Ярилцлага

Хүний амь аварсан гавьяагаараа Австралийн Засгийн газарт үнэлэгдсэн Т.Чингэстэй ярилцлаа

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-ны өдөр Т.Чингэс зочид буудлын долоон давхрын тагтнаас амиа хорлон үсрэхээр завдсан эмэгтэйн амийг аварсан юм. Тэр өөрөө тухайн зочид буудлын таван давхарт буудаллаж байсан бөгөөд зориг гарган долоон давхар луу тагт дамжин авирсан байна. Чингээд ум хумгүй үсэрч орхисон бүсгүйн гараас зуурч үлдэн, цагдаагийн ажилтны хамт эмэгтэйн амийг аварчээ. Эл үйл явдал Австрали улсын Кайрнс хотод болсон. Улмаар Т.Чингэсийн энэ үйлдлийг Австрали улсын Засгийн газар үнэлж, “Эр зоригийн одон”-гоор шагнахаар болоод буй. Бид хилийн чанадад суугаа түүнтэй холбогдож, товч ярилцлаа.


-БИ ХИЙХ ЁСТОЙ ГЭСЭН БОДОЛ ШУУД ОРЖ ИРЭЭД Л ТУСЛАХААР УХАСХИЙСЭН-

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу? Австрали улсын ямар их сургуульд суралцаж байна вэ?

-Сайн байцгаана уу? Намайг Т.Чингэс гэдэг. Австрали улсын Мельбурн хот дахь Дийкин их сургуульд, Дата аналитик гэсэн IT чиглэлийн мэргэжлээр магистрын зэрэгт суралцдаг. Мэльбурн хотод амьдраад хоёр жил болох гэж байна.

Харин Монголд байхдаа Ш.Отгонбилэгийн нэрэмжит ШУТИС-д Цахилгаан систем, автоматик мэргэжлээр бакалаврийн зэрэг хамгаалсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрт ажиллаж байх үедээ хажуугаар нь ШУТИС-д Уул уурхайн цахилгаан машин, тоног төхөөрөмжийн чиглэлээр магистрын зэрэгт суралцаж төгссөн юм л даа.

Одоогийн байдлаар суралцаж буй Дийкин их сургуульдаа гадаадын оюутнуудад тусламж үзүүлэх чиглэл бүхий Leadership Program-д давхар ажиллаж байна.

-Зочид буудлын долоон давхраас үсрэх гэж байсан эмэгтэйн амийг аварсан үйлдлийг тань Австралийн Засгийн газраас үнэлж, “Эр зоригийн одон”-гоор шагнахаар болсон байна. Тухайн үед яг юу болсон талаар манай уншигчдад ярьж өгөхгүй юу?

-Би Австралийн үзэсгэлэнт нутгуудаар аялах, байгалийн ховор тогтоц бүхий газруудыг үзэх зорилгоор Кайрнс хотод ирж, буудаллаад байсан юм. Гэтэл оройн 4, 5 цагийн алдад юм унах шиг хүчтэй чимээ дуулдсан. Үүний дараа гадаа хүмүүс орилолдож эхэлсэн. Хүмүүсийн орилолдох тэрхүү чимээ бараг 5 минут орчим үргэлжилсэн санагдаж байна. Ингээд юу болоод буйг харахаар тагтан дээрээ гарч иртэл, миний байрлаж байсан зочид буудлын хоёр давхрын тавцан дээр улаан өнгөтэй iPhone гар утас унасан нь нүдэнд туссан. Дээшээ хартал нэг охин тагтныхаа хашлаганы гадна талд гарчихсан, хэзээ мөдгүй үсрэхэд бэлэн зогсож байв.

Тайлбар: Үйл явдал болсон Pacific зочид буудлын гадаа

-Тэгээд юу болсон юм бэ. Хараад сандарсан уу?

-Тухайн үед амиа егүүтгэхээр үсрэх гэж байгааг нь ойлгоод би шууд л харалдаа таван давхрын тагт руу үсэрсэн. Амиа хорлохыг оролдсон охин долоон давхарт байсан юм л даа. Түүнийг унавал яаж тосож авах талаар нэг хэсэг бодож, бараг л ЕБС-д үзсэн бүх л физик, математикийн томьёонууд толгойд эргэлдсэн шүү. Ингээд бүтэхгүй нь гэж ойлгоод долоон давхар луу авирч гараад, охинтой ярьж ойлголцох гэж оролдлоо. Гэтэл тэр гэнэт л ум хумгүй үсэрчихсэн. Би гараас нь зуурч аваад, таван минут орчим тэссэн. Энэ үед цагдаагийн ажилтан ч мөн ирсэн байсан. Гар маань ядарч сульдаж байгааг мэдэрч эхэлсэн. Энэ үеэр цагдаагийн ажилтан орж ирж, түүнийг тагтнаас гавлах гэж оролдох үед тэр өөрийгөө хар тамхинд донтсон, одоо ч хэрэглэсэн байгаа гэдгээ хэлсэн. Яг энэ үеэр тэр огцом хөдөлж, цагдаа бид хоёр түүнийг алдсан ч азаар доод давхрын тагтан дээр унадаг юм байна. Унаад дахиад л үсрэх гэж оролдсон. Би доош үсэрч буугаад, хажуугийн тагтан дээр гарч ирсэн нэг залуутай нийлж охиныг барьж тогтоон аварсан гэх үү дээ.

Цагдаа нарт баригдсаныхаа дараа тэр цагаан, хөөсөрхөг зүйлээр бөөлжиж эхэлсэн. Удалгүй эмнэлгийн байгууллага ирээд аваад явсан. Харин цагдаа нар надаас мэдүүлэг авсан. Товчхон хэлэхэд ийм л явдал агшин зуурт л болоод өнгөрсөн дөө.

-Эгзэгтэй тэрхүү үед туслах эсэхдээ эргэлзсэн үү. Эсвэл шууд л туслахаар ухасхийсэн үү?

-Ойр хавьд өөр туслах боломжтой хүн байгаагүй. Доод давхарт хоёр эмэгтэй л орилолдож байсан. Толгойд, “Би хийх ёстой” гэсэн бодол шууд л орж ирсэн. Тухайн үед маш их тооцоолол хийж үзэн, өөрийгөө аль болох тайван байлгахыг хичээлээ. Харин дараа нь цагдаагийн газраас ирсэн и-мейлийг уншаад ямар эрсдэлтэй зүйл хийснээ ойлгосон доо.

-ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС ИРСЭН И-МЕЙЛИЙГ УНШСАН ХОЙНОО Л ЯМАР ЭРСДЭЛТЭЙ ЗҮЙЛ ХИЙСНЭЭ ОЙЛГОСОН-

-Ямар агуулгатай и-мейл байсан бэ. “Эр зоригийн одон”-гоор шагнах болсон тухай юм уу?

-Тийм. Тэр үйл явдал болсноос хойш долоо хоногийн дараа ирсэн. Австралийн Засгийн газар болон Цагдаагийн газраас надад хаяглагдсан байсан шүү. Талархлын үгс болон “Эр зоригийн одон”-гоор шагнахаар болсон тухай дурьдсан байсан. “Өөрийн амь насыг эрсдэлд оруулан байж охины амийг аварсан” гэсэн өгүүлбэрийг нь уншаад гэнэт бие зарайх шиг болсон. Үүнээс өмнө хүний амь аварсандаа бардаад, тэрийг бодох сөхөөхгүй хөөрцөглөж байлаа.

-Одонг гардуулах товыг дурьдсан байсан уу. Энэ мэдээг сонссоны дараах сэтгэгдлээ хуваалцаач?

-Тов байгаагүй, эргэж холбогдоно гээд орхисон байсан. Мэдээж хүн болсон хойно баярлалгүй яах вэ. Одоогийн байдлаар нэг их одон энэ тэрийн тухай бодсон зүйл алга, тухайн үедээ болох биз ээ.

-Охины амийг аварсан үйл явдал болж өнгөрсний дараа энэ тухайгаа хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ. Өөрөөрөө бахархсан уу?

-Хамгийн түрүүнд Сингапурт амьдардагэгч рүүгээ залгаж хэлсэн. Тэгээд л жаахан тайвширсан даа. Өөрөөрөө бахархах мэдрэмж мэдээж төрсөн. Болсон явдлын талаар яриад сууж байхад тухайн үеийн мэдрэмжээ дахин авдаг юм байна, эвгүй. Дараа нь харахад миний гарын шуу маш бүдүүн болоод хавчихсан байсан. Дотор жаахан эвгүйрхэж байгаад хэсэг хугацааны дараа хэвийн болсон доо. Бас их зүйлийг ойлгосон.

-Тухайлбал?

-Кинон дээрээс харж байхад ийм нөхцөл байдалд цагдаа биш сэтгэлзүйч түрүүлж ирдэг шүү дээ. Энэ их зөв юм шиг санагдсан. Тухайн нөхцөл байдалд сэтгэл судлалын үүднээс анализ хийнэ гэдэг их чухал юм билээ. Түүнээс хүн цагдаа, хүчний хүмүүсийг хараад улам амиа хорлохыг оролдож буй сэтгэл зүйтэй хүн улам л догширдог. Үүний оронд ярилцах, тайвшруулах хүн байвал илүү хэрэгтэй санагдсан шүү.

-Эмэгтэй өөрийн шийдвэрээр амиа егүүтгэх гэж байж. Хар тамхины хамаарлаас гарч чадахгүй хүнд амьдралыг тэсвэрлэхээ больсон болохоор ингэхэд хүрсэн байх?

-Хар тамхинд донтох нь сэтгэцийн асуудал гэж боддог. Амьд л явбал засаж, залруулж болох зүйл шүү дээ. Хүний амь гэдэг үнэтэй. Цаашид тэр охин ямар сайн хүн болж, сайхан зүйл хийх юм билээ, бид хэлж мэдэхгүй. Яг тэр үед охиныг ухаан нь биш, хар тамхи удирдаж байсан гэмээр юм уу даа.

Дэлхий нийтээр, ялангуяа залуусын дунд хар тамхидалт газар авсан. Тэр охин 26 настай гэсэн байх аа. Харин царай нь 30, 40-тэй юм шиг л харагдаж байсан. Тийм сайхан насан дээрээ муу зүйлд уруу татагдаж явах буруу. Сурч боловсорч байх учиртай сайхан нас.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа, амжилт хүсье.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Үнэхээр Монгол баатар юм.
Үнэхээр Монгол баатар юм.
2019-12-04 08:20

Үнэхээр Монгол улсын маань бахарх�##�т иргэн байна. Баярл�##�аа үе тэнгийн з�##�уу чамд. Маш их зориг хурдтай шийдвэр, нинжин сэтгэл гаргасанд дахин дахин баярл�##�аа. Юм үзэж нүд тайлсан хүний ярилцлага, яриа цаанаа л өөр байна шүү. Амжилт хүсье.

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
2019-12-05 09:26

Сайн байна. Эр зоригтой, энэрхүй сэтгэлтэй, эрхэм сайхан нэртэй монгол хөвгүүн байна. Эрдэм ном их сурч ирээд эх орондоо ихийг бүтээж, аз жарг�##�тай сайхан аж төрөөрөй гэж ерөөе.

Tony_TU
Tony_TU
2019-12-05 17:15

Сайн байна уу?
Б биш Т. Чингэс шүү

StevSlarie
StevSlarie
2020-02-05 13:18

Ou Acheter Du Cialis Forum http://cheapcialisir.com - viagra vs cialis Come Prendere Il Cialis Cialis Viagra 50mg Tablets

Холбоотой мэдээ

Back to top button