Сэрэмжлүүлэг: Бусдын "Facebook"-ээр 138 удаа нэвтэрч ₮51 саяар хохироожээ

Өнгөрсөн оны 09 дүгээр сарын 06-08-ны өдрийн хооронд иргэн Б, М нараас “код очно, хэлээд өгөөч” гэх нэрийдлээр хуурч мэхлэн, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бүрдүүлэн тэдгээрийн фейсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч бусдаас арилжааны банкны данс руу удаа дараа мөнгө шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Ингэхэд Ш гэгч нь иргэдийн фэйсбүүкт хууль бусаар нэвтэрч 138 удаагийн үйлдлээр бусдад 51 сая орчим төгрөгийг хохирол учруулсан болохыг тогтоон Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг нөхөн төлүүлж хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлээд байна.
Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 2
Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, нуусан, нэмж оруулсан, хуулбарлаж авсан, ашиглах боломжгүй болгосон бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1
Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.