СПОРТ

Арбитрын ойлгомжгүй шийдвэр Ц.Өсөхбаяр, Б.Мөнхбаяр нарт итгэл төрүүлсэн ч тэднийг МҮБХ барилдуулахгүй

Туулай жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдааны дараа авсан явцын шинжилгээгээр Увс аймгийн харьяат Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нараас допингийн төрлийн бодис илэрч, улмаар Монголын Үндэсний бөхийн холбооноос өнгөрсөн зургаадугаар сард тэдний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах шийдвэр гаргасан.

Дээрх бөхчүүд МҮБХ-ны эл шийдвэрийг эсэргүүцэж, Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын шүүхэд гомдол гаргасан. Тус гомдлыг арбитр хэлэлцээд МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Энэ нь албан бичигт баримтаар үлдсэн.

Тодруулбал,

  • "...Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нар нь шийдвэр албажсан өдрөөс эхлэн барилдах эрхтэй болохыг дурдсугай" гэж албан шийдвэртээ дурдсан байдаг.

Харин МҮБХ-ны дарга Ц.Магалжав тэдний эрхийг сэргээхгүй гэдгээ мэдэгдсээр өдийг хүрсэн. Бөхийн дүрмээрээ хэчнээн спортын арбитр тэдний талд шийдвэрлэсэн ч, эцсийн шийдвэрийг МҮБХ гаргах учиртай.

Тэгвэл "Барилдах эрхтэй" гэж шийдвэртээ дурдаж байсан Спортын арбитр сүүлд мэдэгдэл гаргахдаа /2024.02.06/ энэ агуулгаасаа буцсан. Тодруулбал уг мэдэгдэлдээ "Ц.Мөнхбаяр, Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг хангаагүй шийдвэрлэсэн болно" гэж шинээр дурдсан байдаг. Өөрөөр хэлбэл өмнөх шийдвэрээ өөрчилсөн гэсэн үг.

Энэ асуудал одоог хүртэл шийдэгдээгүй хэвээр буюу тэдний барилдах эрхийг МҮБХ сэргээгээгүй байгаа. Иймд өнгөрсөн амралтын өдөр Монгол бөхийн өргөөнд болсон барилдаааны үеэр Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нар барилдах эрхээ сэргээлгэхийг шаардаж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэсэн ч "удирдах зөвлөл хуралдаж байж шийдвэр гаргана" гэх тайлбарыг холбооноос өгөөд буй.

Харин эх сурвалж тэднийг энэ баасан гарагт болох барилдаанд оролцохыг зөвшөөрсөн, харин эрхийг нь сэргээсэн эсэх дээр баттай мэдээлэл гараагүй байгаа гэх мэдээллийг бидэнд өгсөн ч МҮБХ мөн НЯЦААЛАА.

Үүнээс допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүд спортын арбитрт хандаж, шийдвэр нь тэдний талд гарсан ч МҮБХ-ны шийдвэрт нөлөөлж чадахгүй гэдгийг харж болохоор байна.

Учир нь анх дээрх хоёр бөхийн гомдлын дагуу арбитрын шүүх хуралдаж МҮБХ-ны шийдвэрийг цуцлахаар шийдвэрлэсэн хэр нь уг шийдвэрээ удалгүй өөрчилсөн, өөрөөр тайлбарласан. Энэ нь бөхчүүдэд тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж, эцэстээ бөхийн өргөөнд очиж эсэргүүцлээ илэрхийлэхэд хүргэсэн.

Тэд эрхээ сэргээлгэчихлээ гээд холбоондоо очтол шинжилгээгээр допинг илэрч, нэгэнт нотлогдчихсон л бол шийдвэрээ өөрчлөх боломжгүй гэдэг тайлбарыг дахин сонссон байгаа юм.

Ингээд харвал арбитрын шүүх допингийн шинжилгээнд бүдэрсэн тамирчдын эрхийг сэргээхэд нөлөө үзүүлэх бүхий байгууллага биш гэж ойлгогдохоор. Өөрөөр хэлбэл тэдний тодорхойгүй шийдвэрүүд бөхчүүдийг хоёрдуулж, асуудлыг дордуулж буй юм.

"Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр" бол ТББ-ын статустай. Допингийн шинжилгээний хариутай маргадаггүй. Харин шинжилгээ авахдаа холбогдох журам зөрчсөн, процессын алдаа гаргасан гэдэг үндэслэлээр бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх нь зүй хэмээн шийдвэрлэдэг байгууллага.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-04-24 13:28

Хуулийн өмнө хүн бүгд тэгш эрхтэй.

ЗОЧИН
ЗОЧИН
2024-04-24 16:37

Арбитр гэх ТББ нь Монголын үндэсний бөхийн холбоо гэх ТББ ийн шийдвэрийг өөрчлөнө гэж юу байх вэ дээ . Шогтроод байгаарай .

Холбоотой мэдээ

Back to top button