярилцаж байгаа. Түгээмэл, байдаг л нэг зар сурталчилгаанаас арай өөр, шинэлэг концепц харагдаж байгаа биз.
Би тоглолтуудынхаа концепцыг өөрөө голчилж боддог ч, өмнө нь бол хамтрагчдадаа бүрэн дүүрэн илэрхийлж, тулгаж хэлдэггүй байсан юм шиг. Анзаарсан бол би хуучны дуунууддаа эргэж ирдэг. Цаг хугацаа ч өөрөө эргэдэг шүү дээ. 2022 онд гэхэд л “Супермэн” дуугаар тоглолтоо нэрлэсэн.
-“Супермэн” бол бүр дээр үеийн хит шүү дээ.
-Тийм.
“Сэтгэлийн хөг” хэмээх ижил нэртэй тоглолтыг өмнө нь 1994 онд, Циркт хоёр өдөр тоглож байжээ.
16 насандаа “Мөнгөн харандаа” хамтлагт дуулах болж, улс төрийн дууны дөрөвдүгээр наадамд түрүүлж байлаа. 1988 онд Эстрадын дуулаачдын уралдаанд уран сайханчид дундаа нэгдүгээр байр эзэлсэн. 1989 онд “Сэтгэмж” хамтлагт орж, “Цахлай” дуугаа бичүүлсэн. Тэгээд Н.Ганхуягтай танилцаж, “Инээмсэглэл” хамтлагт дуулах болж, ӨМӨЗО-ы гурван хотоор аялан тоглосон. Ингээд 1990 онд “Хөх тэнгэр” хамтлагт орсон. Эргээд бодохоор карьер маань их хурдан өссөн шиг. Мэргэжлийн уран бүтээлчдийн дунд хурдтай хөл тавьж, “Зүүдний говь”, “Чиний үгүйд”, “Хархорин” дуунуудаа бичүүлсэн.
1991 онд “Хөх тэнгэр” хамтлагт байхдаа, эмэгтэй дуучдын шоу тоглолт зохион байгуулж байлаа. Я.Оюундэлгэр, Х.Оюунбилэг, Б.Мягмасүрэн нарын хамт. Ардын жүжигчин Г.Хайдав гуай найруулж, Б.Дашдондог тоннмейстрээр ажилласан. Ингэхээр бүр 21 насандаа уже шоу бизнест хөл тавьж. 22 насандаа хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж, дуучин Н.Ганхуягтай хамтарч, Сингапурт “Зүүдний говь” дуугаа бичүүлж байсан. 24 насандаа харин хэдийнэ биеэ дааж, Циркэд хоёр удаа бие даасан тоглолт хийсэн. Ингээд л 25 насандаа соло цомог гаргаж, 26-тайд “Аргагүй амраг” цомгоо хийсэн. Удалгүй хөл хүнд байхдаа “Миний дуу” концертоо тоглоод л. 1997 онд Германд байхдаа “Эгэл сэтгэл” цомгоо гаргасан. Энэ үеэр 1500 суудалтай зааланд тоглосон нь рок поп ертөнцөөс анх удаа хилийн чанадад тоглолт хийсэн явдал.
-Анхны удаа гэж тооцогдох уу?
-Тэгнэ. Түүнээс хойш “Харанга”, “Хурд” орж ирсэн. “Харанга”-ыг 1999 онд ирэхэд би хоол бэлдээд очиж байснаа санадаг юм (Инээв). Гадаадад дуу бичүүлэх, тоглолт хийх оролдлогуудыг эрт эхэлсэн юм байна.
-Таны цомгууд харин их эрт Москвад, Сингапурт бичигдсэн байдаг.
-Мөсийг хагалж явсан. Нэг ёсондоо жим юм. Өөрийн явсан жимийг хаагаад явах биш. Харин араасаа бусдыг дагуулах жим татуулах нь чухал. Тэр жимийг тавьснаараа би зарим талаар буян үйлдсэн гэж боддог. Тийм болохоор ч миний урлагийн зам дардан байдаг байж магадгүй.
-Сарын өмнө та “Lullaby” гэдэг шинэ цомог гаргажээ. Сонин санаа. Бүүвэйн дуутай. Англиар ч дуулж. Англи хэл дээрх дуунууд нь бүр 1970-аад оны, барууны жазз дуучин шиг сонсогдоход бахдаж бас цочлоо. Дахиад л гайхшруулсан.
-“Saraa’s Music Production” маань Сараатай холбоотой бүх уран бүтээлийг хийдэг л дээ. Би өөрөө айхтар зарладаггүй. 1995 оноос явж байгаа. Би амбицтай хүн биш учир өөрийн продакшн энэ тэр гэж зарладаггүй ч гэх үү. Манай продакшны хоёрдугаар үеийн тоннмейстр Ө.Баясгалан гэж дүү маань бий. Нэжгээд хэдэн жилийг надтай ажиллаж өнгөрүүлсэн, одоо Вашингтонд амьдарч байгаа. Охинтой болжээ. Тэгээд “Гадаадад амьдардаг залуу хосууд бүүвэйн дуу мэдэхгүй юм аа, заримдаа. Бүүвэйн дууны цомог гаргахгүй юм уу” гэж хэлсэн л дээ. Ингээд бүүвэйн дуутай цомог дээр ажиллах сэдэл төрсөн.
Цомогт багтсан “Шаргын жороо” гэдэг ардын дууг оюутан байхад маань Л.Цогзолмаа гуай зааж өгч байсан. Харин “Торгууд нутаг”, “Учиртай гурван толгой” дуурийн “Бүүвэйн дуу” зэрэг бол миний СУИС-д төгсөлтийн шалгалт өгөхдөө бэлдсэн дуунууд. Төгөлдөр хуурын багш маань тэр үед харин “One Grain of Sand” дууг зөвлөж байлаа. Өнгөт арьст хүмүүсийн амьдралын жаргал зовлонг санагдуулах шиг болдог.
Намайг долоон настай байхад ээж маань Бичер Стоугийн “Том авгын овоохой” зохиолыг бэлэглэж байсан. Түүнд өнгөт арьстны амьдралыг дурайтал бичсэн. Жек Лондоны “Мартин Иден” байна. Миний хүүхэд насны ой тойнд бууж үлдсэн. Тийм болохоор “One Grain of Sand”-ийг дуулахдаа өнгөт арьст эмэгтэйн нууцхан тэмүүллийг мэдрэх гэж хичээдэг. Тэдний дуулах маньер гоё ш дээ.
Харин “Торгууд нутаг” дууг хүндэлж, шүтэж явдаг Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуайн маньераар дуулах гэж хичээсэн. Орилоогүй, шивнээгүй. Хөвсгөлийн хязгаар нутагт явахдаа Торгууд түмэнтэй уулзаж танилцаад, үнэхээрийн их биширсэн л дээ. Энэ дууг заавал дуулна гэж өөртөө ам гарсан байсан.
“Lullaby” цомгоороо дуучин бөгөөд эх хүн болсныхоо хэргийг сая нэг үзүүлэв үү дээ гэж бодож байна. Бүр 2023 онд бичүүлчихсэн байсан. Би бүтээлч байдлаа алддаггүй. Энэ удаагийн тоглолтдоо гурван шинэ дуу дуулна. Мөн хуучны дуунуудаа сэргээнэ. Хүмүүс “Улиг болсон дуу” гээд байдаг. Жилдээ нэг удаа тоглоход фэнүүд маань бас сонсог л дээ. “Мартъя”-г ремиксээр биш, яг анхны хувилбараар нь дуулах гэж байгаа.
-Сүүлийн үед та дандаа ремиксээр нь дуулаад байгаа?
-Залууст зориулж, доргио байя гээд ремиксийг дуулбал зүгээр юм билээ. Харин сүүлд Central телевизээр “It’s My Jam” нэвтрүүлэг үзэхэд “Мартъя”-г хуучнаар нь дуулж байсан. Гоё санагдаад. Тэгээд ингэж шийдсэн. Би ер нь цаг үе, эргэн тойрондоо сэргэг мэдрэмжтэй байж, шинэ санаа олдог.
-Та эргэн тойрноосоо тасралтгүй санаа, сэдэл авдаг гэлээ. Рок хэв маягаар задарч дуулах болсон тань таныг ялангуяа залуу үед асар их таалагдаж байгаа. Та үүнийг анзаарсан уу?
-Анзаарсан.
-2022 оны Playtime дээр та яг л рок од шиг байсан.
-Зүүд зэрэглээ мэт л санагдаж байсан шүү.
-Таныг шинээр нээж байна шүү дээ?
-Лос Анжелост тоглоод би бүр гайхсан. Залуус маш их байсан. “Рэндом” хамтлагийнхаа хүрээнд ч би ер нь залуу хөгжимчидтэй би ажиллаад байгаа. Тэр хэрээр цугтаа өсдөг. Дээр нь хүүхдүүд маань том боллоо. Том нь 27-той, бага нь одоо 18 хүрэх гэж байна шүү дээ. Тэгэхээр би ерөөсөө л залуус дунд амьдарч байна.
“Playtime”-д уригдаад бол би бодсон. Ямар Сарааг үзүүлэх ёстойгоо. “Тэнэг ялааны дууль” гэх мэт рок хэв маягт сайтар хувирч болох дуунуудыг сонгосон, ажилласан. Рок Сараа байя гэж шийдсэн.
Төрийн наадамд гэхээсээ Playtime-д дуулах нь зах зээлд борлогдож буй артистын хувьд чухал байлаа. Наадмаар “Сараа хаачив” гэж хүмүүс үгүйлж байхыг бас анзаарсан. Гэхдээ надад тийм боломж олгосонд нь Playtime наадамд талархсан.

-“Амьдрал” дуун дээр ямар хувь тохиол байсан юм бэ. Та яаж тэгж задарч дуулав аа, түүнээс хойш таны хэв маяг ингэж шинэлэг анзаарагдах болсон. Өөр, шинэ шат юм шиг?
-Жүжигчин Б.Навчаа шууд “Заавал хит болгоно шүү” гэж тулгасан л даа (Инээв). Г.Онон хөгжмийг нь хийсэн. Би ер дууг анх сонсоод муу, сайн гэдэггүй. Үнэхээр таалагдахгүй л биш бол. Сэтгэлд багтаж байвал дуулчихдаг.
Харин “Амьдрал” намайг судалж бичсэн дуу шиг санагдсан. Надад зориулж тусгайлан оёсон хувцас шиг. Аранжировкаг мөн Г.Онон өөрөө хийсэн байсан. “Байдраг” студид бичүүлсэн, С.Байдраг ч надад нөлөөлсөн. 2014 оноос “Рэндом” амьд хөгжмийн хамтлагтайгаа дуулж байгаа учраас хоолой ч хангалттай задарсан байсан. Би “Ингээд л орилоод байх болж байна уу, Байдраг аа?” гэж асуусан. “Одоо тэгэхээс. Та чинь рок юм биш үү?” гээд.
Ер нь хамтлагтайгаа дуулахад транст орж байгаа юм шиг л болдог.
-Тэгж анзаарагддаг шүү.
-Тэгдэг, тэ. Хамтлагаараа манардаг. Гэхдээ хундага дарс ч уухгүй тайзан дээр гарна шүү дээ. Сүүлд бид “Баатарван”-д амрангаа тоглосон. Тэгэхэд бас л мартагдашгүй тоглолт болсон шүү. Амарч байсан болохоор нэлээд чөлөөтэй, гоё дуулсан.
-30 жил дуулахдаа, “Одоо л би хүссэнээрээ дуулдаг болж байна” гэж бодсон удаа бий юу?
-Тэр нь яг одоо л байх. Дээр үед “алаад” л байсан шиг мөртлөө одоо сонсоход сэтгэл дундуурхан санагддаг. Манайхан социализмын үед дуучдыг дэндүү эрт тэтгэвэрт гаргачихдаг байсан байна. Харин эмэгтэй дуучны жинхэнэ задарч, хүссэнээрээ дуулдаг үе бол энэ.
-Таны хоолой одоо “бяц авч” байгаа?
-“Бяц авах” үе нь байгаа байхгүй юу. Гэхдээ дуурийн дуулаачийн ангид сурсан маань хамгийн олзуурхууштай явдал. Г.Хайдав багш миний хоолойг мөнх дуулах хэмжээнд тавьж өгсөн шиг санагдсан. Хүчилдэггүй, аргыг нь олоод дуугаргаж сур гэж заадаг байсан. Багшийнхаа заасныг шавь нартаа үлдээхийг хичээдэг. Тэд дутуу сураад байдаг юм аа. Ингэж сурвал хоолой эвдрэхгүй.
Би дээр үеийн Сараатай харьцуулж бодвол хувь хүнийхээ хувьд ч өөрийгөө эвдрээгүй гэж боддог. Хүнийг уучилж, аливаа муу юмыг мартаж чаддаг. Гэхдээ эвдрээгүй гэдэг нь гэнэн гэсэн үг биш. Арай болгоомжтой, хашир л. Нөгөө талаар би сайн хүмүүсээр найзуудаа, хамтрагчдаа сонгодог байж магадгүй.
Мөн сошиал орчинд ч би фэнүүдтэйгээ идэвхтэй харилцдаг. Зүрх дарж, өөрөө коммент бичиж хариулдаг. Энэ их чухал зүйл. Тухайн хүнд маш их эрч хүч, урам өгч байгаа шүү дээ.
-Та шууд харилцдаг юм билээ.
-Тийм. Хүмүүс болохоор “Яах юм, их юм бодчихно” энэ тэр гэдэг ш дээ. Би тэгж боддоггүй. Намайг бүр хэт энгийн байна гээд байдаг.
-Гэхдээ танаас хүмүүс яагаад ч юм сүрдээд байдаг шүү?
-Гадаад төрх маань тийм юм биш үү. Хүнийг “монопольдох” гэж байгаа юм шиг (Инээв). Гадаадад дэлгүүрт явахад намайг хараад хямдрахгүй, харин бүр үнээ нэмдэг. Манай Нарантуул, Дүнжингарав дээр бол хямдардаг. Та тэдээр авчих, эсвэл битгий ав аа, онцгүй гэх жишээтэй (Инээв).
-Залуудаа та жинхэнээсээ “монопольдох” гэж байгаа юм шиг араншинтай байсан юм болов уу?
-Үгүй шүү. Би гэхдээ шулуухан хүн. Таалагдахгүй бол чадахгүй л гэдэг. Залуудаа дисконд бүжиглэж байхад таалагдахгүй залуу орж ирээд урд хачин сонин хөдлөөд байвал түлхчихдэг л байсан. Эршүүд ч гэх үү. Шүхрээр зодчихдог л байсан.
-Хэзээ, хэнийг вэ?
-Б.Ангирмаа бид хоёрыг лесби гэж бичээд.
-Шар сонин уу?
-Тийм. Тэгээд сэтгүүлчийг нь шүхрээр цохисон шүү. Ер нь надад жаахан тийм зэвүүн байсан тал бий. Шэрон Стоуны хэлсэн, “Намайг чулуугаар шидвэл зөрүүлээд хад унагана” ч бил үү, эсвэл “Хүний нөхөр эргүүлээгүй байхад эргүүлсэн гээд байвал харин эргүүлсэн шиг эргүүлнэ шүү” ч бил үү, үг хэлчихдэг л байсан (Инээв).

-Шулуухан, дураар зоргоор зан бас задарч уран бүтээл хийхэд чухал нөлөөтэй байх аа?
-Уран бүтээлд нөлөөлдөг.
Сая чи “1984” жүжиг үзсэн үү. Сэтгэлгээний эрх чөлөө ямар сайхныг харуулж байна шүү дээ. Манайхан болохоор Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаа, хотын даргаа шууд загнаад л, муулаад л байдаг. Яг үнэндээ ямар ч улсад ийм юм байдаггүй. Францууд л тэгдэг байх. Тийм эрх чөлөөтэй байж энэ эрх чөлөөгөө бид үнэлдэггүй. Үнэлэх хэрэгтэй. Бас хүний сэтгэлгээний эрх чөлөөг хүндэтгэх ёстой.
Нэг юмыг ясандаа шингэтэл ойлгоосой гэж боддог. Хэрэвзээ надад дургүй юм уу haters хүмүүс байдаг бол, ашиг гэдэг Сараагийн хувьд нэгдүгээрт биш шүү. Ашиг нэгдүгээрт хүмүүсийн амьдрал ямар вэ, юу зүүж, ямар машин унадаг вэ гэдгийг хараарай. Ашиг биш таашаал нэг дугаарт явдаг. Тоглолтоос би таашаал л авдаг. Кайф. Түүнээс дансанд хэдэн төгрөг орох чухал биш.
-Тулсан кайфыг амьдралд та уран бүтээлээс л авдаг уу?
-Ерөөс л тийм. Би бас тулсан кайфыг хамгийн хайртай хүмүүстэйгээ, байгалийн үзэсгэлэнт газар очиж суугаад мэдэрдэг. Би аливаа юмыг нүдээрээ харах их дуртай. Саяхан “Тэнгэрийн хутагт” гэж бүжгэн жүжиг үзээд л, Ш.Өлзийбаярын хөгжмийг сонсоод шинээр төрсөн мэт болсон. Би өөрөө тэгж хөглөгддөг. Тоглолтын өмнө өөрийгөө хөглөе гэсэн шиг “1984”-ийг ч, “Тод хувцастай эмэгтэй”-г ч үзсэн. Амьдралыг янз янзын өнцгөөс харж мэдрээд л. Тэгээд би улам хөглөгддөг. Бүх мэдрэмжийг авч, мэдэж байж л уран бүтээлч сэтгэлгээ өөрөө бүрэлдэж байгаа шүү дээ.
-Ханах гэдэг юм хэзээ ирэх вэ. Сарааг сонсъё гэвэл хитүүд нь бэлэн байна. Хөдөлмөрлөөд л байдаг нь юуных вэ?
-Би ер нь эрэл хайгуул хийдэг тохируулган дээрээ тавигдсан хүн. Төгсөөгүй. Өөрийгөө ч, өөр Сарааг хайгаад л. “Чиний ийм характер бас байж, энэ чинь зүгээр юм байна” гэж дүгнэх, анзаарах.
Ертөнц өөрөө хувьсаж байхад бид дандаа яагаад нэг янзаар байх хэрэгтэй гэж. Өөрчлөгдөх хэрэгтэй. Хэдэн жилийн дараа чи надтай ярилцахад шал өөр Сараа сууж байна.
-Энэ бол Тина Тёрнер зэрэг эмэгтэй дуучдын ид мандсан нас.
-Эмэгтэй хүн ийм насандаа илүү гоё, хамгийн сайнаар дуулах ёстой. Харин өшөө илүү үзэсгэлэнтэй байхыг шинжлэх ухаан шийдэж чадах байх. Гэхдээ би айхтар залуу насны хойноос гүйдэг хүн биш. Сараа өөрийгөө алдаж болохгүй шүү дээ. Мэс засал хийлгээд өөр Сараа болчихвол аймаар биз дээ. Би болж л өгвөл өөрөөрөө оролдохгүйг хичээнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нүд нь цавчаад бгаа хүн харах хэцүү байдаг сараа энэ зуршлаа засаж чадахгүй хөгширлөөдөө
Бидний үед, бурхан Монголд илгээсэн сайхан дуучин. Сараа даа уран бүтээлийн улам их Амжилт хүсэе.
Өндөр боловсролтой сайхан дуучин сайхан ээж Сараадаа уран бүтээлийн амжилт хүсье Удахгүй МУАЖ болохыг ерөөе
..Бяц авна гэнэ шүү..! Өөрөө л бяц�##�уулахгүй л бол ..
ЗА ДАА ЗАЛУУС ГАНЦ НЭГ ӨДӨР АЯЛААД ТЭГЭЭД Л ДУУНУУД НЬ ХАЯГДДАГ. ЯГ АРДЫН ДУУ ШИГ, БУСАД ГОЦ ЗОХИОЛЫН ДУУ ШИГ СЭТГЭЛД ХОНОГШИЖ ХҮМҮҮС НИЙТЛЭГ НИЙИЙН ДУУ БОЛЖ ЧАДААГҮЙ НЭГ ТИЙМ Л ДУУЧИН. ОНГИРОО, ӨӨРИЙГӨӨ Х САЙХАНД БОДДОГ, МУУХАЙ ОРИЛСОН ДУУНД НЬ ХҮМҮҮС НЭГ Х ДУРТАЙ БИШ. НАМАЙГ ЭЗЭМДЭХГЙ ЮМ БОЛ ЧИ ХЭРЭГГҮЙ Ч ГЭХ ШИГ НӨГӨӨ НЭГ САХАЛТАЙ ХҮРЭЛБААТАРТАЙГАА ТААРСАН Л ....
Үнэн хэлжээ.
Намайг эзэмдээч гээд орилоод байдаг бил үү. Тэгээд бас зууны манлай гэж байгаа.ийм юм монголд л ..
бяц авна гэнэ үү. Сумтай авгай.
zodog tailsan shahuu l um uridag ooroo
шударга гэсээн
Byats avah gej sonin yarih yum
За нэг их үзэн ядах ч юу байхав дээ. Жил болгон гингэнээд байхаар з�##�хдаг. Нөгөө т�##�аар з�##�хсан хүмүүс таныг ирлэдэг байж болно. Тэр нь шүүмжлэл болдог. Шинэ жилийн үеэр яг үнэндээ Ариунаа та хоёроос өөр дуучны дуу сонсмоор байдаг. Бат-Эрдэнэ аварга гэрт орж ирж хоймор суучихаад гарахгүй байх шиг. Эд бүгдээс санаа авч Сараа өөртөө апдэйт хийнэ, мөн үү? З�##�хсан хүмүүс гэж байхад өөрт чинь үнэнч хүмүүс бас цөөнгүй. Амжилт!
Chi bitgii huts
Энэ б�##�ай авгайгиин дууг сонсдогуудл ойлгох байх мэдрэл л�##�рын авгайх хэдэнч нөхриин хүүхдүүдтэй бузрын
Бишрэн шүтэгч нь блаа.Одоо дуулж чадахаа больсоон.Бөөн маяг загвар.Дуулаад ч бга юм шиг үгүй ч юм шиг.Үзэгчидийг үл тоомсорлосон.
Арай соёлтой сэтгээч ! Юун "бяц" нтр вэ, Сараа эгч ээ ?
Сэтгэлд үлдсэн дуу нэгч байхгүй шүү гонгиносоэ б�##�ай авгай як3т бод якутштэй
ГОНГИНОСОН СОНИН ДУУЛДАГ ЯКУТ АВГАЙШҮҮ СЭТГЭЛД ҮЛДЭХ ДУУ НЭГЧ БАЙХГҮЙ ЯКУТ БОЛ ЯКУТШТЭЙ
Сайхан хоолойтой сайн дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе. Нас бол тоо гэдгийг харуулж яваа бүсгүй дээ
Шшш �######�уул хөгширч дээ. Одоо дуулах гэж байхуу. Яахав ганц нэг сонсоё
Монгол болон Орос ардын хэв маягтай дуу хоолойд нь их таардаг гэж боддог шүү тэр Орост очиж концерт хийхдээ дуулсан ээжийн тухай дуу бол нүднээс нулимс дуслуулж сэтгэл гэгэлзүүлж байна лээ
<3 Sarantuya forever <3