Top StoriesНийгэм ярилцлага

Bugan: Манай хөгжим хүнд аятай ч зөөлхөн, гэгээлэг утга санааг агуулдаг

Биднийг “Bugan” хамтлагийн студид очиход хана болон цонх хэсгээр маш олон ном өрж тавьсан байх ба морин хуур, гитар, даралтад хөгжим, ятга хөгжмөөр өрөө дүүрсэн байв. Тэд яг өөрсдөдөө тухтайгаар студиэ тохижуулсан нь илтэд. Өөр хоорондоо ч халуун дулаан уур амьсгалтай шинэ залуу үеийн төлөөллүүд нэг дор хамтдаа хөдөлмөрлөж яваа нь энэ байв. Ийнхүү орчин үеийн хөгжмийг язгуур хөгжимтэй хослуулан уран бүтээл туурвиж яваа “Bugan” хамтлагийн залуустай ярилцлаа. 

-Ардын хөгжмийг хөгшин хүмүүс сонсдог гэх бодлыг өөрчлөхийг зорьсон-

-Хамтлагаа анх хэрхэн үүсгэн байгуулж байсан бэ?

-Бид их сургуулийн найзууд. Соёл урлагийн их сургуулийн үндэсний язгуур урлаг, ятга хөгжмийн хөгжмийн гоцлооч, концертмейстр мэргэжилээр суралцсан. Тодруулбал манай хамтлагийн бүрэлдэхүүн ятга, морин хуур, хөөмэй, цуур гэх мэт хөгжмийн чадваруудыг мэргэжлийн түвшинд эзэмшсэн залуучуудаас бүрдсэн. Мэргэжлээрээ суралцах хугацаандаа монголын үндэсний хөгжмийн зэмсэгээр, уламжлалт болон одоо цагийн хөгжимдөх арга барилийг орчин үеийн электроник хөгжмийн жанрууд, шинэ содон дугаралттай хослуулсан хөгжим сонсохыг хүссэн ч сонголт тун бага төдийгүй яг бидний хүсээд байгаа зүйл байхгүй байсан. Яагаад байхгүй байгаад их гайхдаг, энэ талаар их ярилцдаг байсан нь алсдаа өнөөдрийн "Буган" хамтлаг үүсэх шалтгаан болсон гэж бодож байна.

-Арван жил нөхөрлөсөн, дээрээс нь нэг хамтлаг гэхээр маргалдах муудах үе бий юу?

-Ёстой муудалцаж байгаагүй. /Инээв/. 

-Орчин үеийн электро хөгжим болон язгуур хөгжмийг хослуулан уран бүтээл гаргаХ санаа хаанаас эхлэлтэй вэ?

-Ер нь яагаад бид ардын хөгжмөө сонсоод, бүжиглэж болохгүй гэж. Анхнаасаа орчин үеийн хөгжмийг үндэсний хөгжимтэй хослуулж хийж үзье, яагаад болохгүй гэж бодож эхэлсэн. Залуучууд ардын хөгжим гэхээр ардын дуу л тоглодог гэдэг. Гэхдээ өөрсдийнх нь сонсдог дууг ардын хөгжимтэй хослуулахаар их гайхдаг. Тиймээс ардын хөгжмийг заавал нас тогтсон, хөгшин хүмүүс сонсдог гэх нийтлэг сэтгэлгээг өөрчлөхийг зорьсон.

-Тэгэхээр орчин үеийн хөгжимтэй хоршуулах ардын хөгжмийг яаж сонгосон юм бэ?

-Бид нар нэг уран бүтээл гаргахын өмнө эхлээд, нэг ерөнхий суурь болгож ая дэвсэнэ. Тэр аян дээрээ өөр өөрсдийн чаддаг хөгжмөөрөө тоглох хэсгээ зохиодог. Тэгэхээр яг нэг хүний удирдлагад биш дөрвүүлээ нийлж байгаад өнөөх суурин дээрээ элдэв чимэг, хачраа нэмдэг. Дөрвөн өөр хүний, дөрвөн өөр мэдрэмжээр нэг уран бүтээл гардаг гэх юм уу. Морин хуур, ятга, цуур, хөөмийгөөр бүтээл гаргадаг. Нэмэлтээр дуу авиа хэрэгтэй бол өөрсдөө зохиогоод гаргачихдаг. 

-Хамтлагийн нэр их сонирхолтой байна?

-Буган гэдэг нэр бол бидний хувьд өв соёл гэсэн утгатай. Ер нь бол буган чулуун хөшөө Монголчуудын олон мянган жилийн түүхийг өөртөө тээж хадгалж ирсэн ийм байгалийн дурсгал болтлоо үлдчихсэн. Олон жилийн турш монголын

нутагт өвөг дээдсийн маань бүтээсэн, бий болгосон соёл. Хүрэл зэвсгийн үеийн үеийн дурсгал өнөө цагт бидний дунд байгаатай ижил, бидний уран бүтээлч мөн үеийн үед өвлөгдөх, цаашлаад, олон мянган жилийн турш үнэ цэнээ хадгалах учиртай. Бас бидний амбиц, алсын хараа бол дэлхийд гарах шүү дээ. Тиймдээ ч язгуур хөгжмөө тодотгох гээд энэхүү нэрийг өгсөн. 

-Хүмүүс урлагийн тогоо хатуу гэдэг. Шинэ залуу үеийнхэнд энэ нь мэдрэгддэг үү?

-Бид хэд өөрсдийнхөө бор зүрхээр л бүх юмаа чадах чинээгээрээ бүтээгээд л явж байгаа.

Урлагийн тогоо хэцүү гэх битүү ярианд бид дургүй ээ. Яагаад гэхээр ер нь жаахан мэргэжлийн хандахыг хичээдэг. Гэхдээ бас бидэнд асуудлууд тулгардаг аа. 

-Жишээ нь ямар асуудал?

-Солонгосын урлагаар жишээ татъя. “К-Поп” бол маш том зах зээл. Тэднийг гаргаж ирдэг, бэлтгэдэг агентлаг болон Label-үүд байдаг. Маш том зах зээлд сайн уран бүтээл гаргавал агентлаг болон “label”-үүд шүүрч аваад дэмждэг. Харин манай улсад нэг үгээр хэлэхэд, дэмжлэг байдаггүй. “CU” ороход нэг дуу явж байдаг даа, олонхын аманд аялагддаг. Манай уран бүтээл тийм биш. Нийтлэг хүмүүсийн сонсдог дуунаас тэс өөр юм. Бид уран бүтээлээ махийж хийсний дараа хүмүүст бүрэн сонсгож чадахгүй байгаа юм. Ер нь бид ч гэлтгүй бусад хамтлаг, уран бүтээлчдэд энэ асуудал тулгарч байгаа.  

Уран бүтээл гаргахын ард олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг. Тэгэхээр бид нар уран бүтээлээ хийхийн хажуугаар маш олон зүйлд санаа зовдог. Хэрвээ гаднын орнуудад байдаг нийтлэг нэг зүйл манай улсад суугаад өгвөл, шинэ залуу уран бүтээлчдийн гаргаж байгаа дуу, хөгжмийг маш олон хүн хүлээж авч, сонсоно. Та нар дуугаа хий, чаддаг юмаа хий. Бид нар бусдыг нь бэлтгэе гэх юм уу. Ийм дэмжлэг муу. 

Бид одоогоор хамтдаа дөрвүүлээ ямар нэгэн юманд санаа зовохоос өөр ямар ч боломжгүй. Цэвэр хөгжмөө хийгээд амьдрал цаашаа үргэлжилнэ гэдэг ямар ч боломжгүй болчхоод байгаа. Гаднын уран бүтээлчид маш богино хугацаанд бүхэл бүтэн цомог цацдаг. Харин бид хэдэн сар гүрийж ганц, хоёр л уран бүтээл гаргаж чаддаг. Ийм л ялгаатай, зөрүүтэй. Тэрнээс биш бид нар өөрсдийнхөө хүсэж байгаа юмыг хийж байгаа. Мөрөөдөх зориг байгаа. Ямар нэгэн зүйлд хүрнэ гэсэн итгэл үнэмшил байна. 

-Дээр хэлсэнчлэн монголд ямар нэгэн агентлаг болон label-үүдтэй таарч байсан уу?

-Саяхан уг нь болох гэж хичээсэн ч тохиролцож чадаагүй ээ. 

-Хөгжмөө хийхдээ хэрхэн цаг гаргадаг вэ, ер нь энэ хугацаанд гаргасан алдаа бий юу?

-Бид яг уран бүтээлээрээ орлого олж чадахгүй байгаа учраас ажлынхаа хажуугаар л амжуулдаг. 

Алдсан алдаа гэвэл бид цаг хугацаан дээр л алдсан байх. Яг нэг уран бүтээл гаргах гээд, нэлээн таалагдаж байгаад больдог гэх мэт. Энэ мэт хав дарсан олон хөгжим байдаг. Асар их хугацааг зарцуулчхаад цацахгүй байна гэдэг нь л алдаа. Сүүлд нэг газартай гэрээлж байгаад больсон маань бас цаг хугацааны алдаа гэхэд хилсдэхгүй. 

Бас нөгөө утгаараа асар их алдаж байж чанартай юм гардаг байж мэднэ. Хөгжим хийнэ гэдэг чинь нэг талаараа сэтгэл зүйч шиг. Хүн ямар үедээ юу мэдэрмээр байна. Хэрэв шархалсан хэн нэгэн байвал түүнийг шархалсан сэтгэлийг яаж нөхөх вэ, гэдэг ч юм уу. Ер нь хөгжим сонсоод нэг ийм ойлгогдсон мэдрэмж авах ёстой гэж би боддог. Маш олон зүйлсийг ярилцаж байж, ухаарч ойлгож байж тэгээд л яг тэр хөгжмийг тэр мэдрэмжүүдийг тэр мэдлэгүүдийг бүгдийг нь нийлүүлээд хөгжмийн эгшгээр дамжуулан гаргахыг л хичээж байна.

-Манай хөгжимд, сүнслэг чанар байдаг-

-Танай хамтлагийн хувьд язгуур хөгжмийг электротой хольж байгаа нь онцгой. Гэхдээ үүнээс өөр онцгой зүйл бий юу?

-Монголын үндэсний хөгжим гэдэг утгаараа тэгээд бидний хувь хүн талаасаа ямар нэгэн хар бараан зүйлүүд хийдэггүй гэх юм уу. Аль болох гэгээлэг хөгжмийн дуугаралт нь хүнд байсан ч цаад утга санаа нь их энгийн гэгээлэг байдаг. Ер нь манай хамтлаг акустик хөгжим ашигладаг. Яг тэр хөгжмүүдээс гадна аль болох акустик дуугаралтаа барьдаг. Тиймдээ ч зарим тохиолдолд уран бүтээл маань илүү сүнслэг чанартай гардаг. 

-Ер нь гэгээлэг уран бүтээл гаргахыг хүсдэг юм байна. Уран бүтээлүүдийнхээ гол санааг тайлбарлавал?

-Дуу болгон дандаа өөр байдаг. Зарим нь үзэсгэлэнт байгаль, хайрыг дүрсэлж байгаа. Сүүлд гаргасан уран бүтээл маань эх дэлхийгээ хайрлах санааг өгүүлсэн. Бид чинь эх дэлхийтэйгээ хүйн холбоотой, дөрвөн цагийн эргэлтэд бидний үр удам цаашдаа ч байгаль эхтэйгээ холбоотой амьдарна. Тэр утга санааг илэрхийлэхийг зорьсон. Хэдий бид байхгүй боллоо ч үр хүүхэд маань энд үлдэнэ шүү дээ. Хэдийгээр хөгжми нь хүчтэй дуугаралттай ч  хэлээд байгаа санаа нь зөөлхөн, аргадангуй байдаг. 

Бас нэг зүйл ярихад, хүмүүст рок хөгжим гэхээр л нэг төсөөлөл толгойд нь байдаг даа. Харин якгуур хөгжмийг орчин цагтайгаа холих нь төсөөлөмгүй их баялаг. Морин хуурын нэг татлагыг жаахан өөрчлөөд тэс өөр хэмнэл гаргаж ирэх жишээтэй. Ийм зүйлүүдээрээ бид их өвөрмөц, онцгой байж чаддаг. 

-Танай ковер зургууд их өвөрмөц байдаг?

-Монголын уран зургийн академийн н.Нямхүү ах маань бидний уран бүтээлд хамтарч ажилладаг. Сүүлийн уран бүтээлийн ковер зураг мангас шиг харагдаж байгаа ч яг үнэндээ тэр чинь мод юм шүү дээ. Модны урд нь навч, үндэстэй нь холбогдсон хүн байгаа юм. Яах вэ хүнийх нь хувьд эх орноо хайрладаггүй бүтэхгүй нөхрийн төлөөлөл. /Инээв./

-Өмнө нь дундаа өөр өөрсдийн тоглох хэсгээ зохиодог гэсэн. Хамтлагийн гишүүн бүрд хөгжмөө зохиох ямар нэгэн арга барил байгаа даа?

-Суурь хөгжмөө хийчихэд учиртай. Зарим өдөр онгод буухгүй тохиолдол элбэг. /Инээв/

Ер нь Анука, Нямка хоёр тухайн үеийн мэдрэмжээрээ шууд зохиодог. Заридаа “За биш байжээ” гэдэг ч гэсэн. Суурь хөгжмөө сонсоод л зохиодог. Харин Баяраа удаан бодож байж нэг л тоглодог. Харин манай Э.Эрхэмбаяр бол жинхэнэ хамтлагийн маань бурхан гэж хэлж болно. Анхны дуугаралтыг хийдэг, миксмастер, дуу, зураг гээд бүх зүйлд ажилладаг. 

-Урын санд нь хэдэн бүтээл байгаа вэ?

-Одоо найм дахь бүтээл дээрээ ажиллаж байна. Энэ уран бүтээл маань нэлээн өвөрмөц, шинэлэг. Цацагдаагүй хав дарсан их олон бүтээл байгаа. Алдаад, орхичихсон гэх юм уу. 

Нээрээ бид саяхан МИАТ-тэй хамтарч ажилласан. Одоо шинэ онгоцонд явж байгаа ая бидний бүтээл шүү дээ. Их гоё санагддаг. 

-Сонсогчид их уйдамтгай байдаг. Бид шинэ зүйлс их гаргадаг учраас биднээс уйдахгүй ээ-

-Нэг бүтээл гаргахдаа их хугацаа зарцуулдаг гэсэн. Хамгийн хурдандаа хэд хоногт бүтээлээ гаргаж байсан бэ?

-Сүүлийн бүтээл маань үнэхээр хурдан гарсан. Анхны суурь ая боссоны дараа Нямхүү нэг тоглоод л өөрийнхөө хэсгийг тоглочихсон. Дараад нь Баяраа, Анука хоёр эхний даралтаараа аяа оруулсан. Ингээд л бүтчихсэн. 

-Нууц биш бол тус тусдаа ямар ажил эрхэлдэг вэ?

-Өө дурдаагүй өнгөрчихсөн байна. Бид ажил дээрээ ч хамт. DGL хөгжмийн академид багшилдаг. Ажил дээрээ, амьдрал дээрээ, хамтлагтаа ч хамтаараа хүмүүс шүү дээ. 

-Энэ хугацаанд танай хамтлагийн гарсан том тайз юу вэ?

-”Плэйтайм”маань бидний хувьд том тайз шүү дээ. Гэхдээ энэ жил бид Германд хөгжмийн наадамд оролцоно. Энэ чигээрээ урагшилж, ахиж, дэвшинэ ээ. 

-Сонсогчид болон сонсож байгаагүй хүмүүстээ хандаж үг хэлбэл? 

-”Mornight”, “Echoes of Tales” гээд хоёр бүтээл гаргасны дараа хэсэг завсарлахад, хүмүүс маш их бичиж байсан. Удаан хайрлаж, сонсдог бүх сонсогчдодоо баярлалаа. Удахгүй бидний шинэ уран бүтээлүүдээр уулзъя. Бид студийн түвшинд чанартай уран бүтээл гаргахаар ажиллаж байгаа. Шинээр биднийг сонирхож байгаа хүмүүс байвал бид маш сонирхолтой санагдана. Яагаад гэвэл зах зээлд байхгүй шинэ мэдрэмжийг сонсогчдод өгч байгаа. Сонсогчид бол маш уйдамхай, шинэ юмыг хайж байдаг. Тиймээс хөгжмийн зах зээлд хаана шинэ юм гарч ирэх нь үү, хаана гоё дугаралт байна, хаана гоё илэрхийлэмж, мэдрэмж байна гээд хайж байдаг. Тэгэхээр манайх бол тэр мэдрэмж, хүлээлтийг өгч чадахуйц хамтлаг байна аа. Манайхыг сонсоорой. Ирээдүйд сонсох гэж байгаа, бидний бүтээлийг үнэ цэнтэй болгох гэж байгаа хүмүүст хэлэхэд бид нар одоогийн байдлаар дөрвүүлээ байна, маш их хичээж байгаа, зориулах ёстой бүх юмаа зориулаад явж байгаа. Зөв цагтаа, зөв газраа уулзах хүртэл түр хүлээж байгаарай.

"Bugan" хамтлагийн сүүлийн уран бүтээлийг хүлээн авна уу.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button