Б.Эрдэнэсайхан: Сүүн шүдийг ч авхуулах хэрэггүй, үүнээс болж эрүү, хоншоорын гажиг үүсдэг

-10 хүүхэд тутмын 4-6 нь шүдээ эмчлүүлэх шаардлагатай-

2022 оны тавдугаар сарын 1-нээс эхэлсэн 0-18 хүртэлх настай хүүхдүүдийн эрт илрүүлгээр амны хөндийн өвчлөл хамгийн их байсныг ЭМЯ-наас тайлагнаж мэдээлээд байна. Тодруулбал, 18 хүртэлх насны хүүхдүүдийн шүдний өвчлөлийн нөхцөл байдлыг судалж үзэхэд 1-5 настай хүүхдүүд зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай гарсан бол сүүн шүд ясан шүдээр солигдох үеийн шүд цоорлын тархалт хамгийн их гарчээ. Мөн 17 нас руу дөхөх тусам шүд цоорлын тархалт дахин нэмэгдсэн байдалтай байна.
Тоогоор илэрхийлбэл, нэг настай хүүхдийн аманд 8-12 шүд байх ёстойгоос дөрөв нь өвчилсөн ба нийт эрт илрүүлэгт хамрагдсан нэг настай хүүхдүүдийн 7.6 хувь нь шүдний өвчлөлтэй, 7.4 хувь нь шүдээ эмчлүүлэх шаардлагатай гэсэн үр дүн гарсан. Харин хоёр настай хүүхдийн аманд дунджаар 12 сүүн шүд байх ёстой гэж тооцоход мөн л дөрөв нь буюу гуравны нэг нь өвчилсөн байна. Цаашлаад 6-12 настай буюу шүд солигдлын үе болох сүүн болон байнгын шүд амны хөндийд холилдож байх үед өвчлөл хамгийн өндөр буюу 10 хүүхэд тутмын долоо нь шүдний өвчтэй, цооролтын тархалт 74 хувьтай дүгнэгджээ. Эцэст нь манай улсад 10 хүүхэд тутмын 4-6 нь шүд, амны хөндийн эмчилгээ заавал хийлгэх шаардлага гэсэн судалгаа гарсан юм.
Тийм учраас зарим ЕБС-иуд сурагчдын зуны даалгаварт шүдээ эмчлүүлж ирэх даалгаврыг нэмсэн байна. Бид энэ удаад зуны амралтын хугацаанд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдүүдийнхээ шүдийг хаана, хэрхэн эмчлүүлэх талаар мэдээлэл бэлтгэлээ.
-Б.Эрдэнэсайхан: Эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх хугацаанаас төвөгшөөж авахуулах шийдвэр гаргадаг нь маш буруу-
Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны дарга, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй эмч Б.Эрдэнэсайхантай ярилцлаа.

-Зуны амралтаар аав ээжүүд амжиж хүүхдүүдийнхээ шүдийг эмчлүүлэх зорилготой байна. Зарим сургуулиас ч даалгавар болгон үүрэгжүүллээ. Та эцэг эхчүүдэд зөв, төгс эмчлүүлэх арга болон сурагчдын нас насны шүдний өвчлөлийн талаар мэдээлэл өгөөч?
-Сурагчдын амралтад зориулаад зарим сургуулиудаас сурагчдад шүд, амны хөндийг эрүүлжүүлэх зөвлөмжийг хүргүүлдэг. Энэ нь аав, ээж, асран хамгаалагч нарт дохио өгч, зуны амралтаар нь хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэхэд анхаарч эхэлдэг. Гэтэл энэ үеэр бас хэд хэдэн тулгамдсан асуудал гарч ирдэг. Манайхан дөнгөж хичээл амрангуут үзүүлчхээд амралт зугаалга, агаар салхи гээд эмчилгээгээ дуусгахгүй орхичихдог. Зарим нь болохоор яг хичээл орохыг дөхүүлээд эмнэлэгт хандаж, ачаалал нэмэгдүүлдэг. Шүдний эмчилгээний гол зарчим бол нэг удаа очоод болчихдоггүй. Хэрэв сувгийн эмчилгээнд орсон бол хамгийн багадаа 7-10 хоногийг зарцуулна.
Шүд цоорсон л бол нөхөн төлжих боломжгүй эрхтэн учраас эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж цоорлоо эрт илрүүлэх нь маш чухал. Ингээд болж өгвөл өвчлөхөөс нь өмнө амны хөндийг эрүүлжүүлэх шаардлагатай. Хэрвээ өвчилсөн тохиолдолд аль болох бага дээр нь эмчлүүлэх бас шаардлага байна. Тэгэхээр эцэг эхчүүд зуны амралтаар багадаа нэг сарыг шүд эмчлүүлэхээр төлөвлөхийг зөвлөж байна. Сүүлийн жилүүдэд амны хөндийд нэгхэн шүд цооролтой хүүхдийн тоо маш цөөн байгаа учраас нэг сараас ч илүү хугацаа зарцуулагдаж болно. Тиймээс энэ бүхнийг урьдчилан тооцоод хүүхдийнхээ амны хөндийг эрүүлжүүлээрэй.
-Эцэг эхчүүд ер нь л хүүхдийнхээ шүдийг авахуулчих гээд байдаг. Хүүхдийн шүдийг ямар тохиолдолд авдаг вэ. Авахуулснаас үүдэх сөрөг үр дагавар гэж байх уу?
-Эцэг эхчүүд эмчлүүлэх хугацаанаас төвөгшөөж шууд авахуулья гэсэн шийдвэрийг гаргадаг. Энэ нь хэдийгээр сүүн шүд байсан ч дараагийн байнгын шүдний ургалт болон өсөлт хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн эрүү, хоншоор, шүдний гажгууд үүсэх эрсдэл ихтэй. Тийм учраас бид сүүн шүд байсан ч эмчлэх тактикийг баримталдаг юм. Харин эцэг эхчүүд маань авах заалтгүй шүдийг яаран авахуулахгүй, эмчлүүлэх ёстой. Дээрээс нь байнгын шүднүүд ялангуяа дөнгөж ургаад сурвалж нь бүрэн хэлбэржээгүй шүднүүд дээр удаан хугацааны эмчилгээ шаардлагатай байдаг. Хэрвээ ямар нэгэн тохиолдлоор шүдийг авахуулахад нөхөн сэргээх эмчилгээ маш удаан хугацааны дараа буюу насанд хүрсэн үед авагдаггүй шүдэлбэр хийлгэх заалттай. Гэтэл тэр хүртэл олон жил согогтой яваад ирэхээр эрүү хоншоорын хөгжил, эрүүний гажиг, эрүүний үений эмгэг, зуулт, нүүр мурийх гэх мэт олон сөрөг нөлөө үзүүлдэг тул аль болох эмчлүүлэх, авахуулахгүй байх, эмчийн зөвлөгөө зөвлөмжийг сайтар дагахыг анхааруулмаар байна.
-Бас ломбодуулаад уначихлаа гэх яриа нийтлэг бий. Энэ сэдвээр та тодорхой ойлгомжтой мэдээлэл өгөөч?
-Тиймээ, эцэг эхчүүдээс ломбо нь тогтохгүй байна яах вэ гэсэн асуулт нийтлэг ирдэг. Шүдний аль гадаргуу дээр ломбо хийгдсэнээс хамаарч унах тохиолдол байна. Энэ нь бас олон шалтгаантай. Тухайн хүүхэд буйлны үрэвсэлтэй бол үүнээс нь шингэн ялгарч ломбоны чанарт муугаар нөлөөлдөг. Мөн шүдний завсрын болон үүдэн шүдний цоорлуудын үед ломбо тогтохгүй унах эрсдэл бий. Үйлчлүүлэгч ломбодоо гамтай хандах хэрэгтэй. Хатуу юм хазаж зулгааж болохгүй гэх мэтээр эмчийн заавар зөвлөгөөг сайн дагаж мөрдөх нь чухал. Ломбо гэдэг нөхөн сэргээх эмчилгээ бөгөөд шүдний гадаргуун цоорлоос хамаарч тусгай цавууны тусламжтайгаар нааж өгдөг. Ямар ч тохиолдолд энэ гадны биетийг ломбо үйлдвэрлэгчийн зааврын дагуу арчлах, цэвэрлэх, ариг гамтай ашиглах шаардлага үүсдэг.
-Аав ээжүүд чихэр идвэл шүд нь цоорно гэж ойлгодог. Мөн чихэр өгөөгүй байхад шүд нь цоорчихлоо гэдэг. Шүд цоороход нөлөөлөх хүчин зүйлсийг энгийн үгээр тайлбарлавал...?
-Зөвхөн чихэр идснээр шүд цоордог гэдэг буруу ойлголт иргэдийн дунд түгээмэл бий. Шүд амны хөндийд ундаа, хоолны үлдэгдэл удах, арчилгаа дутах гээд маш олон шалтгаанаар шүд цоорох өвчин үүсдэг. Шүдний паалан хүчиллэг орчинд тэсвэргүй. Бусад орчинд маш тэсвэртэй нягт хатуу бүтэцтэй. Паалангийн давхарга нь өөрөө шүдийг хамгаалах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд хүчилд бүрэн бүтэн байдал эрдсээ алдаж сийрэгжсэнээр шүдний цоорол үүсдэг. Тэгэхээр бид нар цоорлоос сэргийлэхийн тулд амны хөндийг хүчиллэг байлгахгүйн тулд байнга саармагжуулах үйл ажиллагаа буюу шүдээ угааж, шүлтлэг ус хэрэглэх, амны арчилгааг анхаарах, хоол хүнсийг удаан хугацаагаар зажилж идэх зэрэг аргуудыг зөвлөдөг. Хүүхдийн шүдийг эмч зөвлөсний дагуу угааж хэвшүүлэх, зөв хооллох, чихэрлэг хүнсний хэрэглээний давтамжийг багасгах нь зүйтэй. Өглөө, өдөр, орой гурван удаа чихэр өгөх, нийлүүлээд нэг удаа идүүлэх үү гэдэг сонголтыг эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцаж ойлголцож амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг олгож байх ёстой.
-Шүд хорхойтох гэдэг нэр томьёог үйл явцынх нь тухайд тайлбарлаж өгөөч?
-Энэ нь ямар нэгэн байдлаар шүд рүү хорхой ороод цооруулж байгаа асуудал огт биш. Шүд цоорол нь бактерийн гаралтай үүсдэг халдварт өвчин. Шүдний бүтэц, паалангийн хэвийн үйл ажиллагаа алдагдснаар сийрэгжиж хөндий үүсч тэр хэсэгт бактер үржиж, цоорол явагдах шалтгаан болдог. Тийм учраас бид нар шүдний хатуу эд болох паалан тугалгын бүтцийг хадгалж амны хөндийн арчилгааг сайн хийх хэрэгтэй.
-Таны ярианаас буйлны үрэвсэл шүдний цоорлоос илүү хор хөнөөлтэй гэж ойлгосон. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Амны хөндийн өвчлөл гэхээр манайхан зөвхөн шүд цоорол гэж ойлгож, ярьж цохон тэмдэглэдэг. Үүнээс гадна амны хөндийд маш олон төрлийн өвчлөл үүсч болдог. Үүний нэг нь буйлны үрэвсэл юм. Буйлны үрэвсэл ямар нэгэн шинж тэмдэггүй, өвдөлтгүй, зовиургүй явагддаг хэдий ч хамгийн их хор нөлөөтэй үрэвсэлт өвчин. Бид нарын мэддэгээр хоолойны ангинааас үе мөчний үрэвсэл, зүрх судасны өвчин үүсдэг гэсэн мэдээлэл байдаг. Гэтэл шинжлэх ухаан юуг нотолсон бэ гэхээр хоолойны ангина буюу гүйлсэн булчирхайн үрэвслээс гадна буйлны үрэвсэл нуугдмал шинж чанартай архагшиж удаан хугацаанд байснаас болж хүний биед 200 гаруй төрлийн өвчин үүсгэдэгийг тогтоосон. Буйл нь цусан хангамжаар баялаг эрхтэн учраас зүрх судас, үе мөчний өвчин, бөөр, ходоодын үрэвсэл гэх мэт өвчинг түлхүү үүсгэж, дархлааны системд маш сөргөөр нөлөөлж байна. Хүний биеийн дархлаа муудахад бусад бүх төрлийн өвчлөл сэдрээх, амархан өвчлөмтгий болдог. Хамгийн харамсалтай нь буйлны үрэвслийг ямар нэг өвдөлт, зовиургүй байдаг болохоор төдийлөн анзаарахгүй өнгөрөөд байдаг. Тэгэхээр та шүдээ угаахад буйлнаас цус гарч байгаа тохиолдолд заавал шүдний эмчид хандаарай. Шүдний чулуутай бол түүлгээрэй. Буйлын үрэвслийг бага дээр нь эмчлэх нь 200 гаруй төрлийн өвчнөөс сэргийлнэ.
-Шүд эрүү нүүрний төвийн цахим цаг олголтын үеэр минутад 2000-3000 хүн ханддаг-

-Та аав ээжүүдэд хамгийн сайн цогц зөвлөгөөг өгөөч?
-Хэрвээ та хүүхдийнхээ шүдийг эмчлүүлэх гэж байгаа бол урт хугацааны төлөвлөгөө гаргаарай. Шүдний эмчид очиж үзүүлэхдээ заавал өөрийнх нь хэрэглэж байгаа шүдний сойз, оог нь бариад очоорой. Ингэснээр эмч танай хүүхдийг зөв бүтээгдэхүүн хэрэглэж байна уу, шүдээ зөв угааж чадаж байна уу, өдөрт хэдэн удаа ямар давтамжтай угааж байгаа гэх мэт бодит зөвлөгөө өгөх бас нэг боломж олгодог.
Хооллолт дээр анхаарья. Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж болно. Хамгийн чухал нь өдөр тутам хэрэглэх шаардлагатай хүнс мөн үү гэдгийг бодох хэрэгтэй. Манай эмч нар уламжлалт хоол хүнсийг илүү түлхүү хэрэглэхийг жишээ нь, яс мөлжих, аяга долоох гэх мэт аргаар дамжуулж эрүү нүүрний гажиг, шүд цоорох өвчнөөс сэргийлэхийг уриалдаг. Монгол улсын хүн амын өвчлөлийг бууруулахын тулд бид уламжлал болж ирсэн хоол хүнсээ хэрэглэж, шүдний арчилгаанд зөв дадал хэвшүүлэх нь чухал. Найман нас хүртэл хүүхдийн шүдийг эцэг эхчүүд өөрсдөө угааж арчилж шалгаж байгаа тохиолдолд зөв дадал сурах боломжтой. Үүнийг өдөр тутамдаа өөрөө амжихгүй бол ядаж зөв угааж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Ингээд дутуу хэсгүүд дээр нь зааварчилгаа, зөвлөмж өгөөрэй. Хүүхдийнхээ амыг ангайлгаад нэг харчихдаг байх зэрэгт аав ээжүүд дадмаар байгаа юм. Аманд нь ямар асуудал байгааг энгийнээр хараад мэдэх боломжтой. Эцэг эхчүүд дунд манай хүүхдийн тэдэн шүд цооролтой гээд хэлдэг хүн маш цөөн. Хамгийн гол нь эцэг эхчүүд өөрсдөө мэдэж байж бага дээр нь урьдчилан сэргийлэх асуудал ойлгомжтой болно. Тэгэхээр энэ эцэг эхчүүдийнхээ хүүхдэдээ анхаарал хандуулж байгаагаас хамаараад хүүхдийн ирээдүй амны хөндийн өвчлөл буурах ийм шалтгаанууд үүнээс эхэлнэ. Улирал тутамд чаддаггүй юмаа гэхэд зургаан сардаа нэг удаа заавал шүдний эмчид үзүүлж, зөвлөгөө авч, шаардлагатай эмчилгээг бага дээр нь хийлгэж хэвшээрэй.
-Иргэд Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвөөр үйлчлүүлэх маш их хүсэлтэй. Гэвч үзлэг үйлчилгээний цаг олддоггүй. Тэгэхээр та эмнэлгийнхээ хүчин чадал болоод цаг олгох процессийг тайлбарлаад өгөөч?
-Манай төв нүүр амны эмчилгээ, нүүр амны мэс засал, нүүр амны гажиг засал, нүүр амны согог засал, нийгмийн эрүүл мэндийн алба гэсэн бүтэц зохион байгуулалттай 72 эмч ажилтантай Даваагаас Баасан гарагт өглөөний 07.50 цагаас орой 20.00 цаг хүртэл хоёр ээлжээр ажиллаж эмчилгээ үйлчилгээгээ хүргэдэг.
Манай төв эмчилгээний 12 эмчтэй. Өдөрт нэг эмч шинээр 13 өвчтөн, сувгийн эмчилгээний давтан үйлчлүүлэгчээ нэмэгдээд нийтдээ 25-30 үйлчлүүлэгч авдаг. Нэг үйлчлүүлэгчид 10 -15 минут зарцуулна. Өрөө, үзлэгийн сандал ариутгал, багажаа хураах зэрэг сувилагчийн ажлын цаг энэ 15 минутад багтдаг. Энэ мэтээр манай эмч нар зай завгүй ажилладаг ч иргэдийн ачааллыг бууруулж чадахгүй л байна. Тийм учраас иргэд дүүргийн эрүүл мэндийн төвүүд, салбар эмнэлгүүдийн шүдний кабанет, аймгийн эрүүл мэндийн төвүүдээс эмчилгээ үйлчилгээ авах боломжтой.
Цаг олголтын тухайд манай төв ахмад настанг долоо хоног бүрийн мягмар гарагийн өглөө өөрсдийн биеэр ирж цаг авах боломжийг олгодог. Хөгжлийн бэрхшээлтэй, хөдөлмөрийн чадвар алдалт 70 %-иас дээш бол ирсэн өдөр нь бусад өдрүүдийн цагийг олгож, оочер дугааргүй үйлчилдэг.
Харин бусад иргэдийн тухайд заавал цахимаар цаг авна. Цахим цаг олголтыг оройны 20.00 цагт https://e-kart.mn/ сайтаар орж авдаг. Энэ үеэр нэг минутад 2000-3000 иргэн ханддаг ч эмчийн өдрийн ачаалалд тааруулаад 150-200 хүнд л цаг олгодог учраас эхний 5 минутад бүх цаг дүүрчихдэг. Тиймээс иргэд цаг авахаар төлөвлөж байгаа бол интернэт хурддаа анхаарч, бүртгэлээ урьдчилан баталгаажуулаад бэлдчихсэн байвал цаг авах илүү боломжтой гэж зөвлөмөөр байна. Мөн төвийн ачаалалд хүндэтгэлтэй хандаж, бусад ЭМД хөнгөлөлт бүхий эрүүл мэндийн төвүүдээр үйлчлүүлэхийн зэрэгцээ манай төвийн эмч ажилтаны орон тоог нэмэгдүүлэх талаас санал бодлоо илэрхийлээрэй гэж уриалж байна.
-Дүүргүүдийн шүдний кабинетийн цаг олголтын хуваарь-
Иргэд та бүхэнд Нийслэлийн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн шүдний кабинетийн цаг олголтын хуваарийг нэгтгэн хүргэж байна.
- Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төв-Ажлын өдрүүдэд орой бүр 20.00 цагаас https://e-kart.mn/ сайтаар
- Баянгол дүүрэг-Долоо хоног бүрийн Баасан гарагт 15 цагаас хойш
- Баянзүрх дүүрэг-Сар бүрийн 25-ны өдөр дараа сарын цагийг олгоно.
- Чингэлтэй дүүрэг-Дараа сарын цагийг өмнөх сард нь олгоно
- Сонгинохайрхан дүүрэг: Иргэд хандсан тохиолдолд цагийг товлохгүйгээр хойш сунгаж олгодог. Өнөөдрийн байдлаар тус дүүргийн цаг олголт 7 дугаар сарын 20 хүртэл дүүрсэн байна.
- Сүхбаатар дүүрэг-Долоо хоног бүрийн Лхагва гарагт 13 цагаас хойш долоо хоногоор цаг олгоно
- Хан-Уул дүүрэг-Дүүргийн нэгдсэн эмнэлгээс өөрийн биеэр очиж авна
- Налайх дүүрэг-тухайн сарынхаа 1, 15-ны өдрүүдэд 14 хоногоор цаг олгоно
Иргэд та бүхэн шүдний цагийг эмнэлгийн нэгдсэн цаг олголтын 1800-0119 дугаарт хандаж авах боломжтой.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Буйлнаас цус шүүрээд л өвддөггүй болхоор нь огт анзаардаггүй байсан чинь амны эвгүй үнэр тэрнээс л болоод байсан байна лээ шүү? Эмчлүүлснээс хойш амны муухай үнэр арилсан.
Цооронгуут эмчид очтол нэмэргүй аймаар том нүх гаргаад өрөмдөөд шүдийг маань гэмтээсэн. Аминдаа жоохон нүх гаргаад бөглөчих байх гэж бодоод очтол сэтгэлд нийцээгүй. Шүдний эмчийн үгэнд шууд итгэж болохгүй шүү. Шүд бол чух�##� эрхтэн, НӨХӨН ТӨЛЖДӨГГҮЙ учраас ямар шүд яасныг сайтар мэдэж суд�##�ж байж л очих хэрэгтэй. Эмчийн үгэнд ШУУД ОРООД АВХУУЛААД ГҮН ЛОМБОДУУЛААД ЭСВЭЛ ДЭЭДЭХ ШҮДЭЭ НЭЭГДЭЛ ӨРӨМДҮҮЛЭЭД БАЙЖ болохгүй. Гадаадын эмч нар бол иймэрхүү шүдний гажиг байдаг гээд хүрэхгүй байлээ. Зарим нь болохоор бас дураараа шүд эвдэж мөнгөө авах гээд. Шүд хамгийн чух�##�. Угааж арчаад байв�##� удаан шүдээ ашиглах боломжтой. Хүүхдүүд шүдээ одоо эмчлүүлж байна гэдэг ер нь бол хар з�##�уугаараа шүдгүй болж байгаатай адил. Хар з�##�уугаараа хиймэл шүд рүү орно гэсэн үг. Хамгийнс айн хамга�##��##�т бол ломбо биш өөрийн шүдний па�##�ан. Сургууль харин шүдээ эмчлүүл гэсэн да�##�гавар өгөхөөр их гайхсан. Тэгж болохгүй. Том хүмүүс бидний шүдээр эмч нар яаж тоглодог билээ. Жишээ нь гэхэд оны эхэнд нэг эмч намайг үрэвсвэл нэг шүдээ авхуулаарай гэсэн. Тэр нь олон жил зовж ургуулсан нөөцөнд байдаг шүд маанъ. Муу юрлотол саяхан дархлаа унаад буйлны үрэвсэл боллоо. Тэр эмчийн зөвлөгөөг санаж байсан ч биелүүлээгүй өөр цэвэрлээд арчилсаар байгаад буцаагаад эдгээчихлээ. Ялангуяа шүдний эмчийн үгэнд шууд орж болохгүй. Бодох хугацаа авч байгаарай.
Буйлны үрэвсэл гэж шүдээ буруу угааснаас хоолны үлдэгдэл буйл, шүд 2-ын завсраар орж удсанаас нян үржээд өвчлүүлж буйлыг шүднээс с�##�гаж буй хэрэг.
Буйлны үрэвсэлтэй хүний аманд орсон б�##�иар нян бактер буйлнаас гарсан цусаар х�##�дварлан орж элэг, бөөрийг хамгийн түрүүнд гэмтээж өвчлүүлдэг гэсэн! Буйлны үрэвсэлийг хөгжилтэй орнуудад тах�##� өвчинтэй зүйрлэдэг урхаг ихтэй муухай өвчин гэсэн шүү!