СЕХ: Нийслэлд 1,093,219 сонгогч санал өгнө. Үүнээс хэд нь ХБИ болох нь тогтоогдоогүй байна

Гурав хоногийн дараа буюу /2024.06.28/ УИХ-ын 2024 оны сонгууль зохион байгуулагдах юм. Энэ өдөр бүх нийтээр сонгуулиа өгч, парламентын засгийн газрын гишүүдээ сонгоно.
Манай улсын хувьд ХБИ иргэддээ ээлгүй. Тэгвэл энэ өдөр ХБИ-дээ хэр зэрэг халамжтай байгааг санал өгөх байрны орох, гарах хаалга ямар байгааг судлахаар бидэнтэй хамгийн ойрхон санал хураах байр СБД-ийн нэгдүгээр хороонд байрлалтай нэгдүгээр сургуульд очив.
Налуу зам тэргэнцэртэй хүн орж, гарахад саадгүй харагдаж байна. Энэ ердөө хотын төвд байрлах сургуулийн жишээ, хотын захад болон санал авах өөр байршлуудад мөн энэ жишиг тогтсон эсэхийг нягтлах болно.
Сонгуулийг ерөнхий хорооноос, хэвтрийн дэглэм сахидаг гэртээ байдаг, гарах боломжгүй хүмүүс хэрхэн саналаа өгөх вэ, талаар тодруулахад, "Тодорхой заасан хугацаанд явуулын хайрцагт санал өгөх хүсэлтээ гаргана. Хүсэлтийн дагуу явуулын саналын хайрцаг очно. Одоогоор хэчнээн хүн санал өгөх хүсэлт гаргасан нь тодорхойгүй байна. Мөн энэ жилийн сонгуулиар нийслэл хотын есөн дүүрэгт 1,093,219 сонгогч санал өгөх бөгөөд үүний хэд нь ХБИ болох нь хараахан тогтоогдоогүй байна" гэлээ.
Сонирхуулахад, Энэ оны ХЭҮК-ын судалгаанд оролцсон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 85.7 хувь нь 2020 оны УИХ-ын, 84.1 хувь нь 2020 оны орон нутгийн сонгуульд саналаа өгч байжээ. Энэхүү судалгаанд оролцогчдын 84.7 хувь нь 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 90 орчим хувь нь гаднын нөлөөгүйгээр саналаа өгч чаддаггүй гэх дүгнэлт гарчээ.
Тодруулбал, 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд санал өгсөн 59 хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс тусалж буй этгээдийн нөлөөгүйгээр саналаа бие даан гаргасан эсэхийг тандахад 90 хувь нь чөлөөтэй гаргаагүй гэсэн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.