Eurasia Review: Монгол Улс Зүүн Азид гадаадын шууд хөрөнгө оруулалт татах гэрэлт цамхаг болж байна

“Eurasia Review” сайт “Монгол Улс Зүүн Азид гадаадын шууд хөрөнгө оруулалт татах гэрэлт цамхаг болж байна” гэх гарчигтай бичвэр нийтэлжээ. Тус нийтлэлд Төв Азид ардчилал, эдийн засгийн төрөлжсөн байдлыг дэлгэрүүлэх ажлыг удирдан явуулах боломжтой хэмээсэн юм. Мөн энэ завшааныг Их Британи ашиглаж Монгол болон өргөн хүрээгээрээ бүс нутагт хөгжил дэвшил авчрахад хувь нэмрээ оруулж болно гэдгийг онцолсон байна.
Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Камероны 2024 оны 4-р сард Монгол болон Төв Азийн орнууд руу хийсэн айлчлал нь Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эрх ашгаа хамгаалах тал дээр Лондон анхаарч байгааг харуулсан.
Лондон Төв Азийн бүсэд эдийн засаг, хамтын ажиллагааны харилцааг дэмжих стратеги боловсруулж буй. Ийм учраас Монгол Улсын стратегийн байршил, ардчилал болон авлигатай тэмцэх чиглэлээрх хүчин чармайлт нь тус улсыг Их Британийн идеал түнш болгож байгаа юм.
Их Британийн эрх баригчид тус бүс нутагт бизнесийг дэмжих, засаглал, хууль ёсыг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа. Өргөн уудам нутаг дэвсгэр, нөөц баялагтай учир Монголд бүс нутагтаа ардчиллыг дэлгэрүүлэх ажлыг удирдан чиглүүлэх асар их боломж бий. Үүнийг “The Economist Intelligence Unit”-ийн 2023 оны Ардчиллын индексийн тайлан харуулж байна.
Тус тайлангаас харвал Монгол нь сонгуулийн үйл явц, плюрализм, засгийн газрын үйл ажиллагаа, улс төрийн оролцоо, улс төрийн соёл, иргэний эрх чөлөө зэрэг үзүүлэлтээр дэлхийн бүх орнуудын эхний 35%-д жагсжээ.
“Freedom House” фирмийн мэдээлснээр Монгол сонгуулийн үйл явц, улс төрийн олон талт үзэл ба оролцоо, үзэл бодол, итгэлийн эрх чөлөө, нийгэмлэг ба байгууллагын эрх чөлөөгөөр дэлхийн тэргүүлэх ардчилсан орнуудтай зэрэгцэн жагсаж байна.
Мөн “The Heritage Foundation” Монголын хууль зохицуулалтын үр бүтээмжтэй байдал, зах зээлийг либералчлах замаар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг (FDI) татахаар гаргаж буй хүчин чармайлтыг нь сайшаажээ.
Хойд талаараа ОХУ, урд талаараа БНХАУ-ын дунд хавчигдсан Монгол Улс хил хязгаараасаа давж бусад улсуудтай эдийн засаг, стратегийн харилцаагаа гүнзгийрүүлэх хүсэлтэй гэдгээ харуулсан.
Гэвч НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) мэдээлснээр Монгол гэх мэт гадаадын шууд хөрөнгө оруулалт (FDI) хамгийн их хэрэгцээтэй орнуудад цар тахлаас хойш гадаадын хөрөнгө оруулалт буурчээ.
Лондон Улаанбаатартай урт хугацааны түншлэлээ баталгаажуулахыг хүсэж байгаа бол Их Британи болон түүний түншүүд БНХАУ-аас Монголд оруулж буй хөрөнгө оруулалттай өрсөлдөх хэрэгтэй.
Хятадын хөрөнгө оруулалтаар Монголд 100,000 гаруй ажлын байр, 2 тэрбум ам.долларын татварын орлого хуримтлагдсан. Мөн БНХАУ-аас гурван улсыг холбосон авто зам, төмөр зам, эрчим хүчний дэд бүтцийн холбооснуудад санхүүжилт оруулсан юм.
Британийн эрх баригчид хувийн хэвшлүүдийг Монголд хөрөнгө оруулахыг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Мөн тус улс хөгжлийн санхүүжилтийн байгууллага болох Британийн олон улсын хөрөнгө оруулалтын газраар (BII) дамжуулан бүс нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын зөрүүг нөхөх нь зүйтэй.
Их Британи Монголтой түншлэл ба хамтын ажиллагааны хэлэлцээ хийж худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаагаа эхлүүлж болно. Ингэхдээ аль аль тал бараа, үйлчилгээний зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх хэрэгтэй юм.
Монгол Улс хөрөнгө оруулалт, худалдааны түншүүдээ төрөлжүүлэхийг эрмэлзэж байгаа тул тус бүс нутагт оролцоогоо нэмэгдүүлэх өвөрмөц боломж Их Британид үүслээ.
Ховор элемент болон бусад үнэ цэнтэй ашигт малтмалаар баялаг учир Монгол нөөцийн хөгжүүлэлт, чухал нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах тал дээр хамтран ажиллах боломжтой улс юм.
Их Британийн эрх баригчид Монголоор дамжуулан эдийн засгийн аюулгүй байдлаа дэмжихэд ямар дэд бүтэц шаардлагатай байгааг тодорхойлох хэрэгтэй. Одоогийн байдлаар Монголын экспорт Хятадын Тяньжин боомтоос хэт хамааралтай байгаа.
Ийм учраас Монголд ховор элементийн болон эрдэс баялгийг экспортлоход туслах уул уурхайн талбайнуудад хүрэх шинэ авто зам, төмөр зам барих шаардлага гарна.
Энэ нь Монгол Улс ардчилсан бус засгийн газартай хөршүүдээсээ хэт хамааралтай байдлаас зайлсхийхэд Их Британи болон АНУ дэмжлэг үзүүлэх боломж болно.
Монголын ховор элемент, эрдэс баялаг, дэд бүтцийн салбараас гадна сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, цахимжуулалт, Америк болон Британийн түргэн хоол, конвиниенс дэлгүүрийн франчайзуудын өргөтгөл зэрэг зүйлсэд барууны хөрөнгө оруулалт анхаарлаа хандуулах нь зүйтэй юм.
Аардчилсан бус засаглал давамгайлдаг бүс нутагт Монгол нь хүчирхэг ардчилсан улсын үүрэг гүйцэтгэж байгааг Британийн эрх баригчид хүлээн зөвшөөрч, тус улсын ардчилал болон эдийн засгийн шинэчлэлээс үүсэж буй боломжийг ашиглах хэрэгтэй.
Улаанбаатартай харилцаагаа бэхжүүлж, ардчилал, авлигын эсрэг тэмцэл, эдийн засгийн төрөлжилтийн хүчин чармайлтыг нь дэмжих замаар Их Британи Монгол болон бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил дэвшил, сайн засаглалыг бий болгоход хувь нэмэр оруулах боломжтой.
Эх сурвалж: Eurasia Review
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.