Зүүн Азийн АШТ анх удаа манай улсад боллоо

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа жюү жицүгийн Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж дүнгээ гаргалаа. Энэ сарын 15, 16-ны өдрүүдэд болсон тус тэмцээнд тамирчид 16, 18, 21 хүртэлх нас болон үндсэн насанд хүрэгчдийн ангилал гэсэн 4 насанд өрсөлдсөн юм.
Тэмцээнд Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хятадын Тайвань, Хятадын Хонг Конг, Хятадын Макао гэсэн 7 багийн 165 тамирчин оролцлоо.
Зүүн Азийн аварга шалгаруулах гурав дахь удаагийн тэмцээнийг Монголын жюү жицүгийн холбоо, Нийслэлийн ЗДТГ хамтран зохион байгуулж байгаа бол Засгийн газрын тохируулагч агентлаг БТСУХ дэмжин ажиллалаа.
Мөн Олон улсын болон Азийн жюү жицүгийн холбоо хамтран зохион байгуулжээ. Тэмцээний эхний өдөр 16 хүртэлх насны ангилалд охидын 7, хөвгүүдийн 9 жинд медальтнууд тодорсон бол 18 хүртэлх насны ангилалд охидын 6, хөвгүүдийн 7 жинд шилдгүүдээ шалгаруулсан байна.
Бүсний ангилалгүй төрлөөр болдог энэ тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдийн 6 жингийн барилдаан болсоноос Монгол улсын тамирчин Наранбаатарын Ганболд 56 кг-н жинд, Галсандоржийн Гантулга 94 кг-н жинд, Батсүхийн Батбаяр 77 кг-н жинд алтан медалийн эзэд болжээ. Манай улсын тамирчид багийн дүнгээр тэргүүн байрт шалгарсан юм.
М.АГАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.