Сурвалжилга: Айлуудын хөргөгчид хэд хоногийн хоолны мах байна вэ

Хархорин захын махны худалдаачдаас махны олдоц, үнэ, худалдан авах чадвар, гэр хорооллын айлуудын хөргөгчид хэдэн өдрийн махны хэрэглээ байгааг мөн “Эмээлт” захаас амьд малын үнэ ханшийн талаар сурвалжиллаа.
Ингэхдээ айлуудын байршил, иргэдийн нүүр царай, гэр орны бусад орчинг дүрсэд тусгахгүйгээр мэдээллийг нь авч ажиллалаа.
Эхний орсон айл ам бүл гурвуулаа. Өвөлдөө идэш иддэг учраас махны үнийн өсөлт эднийнд нэг их нөлөөлөхгүй. Гэсэн ч идэш нь бараг шувтарч. Хонь, үхрийн хэсэг мах, өвчүү, толгой бас дайвар бүтээгдэхүүн байна. Тийм ч учраас гэрийн эзэгтэй сардаа махаар айлтгүй. Тэрнээс хойш мал тэнхрээд нойтон мах гарчих учраас нэг их санаа зовох юм алга.

Дараагийн айл ам бүл хоёулаа. Намар багагүй мах базааж авсан. Гэвч өнөөдөр эдний хөргөгчид хонины тал гуя л байна. Энүүгээрээ будаатай шөл, гурилтай шөл хийгээд гурав хоночихно. Цаашаах өдрүүдэд хамгийн хямд мах хаа байна тэрийг судлаад болж өгвөл бөөнөөр нь базаана даа гэв.

Энэ айл ам бүл 11-үүлээ. Хөргөгчдөө 200 грамм орчмоор бэлдсэн хоёр ширхэг махтай. Нэг уут нөөцийн махаар хоёр хонодог. Одоо байгаа махаараа өнөө орой хоол хийгээд маргааш дахиад нөөц авна гэлээ. Харин нэлээд овор хэмжээтэй ууттай зүйл байгаа нь хонины хэл гэнэ. Бас хонины нэлээд удсан байдалтай хуйхалсан сүүл нэг ширхэг байна.

Ам бүл долуулаа энэ айл 400 гр орчим мах, нэг уут үхрийн годонтой. Зургаан бага насны хүүхэдтэй. 400 гр махаар ямартай ч хоёр хоночихно гэлээ.

Зээ охин, төрсөн охидтойгоо амьдардаг настай эмэгтэйн хөргөгчид өөхтэй хонины хавирга 4 ширхэг л байна. Өчигдөр нөөцөөс 38 мянган төгрөгийн мах аваад оройдоо бүгдээр нь бууз хийгээд идчихсэн гэв. Дандаа охид эмэгтэйчүүд учраас өөх иддэггүй. Гадаа хөлдөөгч нь ч хэдэн уут өөхтэй. Энэ бүхнээ нэг эрэгтэй хүүхдэдээ өгдөг, өөхөнд дуртай юм гэлээ.

Сүүлд орсон айлын хөлдөөгчид 2-3 ширхэг борц, чанахаар бэлдэж савласан үхрийн гэдэс байлаа. Өсвөр насны охин манай гэрийнхэн шинэ мах авахаар явсан гэв.

Нийтээрээ эгэл жирийн иргэдийн амьдрал, махны хэрэглээ ийм л байна.
Махны худалдаачид: Малчид өөрсдөө махны ченж болсон, худалдан авах чадвар муу, хувьцаа тараасан хоёр өдөр энэ жилийн хамгийн борлуулалт сайтай өдрүүд байлаа
“Хар хорин” худалдааны төвийн махны худалдаачид ингэж ярилаа. Бид махны нийлүүлэлтийн болон жижиглэн үнэ, нөөцийн мах борлуулалтад нөлөөлж буй эсэх, худалдан авах чадвар болон махыг ченжийн гар дамжуулахгүй худалдаалах бодлого хэрэгжүүлж байгаа талаарх байр суурь зэрэг асуултуудад хариулт авсан юм.
Үхрийн мах 30 жил зарж буй О.Оюунцэцэг “Махны үнэ жилээс жилд хаврын цагт жаахан өсдөг тэр үе ирчихлээ. Гэхдээ нэг их айхтар өссөн юм алга, нийлүүлэлт ховор байгаа. Өнөөдрийн байдлаар лангуунаас ястай нь 14 мянга, гуяны цул 19,500, хаа 18,500 төгрөгөөр зарж байна. Нийлүүлэлт нь сайн үхэр 13,000 төгрөгөөр орж ирж байна. Намар хадгалсан мах зоорьноос авч байгаа. Нөөцийн махыг ард иргэд чанарыг нь сонголтоо хийж байгаа болохоор миний хувьд борлуулалтад нөлөөлдөггүй. Манай захын онцлог бол өдөр тутам шинэ мах орж ирээд дуусдаг. Бид чанар дээр ач холбогдол өгдөг. Худалдан авах чадвар жилээс жилд тааруухан байгаа. Бас гадуур мах 20 мянга гараад явчихлаа гээд байгаа. Жишээ нь, дэлгүүрүүд захаас бид нараас махаа бэлдүүлж аваад зардаг. 19 мянгаар аваад цаашаа хэдээр зардгийг мэдэхгүй.

Өнгөрсөн өвлийн зудны нөлөөгөөр Хэнтий, Сүхбаатар гээд гайгүй сайхан мах нийлүүлдэг газруудаас энэ хавар нийлүүлэлтгүй байна. Хааяа нэг шинэ мах орж ирэх ч бөөний үнэ нь 19.500 төгрөг учраас бид нар авч зарахгүй байгаа. Ийм үнээр аваад цаашаа хэдээр зарах уу. Ард түмнийхээ амьдралд дүйцүүлж зарахыг хичээдэг юм шүү дээ, бид нар чинь.
Махыг ченжүүдийн гараар дамжуулахгүйгээр малчдын гараас шууд авна гэдэг худлаа. Захын худалдаачид малчдаас хямдхан аваад өндөр үнээр зардаг гэдэг ч худлаа. Бид нар 200 кг-тай үхэр авахад хаягдал нь 40 кг. Тэр хаягдлыг 13,500-гаар бодоход 200-300 мянган хаячхаж байна. Үүнийхээ зөрүүг нэмж 19,500 болж байгаа гэж ойлгож болно. Бид нар түрээс, урсгал зардлаа чимээгүй үүрээд явж байна. Би "Хархорин" захыг нээгдэхээс өмнө сараа байхаас нь мах зарж эхэлсэн. Үнэтэй ч гэсэн чанартай мах авч зараад 30 гаруй жил боллоо. Олон жил хийсэн ажил болохоор ард түмнийхээ дэмээр болчихдог. Эмээ, өвөө танаас мах авч байсан гээд ач зээ нь ирдэг. Түмнийхээ буянаар болоод л байна".
Хонины мах 20 жил зарж буй Н.Гайтав "Хонины мах ховор байна. Нойтон шинэ мах 14 мянгаар орж ирж байгаа. Тааруухан нимгэн нь 10-11 мянга бөөний үнэ нь. Тэгээд би ястайг нь 13 мянгаар зарж байна. Шинэ махыг шулдаггүй, өдийд туранхай яс нь хүнд байдаг учраас алданги ихтэй. Худалдан авах чадвар маш муу байна. Ганц хаа бүтнээр нь авдаг хүн байхгүй хэд, хэд хувааж байна. Мөнгөний хомстолд үнэхээр нийтээрээ оржээ. Сая хувьцаа буусан хоёр хоног найр наадам болж байгаа юм шиг мах авсан. Тэгэхээр хүмүүс мөнгө муутай байгаа мэдэгдэж байна. Түүнээс хойш нам зогсоод өдөртөө 1-2 кг-аар авах юм. Тэр хоёр өдөр орлого 50 хувиар өссөн. Ямартай ч цалин хүлээж цагийн ажил хийснээс илүү байгаа учир хориод жил зогсож байна. Энэ жил сонгуультай жил учраас нөөцийн махыг том машинаар гаргаж 8900 кг-аар зарж байгаа нь борлуулалтад нөлөөлж байна. Хүмүүс чинь яаж ийж байгаад арай хямдыг нь гулуузаар нь авдаг. Сонгуулийн жил л ингэдэг дээ.

10 жил ямааны мах зарж буй Н.Энхчимэг "Ямааны мах 6800-7000 төгрөгийн үнэтэй орж ирдэг. Бид нар шулаад 11 мянгаар зарж байна. Би 20 гаруй жил мах зарснаас сүүлийн 10 жил ямаагаар дагнаж яваа. Янз бүрийн үнэр, амт байхгүй өвсний соргогийг иддэг хамгийн сайн мах. "Ямаа удахаараа эм, хонь удахаараа хор" гэж ардын үг бий. Тийм учраас ямааны махыг борцолдог. Манайхан сэрүүн чанартай, шээс алддаг гэдэг ч эмт чанартай учраас хор хөөж байгаа нь тэр.
Иргэдийн худалдан авах чадвар жилийн жилд муудсаар л байгаа. Нөөцийн мах ямааны махны борлуулалтад нөлөөлдөггүй. Би бол байнгын хулалдан авагчидтай. Цайны газрууд, сахрын өвчтэй хүмүүс тэр ч бүү хэл байнга ямаа иддэг хүмүүс ч бий. "Хар хорих" зах ажлын нөхцөл сайн хангаж өгдөг учраас ажлаа сэтгэл хангалуун хийдэг дээ. Сүүлийн үед ченжүүдийг устгана гээд яриад байгаа. Яг үнэндээ ченжүүд чинь махыг ялгаж, арьс үсийг нь цэвэрлэж, хүссэн хэмжээгээр нь бэлдэж чанартай үйлчилгээ үзүүлдэг. Ямааны мах хавар хамгийн хямдхан л байдаг учраас сайн зарагддаг".

Адууны мах 11 жил зарж буй С.Оюун-Эрдэнэ "Адууны мах удаан хадгалж болдоггүй онцлогтой болохоор байнга л шинэ мах зардаг. Өнөөдрийн байдлаар бөөний үнэ 10-12 мянган төгрөг байна. Тэрийг аваад тээвэрлээд, шулуулаад, ангилаад цулыг нь 15 мянгаар, ястайг нь 500 төгрөгийн татуу зардаг. Жилийн дөрвөн улиралд шинээрээ зарагддаг ганц төрлийн мах жаахан үнэтэй тусч магадгүй. Мах үнэтэй учраас иргэд бага хэмжээгээр авч байна. Энэ хаврын тухайд махны олдоц муу байгаа. Тарга хүч тааруу байсан одоо л нэг өөх хаях шинжтэй. Өвөрхангайн адуу л хүч сайтай байх шиг.
Ченж нарыг байхгүй болгоно гэсэн ойлголт угаасаа байхгүй ш тээ. Малчид Дэнжийн 1000-ын зах дээр ихэвчлэн өөрсдөө ирж махаа зардаг. Бид нар заримдаа лангуунаас авах тохиолдол ч бий.

Тэмээний мах 20 жил зарж буй Н.Нарантуяа "Махны үнэ өндөр байна, ченжүүд дамлаад зараад байна гэдэг ойлголт буруу. Бид нар малчдын гараас зах зээлийнхээ ханшаар авч шулаад, цэвэрлээд зарж байна. Үнэ өсөхөөс өөр нөхцөл байхгүй. Малчин хэдээр өгнө тэрүүгээр нь л авна. Малчид өөрсдөө оруулж ирж өгч бөөндөж малчин хүн өөрөө махны ченж болчихсон шүү дээ. Иргэдийн худалдан авах чадвар дордоод л байна. Би өдөрт 2-3 тэмээ, 20 ямаа зардаг байсан. Одоо нэг тэмээ, 6-7 ямаа арай чүү дуусгах шинжтэй. Мах үнэтэй, олдоц муу. Хажуугаар нь энд тэндгүй зах, худалдааны төвүүд нээгдээд гудамжид хүртэл зардаг болчихлоо. Нөгөө малчид чинь өөрсдөө задгай машин дээрээ шулаад, ангилаад зарж байна.

Нийслэлээс гаргасан иргэн хүн хүссэн газраа худалдаа эрхлэх боломжтой гэсэн шийдвэр эрүүл ахуйн талдаа, иргэддээ ээлгүй бодлого гэж харагддаг. Хулгайн ч юм байна, өвчтэй ч малын мах байж болно. Тэгээд зүгээр шороон дунд бужигнуулж байгаа шүү дээ. Харин "Хар хорин" худалдааны төв гэхэд малын эмчтэй, лабораторитой. Бүх мах шинжилгээнд ордог. Нэг иймэрхүү л байна даа. Сүүлийн долоо хоног тэмээний мах тасарчихлаа. Дулаарчхаар тээвэрлэлтийн ая даахгүй муудчих гээд орон нутагт хөргүүртэй машин олдохгүй учраас ингэж тасардаг. Тэмээний цул махаа би 12 мянгаар зарж байгаа".
Эмээлт зах: Хонь 250-400 мянган төгрөгийн үнэтэй, өнтэй сайн орсон Өвөрхангайн мал л ирж байна

Жир цагт баяр наадам болж буй мэт бужигнаж байдаг “Эмээлт” амьд малын зах эл хуль. Захын байцаагчид малын худалдаачаас өдрийн түрээсээ авахаар хашаа, хашаан дээр очиж байгаагаас өөр идэвхтэй үйл ажиллагаа бараг алга. Малчид ярилцлага өгч байр сууриа илэрхийлэхээс татгалзана. Учир нь сошиалд бичлэг нь нийтлэгдэхээр иргэд сэтгэгдэл хэсэгт маш ихээр буруушааж, доромжилдог учраас камер барьсан хүмүүст “харшилтай” болсон гэцгээнэ. Нүүрээ, дуу хоолойгоо ил гаргахаас татгалзсан нэгэн малчин “Өвөрхангайн хонь л голдуу байна. Шүдлэн, хязаалан хонь 250 мянга, бүдүүн эр хонь 400 мянган төгрөгийн үнэтэй. Өвөрхангай мал гайгүй орсон тарга хүч боломжийн. Ажлын өдрүүдэд худалдан авах чадвар муу байна. Ганц нэг ганц нэгээр л авах юм. Нядлаад харахаар боломжийн үнэдээ таарсан. Булган Сэлэнгээс мэр сэр бий. Ченжүүд зарим нь малчид. Дээл өмсөөд малчны дүрд тоглодог. Зарагдах хүртэл маллана, ногоон тэжээл өгдөг. Кг-ын махны үнэ буувал амьд малын үнэ ч дагаад буудаг.
1500 хонины багтаамжтай. Одоо 300-400 хоньтой. Өдрийн түрээс 20 мянга. Тэд малаасаа хамаараад 2-3 хашаа түрээслэх нь бий. Малчид хотноосоо зардаг. Эндээс 100 мянгаар хямд үнэтэй гэж ойлгоорой гэв.
Энэ хашаанууд 1500 малын багтаамжтай ч өнгөрсөн өвлийн зудын улмаас хүнсэнд хэрэглэх хүртэл тэнхэрсэн нь ховор тул өнөөдөр 300-500 орчим хонь орж ирж байгаа гэв. Өдөрт Өвөрхангайгаас голдуу, Төв аймгийн Дэлгэрхаан, Сэлэнгэ, Булган аймгийн хэдэн сумдаас мал нэмж ирсээр байгаа. Гэвч тарга тэвээрэг муутай дээрээс нь зах зээлийнхээ ханшаар ч иргэдэд “чанга” тусч буй тул зарагдахгүй удаж байгаа аж.
Мал нядлах хэсэг ч ажил багатай байна. Өмнө нь иргэд хонь, ямаагаа нядлуулахаар оочерлодог байсан бол одоо ажилчид нь гадаа эгнэн сууж, зааландаа орж ирсэн ганц нэг малыг дугаараараа “муулна”. Эндхийн толгой шийр, өвчүү, сүүл хуйхлах есөн кабинаас хоёр нь л ажиллана. Найман жил энэ ажлыг хийж байгаа залуу “Мал зарагдахгүй болохоор маниусын ч ажил багасчихлаа. Өдөрт 1-3 нь ажиллаж орж ирсэн ажлаа хуваан авдаг. Толгой, сүүл, өвчүүг 7000 төгрөрөөр, бүтэн хонь, ямааг 30 мянган төгрөгөөр хуйхалж байна. Толгой, сүүл, өвчүү 15 минут, бүтэн мах 30 минут болдог. Ажил байх л юм бол бид нар бол гарт орчихсон учраас ямар ч хүлээгдэл чирэгдэлгүй гаргаад өгнө” гэж ярилаа.
Дүгнэхэд, иргэдийн дийлэнх нь махны үнэд “дарлуулж” байна. Хашаа хаалга нь түгжээгүй, нохой нь уяатай эсвэл хаалгыг нь нүдэхэд хүн гарч ирсэн 6-7 айлын хөргөгчний мах ийм л байна. Ажихад нөөцийн мах бас дайвар бүтээгдэхүүн энэ хэрэглээг илүүтэй орлож байгаа бололтой. Харин махны худалдаачдын тухайд сонгуулийн жил эрх баригчид нөөцийн махыг гулуузаар нь хямд үнээр гаргасан нь борлуултад ялангуяа хонины махны худалдан авалтад илүү нөлөөлдөг гэв. Мөн малчид өөрсдөө ченж болцгоож малын үнээ тогтоосон. Бид тухайн үнээр нь аваад багахан хэмжээний ашиг хардаг гэж ярилаа. Ногоо цухуйхтай уралдан хонь, ямааны шинэ шөл уухыг чухалчилдаг ч энэ жил мал муу орсон дээрээс нь айхтар үнэтэй учир “Эмээлтийхний” борлуулалт буурчээ. Гэсэн ч кг-ын мах үнэтэй байгаа дээр хэдэн малаа борлуулах хэрэгцээ шаардлага байгаа тул авчирсан малаа тэжээгээд зарагдахаас нь нааш буцахгүй гэсэн малчид нэлээд байв.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худ�##�даачид иргэдийг дур зоргоороо шулдаг шулаачид
Songuuliar tugrug hevlej uneguiduuldeg Mongol bank hariutslaga hezeech huleej baigaagui. Bugd bbsb ezed gedeg
Муу ЗАСАГ АРДЫН ЗОВЛОН
Ямааны мах сайн шүү!
Түмэн олны амьдр�##�аа бодохоор сэтгэлдээ шимшрэх. Сэтгэлд нэгл хэцүүл байх юм. Гэхдээ бид өндөр заяа буянтай хүмүүс болохл байх.