Дэлхийд урьд өмнө нь байгаагүй халуун сарууд өнгөрч байна

Дэлхий даяар ер бусын халуун уур амьсгал үргэлжилсээр байна. Коперникийн Европын холбооны уур амьсгалын хяналтын алба шинээр тоо баримт гаргаснаас харвал дөрөвдүгээр сар түүхэнд байгаагүй халуун өнгөрчээ.
Ингэснээр сүүлийн 11 сар агаарын температур бүртгэж эхэлснээс хойш үзэгдээгүй халуун өнгөрсөн юм. Эрдэмтэд 2023 оныг бүртгэл эхэлснээс хойш хамгийн халуун жил байсан гэж мэдэгдсэн.
Тэгвэл энэ жил 2023 оныг давж халах магадлалтай байгааг судлаачид анхааруулжээ.
Тодруулбал өнгөрсөн сар аж үйлдвэрлэлийн хувьсгалын өмнөх үеийн дөрөвдүгээр саруудын дундаж температураас 1.58 цельс градусаар дулаан байсан юм. Харин 1991-2020 оны дөрөвдүгээр саруудын дундаж температураас 0.67 цельс градус халуун байв.
Урьд өмнө нь байгаагүй халуун уур амьсгал дэлхийн олон оронд мэдрэгджээ. Тухайлбал Бангладеш, Филиппин улсад хэт халалтын улмаас сургуулиудыг цахимаар хичээллүүлсэн юм.
Мөн Энэтхэгийн ард түмэн 43 градус цельс хүрж халж байхад парламентын сонгуулиа өгч буй.
Агаарын температураас гадна дэлхийн далайн температур сүүлийн 13 сар дараалж рекорд тогтоожээ. Дөрөвдүгээр сард далайн гадаргын температур 21.04 цельс хүрсэн байна.
Далайн температур нэмэгдэж буй нь далайн экосистемд сөрөг нөлөө үзүүлж байгаа юм. Үүний улмаас энэ хавар дэлхийн даяар шүрэн хад цайрчээ.
“Berkeley Earth” агаарын температур судалгааны фирмийн цаг уур судлаач Зик Хаусфатр 2024 он түүхэн дэх хамгийн халуун жил болох магадлал 66 хувь, түүхэн дэх хоёрдугаар хамгийн халуун жил болох магадлал 99 хувьтай байна гэж тооцоолсон юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн гэдэг амьтан өөрсдөө эх дэлхийгээ ухаж түнхэж бохирдуулсанаас бол ийм аяуулыг дагуулж байгаа юм шүү дээ. Цаашдаа юу болохыг таашгүй.