Top StoriesНийгэм мэдээ

Сурвалжилга: Хагас дутуу гэрэлтэж эхэлсэн Чингис хааны зургийг туузан гэрлээр чимж, туршиж байна

Өнгөрсөн баяр наадмын өдрүүдэд Богд хан уулын зүүн бэлд байх Чингис хааны зураг хэсэгчлэн гэрэлтэж байсан нь олны анхаарлыг татсан. .

Бид Чингисийн зургийг гэрэлтүүлж байгаа гэрлийг хаанаас, хэрхэн хийсэн талаар сурвалжиллаа.

-Эхний ээлжид гэрэлтүүлгийг туршиж байна-

Энэхүү гэрэлтүүлгийг хаанаас хийж байгаа талаар НЗДТГ, НИТХ, ХУД-ийн ажилчдаас асуув. Улмаар ХУД-ийн тохижилтын албанаас дараах гэрэлтүүлгийг хийж байгааг мэдэж авлаа.

Ийнхүү ХУД-ээс ажлын явцын талаар мэдээлэл өгөхдөө,

"Бид Богд уулын баруун талд байх соёмбо шиг Чингис хааны зургийг гэрэлтүүлэхээр санаачилга гаргасан юм. Ямар нэгэн тендер зарлаагүй бөгөөд өмнө нь гэрэлтүүлгийн ажил хийж байсан туршлагатай компанитай хамтарч ажиллаж байна. Одоогоор эхний ээлжид туршилт явагдаж байгаа бөгөөд албан ажил эхлээгүй байна. Ажил жигдэрч эхэлбэл бүх нийтээр нь гэрэлтүүлдэг болно. Үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Ийнхүү бид өгсөн мэдээллийн дагуу Богд уулын зүүн бэлд байрлах Чингисийн гэрэлний дэргэд худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүсээс тодруулж асуулаа.

-Сарын өмнө хэдэн хүн ирж, дээшээ гараад нэлээд удаан юм хийсэн. Түүнээс хойш хоёр, гурван удаа ирж, дээр ууланд ажилласан. Сүүлд харахад наадмын өдрүүдээр уруул, хамар гээд хэсэгчилж, гэрэл асаад байсан.

/Нэр, зургаа нууцлав/

-Бидний эрхэлдэг бизнес шөнө ч ажилладаг. Зарим шөнөдөө хүн ихтэй бужигнавал гэрэл асаж байгаа эсэхийг нь ч анзаардаггүй. Яг хэдийнээс ассаныг нь мэдэхгүй л байна. Ямартай ч наадмын өдөр ассан байхыг нь харсан.

/Нэр, зургаа нууцлав/

-Орой 00.00 цаг өнгөрөөгөөд ажлаа тарах үед заримдаа гэрэл ассан харагддаг. Сарын өмнө нэг өдөр уулан дээр хүмүүс ирчихсэн ажиллаж байхыг харсан.

/Нэр, зургаа нууцлав/

-Зургийн зүүн талыг гэрлээр бүрсэн байна-

Тэдэнтэй ярилцаж дууссаны дараа бид Чингис хааны зургийг эгц дээрээс дарах мөн ямар гэрэл суурилуулан гэрэлтүүлж байгааг харахын тулд дрон нисгэв. Дроны дүрсэнд нарийн туузан гэрэл байгаа гэж харагдсан учир бид уул руу гарав.

Биднийг уул руу гарч, Чингисийн зурагны дэргэд очиход зурагны дагуу урт туузан гэрлүүд байрлуулсан байв. Гэхдээ зөвхөн зүүн талын хацар, шанаа, уруул, хамар гэх хэсгүүдийг гэрлээр бүрсэн байв.

Энэхүү гэрэлтүүлгийг ямар туршлагатай компани хийж байгаа талаар дата мэдээллийн сан болон tender.gov.mn сайтаас шүүхэд мэдээлэл олдсонгүй. Тиймээс албан ажил нь эхлэх үед дахин тодруулж, мэдээлэл авах юм.

Наадмын дараах ажлууд ер нь удаан байдаг бүтдэг сул талтай. Иймээс албан ажил нь эхлэхдээ удааширч мэднэ гэх хардлагатай үлдлээ. Ямартай ч туршиж үзсэн туузан гэрэл нь эхний ээлжинд амжилттай ассан. Тиймээс удахгүй бид бүтэн гэрэлтэх Чингис хааны зурагтай болох нь тодорхой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button