Япончуудын хэрэглээний зардал сүүлийн 14 сард анхны удаа өсөв

Сүүлийн үед Японд инлфяц нэмэгдэж эхэлсэнтэй холбогдуулан япончууд зарлага гаргахаас татгалзах болсон. Тэгвэл япончуудын хэрэглээний зардал дөрөвдүгээр сард сүүлийн 14 сард анхны удаа нэмэгджээ.
Өнөөдөр /2024.06.07/ Японы Дотоод хэргийн яамнаас нийтэлсэн албан ёсны тоо баримтаас харахад дөрөвдүгээр сард хэрэглээний зардал өнгөрсөн жилийн мөн үеэс 0.5 хувиар өссөн байна.
Энэ нь хэрэглээ 0.6 хувиар өснө гэж шинжээчдийн таамаглаж байснаас арай доогуур үзүүлэлт байв. Харин улиралд нийцүүлж тооцоход хэрэглээний зардал өмнөх сараас 1.2 хувиар буурчээ.
Шинжээчид өмнөх сартай харьцуулахад 0.2 хувиар өснө гэж тооцоолж байсан юм. “Sompo Institute Plus”-ийн эдийн засагч Масато Койкэ “Удаан хугацааны турш зогсонги байдал орсон хувийн хэрэглээ сул хэвээр л байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа нь өрхийн хэрэглээнд сөрөөр нөлөөлж байна” гэсэн юм.
Японы бодлого боловсруулагчид боломжийн цалин, тогтвортой инфляцаар эдийн засгийн тогтвортой өсөлт бий болгохыг эрмэлзэж буй. Гэвч хувийн хэрэглээ удаашралтай байгаа нь тэдний санааг зовоох асуудал боллоо.
Койкэ “Хэрвээ хэрэглээ сул хэвээр байвал мөнгөний бодлогыг өөрчлөхөд хэцүү байх болно. Гэхдээ бодит цалин сэргэж, хэрэглээ өсөх төлөвтэй байгаа нь Японы төв банк бодлогоо өөрчлөхөд түлхэц болно” гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.