АНУ ОХУ-ын төрийн өмчийг хураах эрхтэй боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт /2024.04.24/ Украин болон бусад холбоотон улсууддаа илгээх тусламжийг агуулсан хуулийн төсөлд гарын үсэг зурж баталсан.
Тус хуулийн төслийн багцад АНУ-ын засгийн газарт ОХУ-ын төрийн өмчийг хураан авч, Киевт туслах зорилгоор ашиглах эрхийг олгосон хэсэг байсан юм. Энэ хууль батлагдсан тул АНУ-д царцаасан байгаа ОХУ-ын төв банкны эзэмшлийн 5 тэрбум ам.долларын хөрөнгийг Украинд туслах зорилгоор ашиглаж болох боллоо.
Украины дайн эхэлснээс хойш АНУ болон түүний холбоотнууд ОХУ-ын эзэмшлийн 300 тэрбум ам.доллар бүхий хөрөнгийг царцаасан, хурааж аваагүй. Хөрөнгийн ихэнх нь Европын орнуудад байгаа бол АНУ-д 5 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө царцаагдсан байгаа юм.
Царцаасан хөрөнгөд Москвагаас хандах боломжгүй, гэхдээ ОХУ-ын өмч хэвээрээ. Шинээр баталсан хуулийн дагуу АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон Сангийн яам ирэх 90 хоногийн дотор газар нутагт нь буй ОХУ-ын хөрөнгийг илрүүлж, 180 хоногийн дотор Конгресст тайлагнах шаардлагатай.
180 хоног өнгөрсний дараа АНУ-ын шүүх эрх мэдэл хэрэгжих бүсэд буй ОХУ-ын төрийн өмч, түүний хүүг хураан авах, шилжүүлэх, өмчлөх эрхтэй болох юм.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ардчилсан дээрэм
Дайн түрэмгийллийн торгууль, маш шударга.