Гадаад мэдээДЭЛХИЙ

Эквадор: 2023 оноос хойш хэд хэдэн улс төрч гэмт бүлэглэлүүдийн гарт амь үрэгдээд байна

Эквадор улсад гэмт бүлэглэлүүдийн улмаас онц нөхцөл байдал үүсээд байгаа юм. Өнгөрсөн жил тус улсад хүн амины хэрэг 100 мянган иргэн тутам 43 болж урьд өмнө нь байгаагүй дээд хэмжээнд хүрчээ.

Харин 2018 онд хүн амины хэргийн тохиолдол 100 мянган хүн иргэнд найм тохиолддог юм. Ийм учраас Эквадорын Ерөнхийлөгч Даниел Нобоа улсад нь үүсээд буй нөхцөл байдалтай тэмцэх арга хэмжээг санаачилжээ.

Тус санаачилгын хүрээд иргэд ням гарагт /2024.04.21/ орон даяар болсон санал хураалтад оролцсон байна. Тэд цэрэг, цагдаагийн албаны эрх мэдлийг нэмэгдүүлэх, галт зэвсгийн хяналтыг чангатгах, терроризмд илүү хатуу шийтгэл өгөх, хар тамхи худалдаалаад баригдсан хүмүүсийн ялыг чангатгах тал дээр санал өгсөн юм.

Бүх нийтийн санал хураалт дээрх аюулгүй байдалтай холбоо бүхий асуултуудад эквадорчуудын ихэнх нь дэмжсэн хариулт өгсөн байна. Тодруулбал санал өгсөн хүмүүсийн 60-73 хувь нь хууль сахиулах тогтолцоог чангатгахыг дэмжжээ.

Санал хураалтын байр, зургийн эх сурвалж: DW

Ням гарагийн санал хураалтын үеэр гэмт бүлэглэлүүд нэгэн шоронгийн захиралын аминд хүрчээ. Тодруулбал Эквадорын баруун хэсэгт оршдог Эль Родеро шоронгийн захирал Дамиан Парралес амь үрэгдсэн байна.

Гэмт бүлэглэлүүдийн ажиллагаанд амь насаараа хохирсон хамгийн сүүлийн албан тушаалтан нь Парралес болов. Санал хураалт явуулахаас долоо хоногийн өмнө Эквадорын хоёр хотын дарга мөн амь үрэгдсэн юм.

Тус улсад 2023 оны нэгдүгээр сараас хойш хэд хэдэн улс төрч амь насаа алджээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Фернандо Вильвисенсио буудуулж нас барсан байна.

2023 оноос хойш гэмт хэргийн тохиолдол нэмэгдсэн нь Эквадороор дамжуулан АНУ болон Европ руу хар тамхи тээвэрлэдэг гэмт бүлэглэлүүдтэй холбоотой юм.

Нөхцөл байдал дордож, томоохон хар тамхины бүлэглэлийн удирдагч шоронгоос оргосон тул тул Эквадорын Ерөнхийлөгч Нобоа энэ жилийн нэгдүгээр сард онц байдал зарласан.

Нобоа 20 гаруй гэмт бүлэглэлийн эсрэг дайн зарлаж, гэмт этгээдүүдийн эрхшээлд орсон шоронгуудыг буцааж удирдлагадаа авахын тулд зэвсэгт хүчнээ дайчилжээ.

Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ажлаа хүлээн авсны дараа Нобоа хэд хэдэн арга хэмжээ авсан ч нөхцөл байдал дээрдээгүй байна. Харин ням гарагт явуулсан бүх нийтийн санал хураалтаар дэмжигдсэн аюулгүй байдлын шинэчлэл гэмт хэргийг дарахад тусална гэж тэр найдаж байгаа юм.

Нобоа санал хураалт хаагдсаны дараа “Бид эх орноо хамгаалсан, харин одоо гэмт хэрэгтэй тэмцэх, гэр бүлүүдэд амар амгалан байдлыг эргүүлж өгөх хэрэгсэлтэй боллоо” хэмээсэн байна.

Эх сурвалж: Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button