ДЭЛХИЙСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

“Тэд ч бас хувийн амьдралтай” буюу К-Поп ертөнцөд туссан сүүдэр

Асар богино хугацаанд дэлхийн поп урлагийн ертөнцөд нэгэн шинэ салхийг үлээлгэж, хэдэн сая сонсогч, шүтэн бишрэгчдийг бий болгож чадсан К-Поп /Korean Pop/-ын орон зайд “амиа хорлолтын сүүдэр” тусаж эхлэв. Өмнөд Солонгосын зүгээр ч нэг урлаг, соёлын төлөөлөл нь биш, олон улсын зах зээлд өрсөлдөх томоохон нөөц, гадны орнуудад нөлөөлөх зөөлөн хүчний бодлого нь болж хувирсан К-Поп ертөнцөд хоёр жилийн дотор гурван амиа хорлолт гарлаа.

2017 онд Shinee хөвгүүдийн хамтлагийн гишүүн Ким Жунхён амиа егүүтгэсэн явдал олон нийтийг цочроосон. Олон мянган шүтэн бишрэгчид нь эрт харвасан одын араас гашуудаж, оршуулгын ёслол нулимсанд живсэн гэхэд болно. Хамгийн гол нь түүний амиа хорлохоосоо өмнө үлдээсэн захидалд бичигдсэн үгс нийгэмд чухал мессежийг өгсөн билээ.

Image result for shinee kim jonghyun"

Тэрбээр, “Би өдрөөс өдөрт дотроосоо үхэж байна. Олны танил хүн байна гэдэг миний чадах зүйл биш бололтой. Бүх чадлаараа хичээсэн боловч чадсангүй. Өдрөөс өдөрт намайг идэж байсан сэтгэл гутрал одоо бүхлээр нь залгилаа. Цаашид тэсвэрлэж чадахгүй нь. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юм гэхэд битгий буруутгаарай. Сайн байсан, сайн ажилласан шүү гэж хэлээрэй. Баяртай” хэмээсэн байв.

Олны танил байх, олон мянган фэнүүдийнхээ хараан дор хором, мөч бүрийг өнгөрүүлэх гэдэг идэр, залуу уран бүтээлчдийн эрх чөлөөг боомилж, аажимдаа сэтгэл гутралд оруулах эрсдэл байна гэдгийг тэр үед Өмнөд Солонгосчууд төдийгүй дэлхий нийт анзаарсан гэж болно. Цахим ертөнц, шар хэвлэл, хаа сайгүй дурандах папарацциудын нөлөөнд өөрийнхөөрөө байх эрхгүй болсон “одууд” дэлгэцийн цаана асар их зовлонг тээж, тэвчиж явдаг нь аажмаар ил болсон.

Image result for Sulli death"

F(X) хамтлагийн гишүүн асан, өндөрт гялалзаж байсан од Солли энэ намар шүтэн бишрэгчдээ орхин одов. Netizens гэж нэрлэгдэх интернэт орчны цаанаас нийгмийн амьдралд шууд оролцдог томоохон массаас түүнд ирэх дарамт залуу бүсгүйн дааж тэсвэрлэхээс хэтийдсэн. “Online Bullying” буюу цахимаар бусдыг доромжлох, шалтгаангүйгээр буруутгах үзэгдлийн бай болоод багагүй хугацааг өнгөрөөсөн Солли продьюсертээ хандаж, тусламж хүсэж байсан ч авч хэлцээгүй гэлцдэг. Шууд лайв хийхдээ хөхөвч өмсөөгүйнхээ, дотны найзуудтайгаа уулзахдаа бага зэрэг халамцсан байсныхаа төлөө тэр асар их доромжлолыг амсаж байсан нь саяхан.

Хамгийн сүүлд буюу өнгөрсөн долоо хоногт Kara охидын хамтлагийн гишүүн байсан, дуучин Гү Хара гэртээ нас барсан байдалтай олдлоо. Урьдчилсан байдлаар эл явдлыг амиа хорлолт гэж үзээд буй. Соллигийн дотны найз байсан тэр ч мөн цахим ертөнцөөр дамжсан доромжлол, үзэн ядалтыг тэвчсээр ирсэн. Дотно харилцаанд орж байсан залуу нь хувийн нууцад хамаарах бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулна гэж Хараг сүрдүүлж, “Битгий тэгээч” хэмээн гуйж буй түүний дүрс бичлэг сошиал орчинд байршсанаар удаан үргэлжлэх шүүмжлэлд тэрбээр автсан. Тэр мөн л тэссэнгүй.

Image result for goo hara death"

Уран бүтээлч ч гэсэн хувийн амьдралтайг, цолгиун насаа эдэлж буй идэр залуус юм гэдгийг К-Поп ертөнцийн хар масс ухаарах, эргэж харах цаг нэгэнт болжээ. Хайрлах дурлах, алдах онох эрх тэдэнд бий. Гэвч олны хараан дор цаг мөч бүрт чичлүүлдэг тэдний өөрөөрөө байх эрх чөлөө нь боомилогдож, энэ нь сэтгэл гутралд орох үндсэн шалтгаан болж буйг анзаарч, анхаарууштай. Амьд байхад нь элдвээр доромжилж, муучилж байсан Netizens, амиа хорлосны нь дараа матрын нулимс унагаж буй нь “худлаа харагдаж байна” гэж жинхэнэ фэнүүдийнх нь зүгээс хэлдэг. Солли, Гү Хара нарынх шиг ижил нөхцөлийг тэвчин амьдарч буй олон “одууд” К-Поп ертөнцөд бий. Тэд ч бас хувийн амьдралтай. Өөрийнхөөрөө амьдрах эрхийг нь олгож тэднийг шүтэх, эс бөгөөс тайван орхих нь зүйд нийцэх шиг.

М.ТЭНГИС

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close