Тэднийг дэлхийн дээврээс буулгаж, эх нутагт нь оршооно

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөчгүйгээр Эверестийн оргилд гарч чадсан нь тэдний гар утсан дахь зураг, бичлэгээр баталгаажсан.
Улмаар тэд зорилго, мөрөөдөлдөө хүрч чадсан нь тодорхой болов. Харин буух замдаа, 400-500 метрийн зайд осолдсон байсныг 8К аврах багийнхан илрүүлжээ.
"Зурагт цаг агаар тогтуун харагдаж байгаа ч маш салхитай өдөр байсан"
Тэд тавдугаар сарын 13-ны 11.57 цагт бичлэг хийж, Эверестэд оргилдсоноо баримтжуулсан байгаа юм. Энэ талаар өдгөө уулын спортын мэдээ, мэдээллээр дагнадаг Explorer's Web болон бусад дэлхийн хэвлэлүүд ид бичиж байна.
Мөн Непалын Аялал жуулчлалын албаны Уулын аялал хариуцсан захирал Ракеш Гүрүний хувьд Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарыг 11.57 цагт Эверестийн оргилд гарч чадсан гэж албан ёсоор мэдээлсэн байна.
Харин 8К аврах багийн шерпа "Тэд оргилд хамтдаа хүрч, бие биеийнхээ зургийг даржээ. Хэдийгээр зурагт цаг агаар тогтуун харагдаж байгаа ч маш салхитай өдөр байсан. Тэдний эрч хүч барагдаж, хүчилтөрөгчөөр дутагдсан нь гарцаагүй" гэж ярьжээ.
8К экспедиц Монголын есөн хүнтэй багийн аяллыг удирдан зохион байгуулсны хоёр нь тэд юм. Зөвхөн кэмп болон бортоготой нэмэлт хүчилтөрөгчид мөнгө төлсөн, шерпагийн тусламж авахыг хүссэн ч татгалзсан гэж мэдээлсэн байгаа юм. Улмаар тавдугаар сарын 10-нд оргил өөд мацжээ.
Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн наыг тавдугаар сарын 13-ны өглөө, 4-р кэмпээс өгсөж явааг зарим шерпа нар харснаа тэмдэглэж үлдээсэн. Түүнээс хойш сураг тасраад байв. Эрэн хайх ажиллагаа эхэлж, радио станцаар холбогдох гэсэн ч хариу өгөөгүй. Тэд 4-р кэмпэд станцаа орхисон нь тэр аж. Ямар учраас станцаа орхиж явсан нь одоогоор тодорхойгүй гэж Everest Chronicle сайтад мэдээлжээ. Түүнчлэн "Ослын шалтгаан нөхцөл бол харилцаа холбоо тасарсных. Мөн цаг агаар муу байсан" гэж онцлон тэмдэглэсэн байх юм.
Гэвч тэд нэгэнт оргилд гарч, буух замдаа төд удалгүй осолдсон нь анхаарал татсан.
Өдгөө цахим орчинд ид хэлэлцэж буй сэдэв бол уулын олс тасарсан байсан эсэх юм.
Стеф Трогэ: Олон газар олс тасарсан байсан тул аяллаа үргэлжлүүлж чадсангүй
Андоррагийн уулчин Стеф Трогэ тавдугаар сарын 14-нд буюу тэдний Эверестийг оргилдож, дараа нь нас барснаас нэг өдрийн хойно Фэйсбүүктээ пост бичжээ.
Үүнд "Оргилд гарч чадсангүй, тоглоом дууслаа. 3-р кэмпээс дээш өгсөж чадсангүй. Цаг агаар хүндхэн, олс олон газар тасарсан байв. Урт ч аялжээ, цааш хүчилсэнгүй" хэмээсэн байна.
Улмаар уулын олс тасарсан байсан нь уулчдыг буухдаа осолдоход хүргэсэн үү гэдэг эргэлзээг дагуулав.
Мэдээ шүүж үзвэл, Эверестийн олсыг тавдугаар сарын 11-нд бүрэн шинэчилж дууссан талаар Непал улсаас мэдээлж байж. Улмаар, уулын аяллыг дотоод болон гадаадын жуулчдад бүрэн нээснээ мэдэгджээ. Ялангуяа буухад олс чухал баримжаа болж өгөх юм.
Талийгаачдыг авчрахаар ар гэр нь Монголоос гарчээ
Талийгчдын цогцсыг ууланд үлдээхгүй, буулгаж ирэх талаар “Adventure Sports Cover 360” даатгалын компани 8К-тай хамтарч ажилласан. Тус компанийн төлөөлөл Пратек Гупта “Бид цогцсыг суурь бааз руу буулгаж, эх оронд руу нь илгээх төлөвлөгөөтэй байна” хэмээгээд талийгаачдын арр гэр, Монголын консулын газартай хэлэлцэж байгаа талаар мэдээлсэн.
Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэнгийн ар гэр Непал руу хөдөлж байгаа аж. Одоогоор талийгаачдыг Катмандуд чандарлаж, улмаар нутагтаа ирэх урьдчилсан төлөвлөгөөтэй байгаа талаар сонслоо. Бид энэ мэдээллийг баталгаажуулж хүргэнэ.
Тэдний амжилтыг Himalayadatabase сайтад бүртгэх эсэх нь намрын улирлын дараа тодорхой болно
Уулчдын амжилтыг бүртгэн мэдээлдэг "Himalayadatabase" хэмээх сайт бий. Түүнд улирлын ээлж дууссаны дараа Эверестийн оргилд амжилттай гарсан уулчин бүрийн мэдээллийг шинэчилдэг байна. Одоо тэдний системийн хувьд намрын улирал үргэлжилж буй. Улирал дууссаны дараа Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын амжилтыг бүртгэх эсэх нь тодорхой болох аж.
Монгол эрсийн зориг, хүчийг илтгэсэн Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг Монголын ард түмэн эдгээр өдрүүдэд хүндэтгэж байна.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буухдаа гэнэт осолдчихов уу, яав аа
Гарсан нь үнэн, бичлэг байгаа юм чинь бүртгэх байлгүй дээ. Ум амг�##�ан орших болтугай