Байденыг сонгуулиас нэрээ тат гэх шахалт нэмэгдлээ

Зургаадугаар сарын сүүлээр Жо Байден, Доналд Трамп нар ерөнхийлөгчийн сонгуулийн анхны мэтгэлцээнээ хийсэн.
Байден тус мэтгэлцээнд маш муу оролцсон тул Ардчилсан намын олон дэмжигчид түүнийг ерөнхийлөгчийн сонгуулиас нэрээ татаж өөр хүн өрсөлдүүлэхийг уриалаад байгаа юм.
Баасан гарагт /2024.07.05/ “ABC” агентлаг хүлээлт үүсгээд байсан Байдентай хийсэн ярилцлагаа цацсан. Тус ярилцлага санаа нь зовж буй дэмжигчдийн сэтгэлийг тайвшруулж чадаагүй байна.
Байден ярилцлагын үеэр зөвхөн “Их Эзэн” л бодлыг нь өөрчилж, нэрээ татахад нь хүргэж чадна гэжээ. Мөн тэр Ардчилсан намын удирдагчид хамтран өөрийг нь нэрээ татахыг ятгах оролдлого хийнэ гэдгийг үгүйсгэсэн юм.
Гэвч Байденыг сонгуулиас нэрээ тат гэх шахалт нэмэгдэх болжээ. Бямба гарагт /2024.07.06/ АНУ-ын Миннесота мужаас Төлөөлөгчдийн танхимд суугаа Энжи Крэйг Байденыг нэрээ татахыг уриалсан байна.
Миннесота муж бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн савлагааны мужуудын нэг юм. Савлагааны мужууд гэж аль намын нэр дэвшигчид саналаа өгөх нь тодорхойгүй мужуудыг хэлдэг билээ.
Мөн Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын эх сурвалжууд зарим Ардчилсан намын хууль тогтоогчид Байденыг нэрээ татахыг уриалсан хоёр тусдаа захидал бэлтгэж байгаа гэж хэлжээ.
АНУ-ын Техас мужаас Төлөөлөгчдийн танхимд сууж буй Ардчилсан намын улс төрч Ллойд Доггет “ABC” агентлагийн ярилцлагын дараа “Өдөр бүр өнгөрөх тусам Доналд Трампыг ялах шинэ хүнийг олоход илүү хүндрэлтэй болж байна” гэсэн юм.
Тэрбээр өмнө нь Байденыг нэрээ татахыг уриалж байсан. Харин Сенатын танхимд АНУ-ын сенатор Марк Уорнер Ардчилсан намын бусад сенаторуудтай холбогдон, Байдены сонгуулийн кампанит ажлын талаар өнөөдөр /2024.07.08/ ярилцах болсон байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Amerik dayaraa. ..zonochison bn daaa kk