Top StoriesУлс төрийн мэдээ

Наадмын дараа намрыг сануулахад оройтсон ч байж мэднэ

Шинэ Засгийн газар Үндэсний их баяр наадамтай уралдан эмхлэгдсэн. Наадмаас ердөө хоёр хоногийн өмнө Л.Оюун-Эрдэнийн танхимд багтаж ажиллах сайд нар тангараг өргөсөн.

Одоо монголчууд наадамлачихлаа. "Наадмын дараа намар" гэдэг. Зуны дэлгэр цагт наадам тэмдэглэж, амарч явтал дараа дараагийн асуудлууд хаяанд хэдийнэ ирчихсэн байдгийг сануулж, сэрэмжлүүлсэн үг.

Засгийн газар одоо үйл ажиллагааны хөтөлбөр гаргаж, эвссэн намууд хөтөлбөрийн дагуу гэрээ байгуулах ёстой. Энэ ажил 100 хоногийн дотор хийгдэх юм.

Үүндээ МАН-ын хувьд "20 минутын хот", "Үндэсний баялгийн сан" зэрэг суурь хөтөлбөрүүдийг багтаана. АН, ХҮН намын мөрийн хөтөлбөртэй уяж, нэгтгэнэ. Улмаар энэ хамтарсан Засгийн газар яг мөрдөж ажиллах баримт бичигтэй болох юм.

Угтаа эхлээд хөтөлбөр нь гарч, түүнийг хэрэгжүүлэхийн тулд сайд нар томилогдох ёстой. Гэхдээ улс төр хүссэнээр болсонгүй, цаг хугацаа ч шахав. "Эхэлж хүнээ зоож аваад, дараа нь ажлаа ярина" гэдэг зарчмаар Л.Оюун-Эрдэнийн танхим ажиллах нь.

Харин "Наадмын дараа намар" гэвэл үерийн эрсдэл арилаагүй, борооны улирал дуусаагүй байна. Хөдөө орон нутагт ган нүүрлэсэн бүс нутаг цөөнгүй. Сар гаруйхан хугацааны дараа хичээл, сургууль эхэлнэ. Түгжирч эхэлнэ гэсэн үг. Удалгүй л хүйтэрнэ. Хүйтрэхээр агаарын бохирдол дахин сөхөгдөнө.

Үүн дээр шинэ парламентын 126 гишүүн учир эвээ олж амжилгүй намрын чуулганыг нээж, бужигнана. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар намар гэхэд үйл ажиллагааны хөтөлбөрөө баталчих чигтэй. Ингээд л үзэж тарах нь.

Засгийн газар эвссэн гэдэг утгаар ихэнх яамдад "бэлэглэлийн" журмаар хандсан нь эхнээсээ анхаарал татаж буй. Боловсрол гэдэг үндэстний амин чухал салбараа хүртэл ХҮН намтай тохирсон квотод өгчихсөн. Сайдаар ажиллах туршлагатай, адаглаад тухайн салбарт мэргэшсэн эсэх шалгуур тун хөнгөн тавигдав. Дээр нь чиг үүргийн хувьд ихээхэн өөрчлөгдсөн. Шадар сайдын албан тушаал л гэхэд гурав болж үржлээ. Ажил хийх нь л халаг боловч чиг үүргийн дагуу ажиллаж дадтал бас л хугацаа.

Үүнийг дагаад төрийн албанд томилгоо, халаа сэлгээ бужигнах нь ойлгомжтой. Одоогоор Дэд сайдын албан тушаалыг танаад буй. Харин Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд хэлтэс, газрын удирдлагууд солигддог нь харж дадсан үзэгдэл. Энэ мөн л ажил жигдрэх хугацааг хойш татна гэсэн үг.

Аж ахуйн бөгөөд хэвийн журмаар үргэлжлэх ёстой ажлууд адаглаад ийн зохион байгуулалтад хурдан хугацаанд орох шаардлагатай болов. Үүний дээр улс төрийн өрнөл намар хэрхэх вэ, Н.Номтойбаяр парламентаас ямар акц хийх вэ, Л.Оюун-Эрдэнэ зарласан том хэргүүд, онилсон эзэн холбогдогчидтойгоо хэрхэн учраа олох вэ, нийгмийн уур амьсгал дагаад яах вэ зэрэг цөөнгүй асуудал байна.

Удахгүй ногоон автобусны гэх хэргийг болон сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүнэ. АНУ дахь Х богдын асуудал ч геополитикийн хувьд анхаарлын төвд орсон. Х богдын эмээ, "Монполимет"-ийн Ц.Гарамжав дээр үргэлжилж буй мөрдөн шалгах ажиллагаа одоо ч жигтэй сонин хэвээр байна.

Нэг үгээр "Наадмын дараа намар" гэхэд хэдийнэ оройтчихсон нөхцөл байдал улстөрчдийг угтлаа. Адаглаад сөрөг хүчний цэвэр үүргээс хойш суун барин Засгийн газарт эвсэж, сайд нарын суудалд чичирсэн АН, ХҮН намын хүмүүс эрт ажил хэрэгтээ дадах, улсын ажлыг татаад унагачхалгүй урагшлах шаардлагатай тулжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

наадам дуусах болоогүй ээ. 100 жилээ тэмдэглэх сумууд зөндөө байгаа.

Зочин
Зочин

126 гишүүн хөл толгойгоо олохгүй жийлцэнэ 76 байхдаа талцдаг байсан одоо жийлцэнэ маш их хугацааг алдана

Зочин.
Зочин.

10-сар гаргаж анхны чуулган чуулах гэвэл дэндүү орой байна, Гишүүд тангарагаа өргөөд хэдийд ажиллаж эхлэх юм бэ? Яарах хэрэгтэй бус уу?

Зочин
Зочин

76ra bhgui denduu oluulaa bolj idej uuh gd bhin tegd hul tolgoigui yah gd ch bgan

Зочин
Зочин

сануулсан ч оройтно, сануулаагүй ч оройтно ... адилхан

Холбоотой мэдээ

Back to top button