Гадаад мэдээДЭЛХИЙ

Ши Жиньпин: БНХАУ, ОХУ-ын өнөөгийн харилцаа их хичээл зүтгэлийн үр дүнд тогтсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д төрийн айлчлал хийж буй. Тэрбээр пүрэв гарагийн /2024.05.16/ өглөө Бээжинд газардаж, БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпинтэй уулзалт хийсэн юм.

Энэ айлчлал нь Путин ерөнхийлөгчөөр тав дахь удаагаа сонгогдсоны дараа анхны удаа гадаадад хийж буй анхны айлчлал гэдгээрээ онцлог.

Тэрбээр “ОХУ-ын ерөнхийлөгчийн албан тушаалыг хүлээн авсныхаа дараа анхны айлчлах улсаар БНХАУ-ыг сонгосон нь хоёр улсын стратегийн түншлэлийн харилцаа урьд өмнө нь байгаагүй өндөр түвшинд хүрсэнтэй холбоотой” гэжээ.

Хоёр өдөр үргэлжлэх төрийн айлчлалаар Украин, Ази, эрчим хүч, худалдааны асуудлаар дэлгэрэнгүй хэлэлцээ хийх юм.

Ши Жиньпин Путинийг Бээжингийн Ардын их хурлын ордонд хүлээн авч уулзахдаа “БНХАУ, ОХУ-ын өнөөгийн харилцаа их хичээл зүтгэлийн үр дүнд тогтсон. Хоёр тал үүнийг нандигнаж, арчилж тордох хэрэгтэй” хэмээжээ.

Тэрбээр нэмж “БНХАУ нь хоёр улсын хөгжил дэвшил, цэцэглэлтийн төлөө хамтдаа ажиллаж, дэлхий дахинд шударга ёсыг сахин хамгаалахад бэлэн байна” гэсэн юм.

Харин Путин “БНХАУ, ОХУ-ын харилцаа нь оппортунист биш, хэн нэгний эсрэг чиглээгүй байх нь чухал” гэж хэлжээ.

Путин Украины дайн эхлэхийн өмнөхөн БНХАУ-д айлчилж, хоёр улсын хооронд хязгааргүй түншлэлийн тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Дайн эхэлснээс хойш хоёр улсын харилцаа илүү бэхжиж буй.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард болсон Бүс ба Зам санаачилгын уулзалтаар Путин Ши Жиньпинтэй уулзахдаа “Сибирийн хүч-2” хийн хоолой тал дээр албан ёсны тохиролцоонд хүрч чадалгүй ирсэн.

Энэ удаагийн уулзалтын сэдвүүдэд эрчим хүч орсон нь тус хийн хоолойн бүтээн байгуулалтын талаар хэлэлцэж магадгүй. Гэхдээ Газпром компанийн гүйцэтгэх захирал Алексей Миллер хоёр талын уулзалтад оролцох эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2024-05-17 12:18

Guij bui hvnii tsarai guilgaj bui hvnii tsarai gej vneheer oor bh yum da

Холбоотой мэдээ

Back to top button