УЛС ТӨРЯрилцлага

Ц.Баатархүү: Авто замын төлбөр нэмэх саналыг С.Амарсайхан ба түүний орлогчид гаргасан

НИТХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ц.Баатархүүтэй 2020 оны нийслэлийн төсвийн талаар ярилцлаа.

-ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ЗОРИУДААР “АШИГГҮЙ” БАЙЛГАЖ БАЙГААД ЗАРАХ, ТҮҮНИЙГ ХУВЬЧИЛЖ АВАХ СОНИРХОЛТОЙ БҮЛЭГ БИЙ-

-Ирэх оны нийслэлийн төсвийн орлогын 82 хувийг татварын орлогоор, 17 хувийг татварын бус орлогоор бүрдүүлнэ гэсэн төлөвлөгөөг эрх баригчид баталлаа. Арай өөдрөг үү. Өмнөх жилүүдэд хэрхэн тусгадаг байв?

-Төсөв нь тоо боловч тоогоор илэрхийлж буй хөгжлийн бодлого юм. Татварын, татварын бус, тусламжийн гэсэн гурван эх үүсвэрээс нийслэлийн орлого бүрддэг. Үүний 80 орчим хувийг татварын орлогоор бүрдүүлнэ гэдэг төлөвлөлт хийчихлээ. “Энэ өмнөх жилийнхээс нэмэгдсэн. Татварын газрынхан сайн ажиллах шаардлагатай боллоо” гэх зүйлийг нийслэлийн удирдлагууд хурал дээр хэлж байна лээ. Нийслэл дэх төрийн өмчүүдийг дуудлага худалдаагаар борлуулах замаар татварын бус орлогоо бүрдүүлэх гэж байна. Тухайлбал, нийслэлийн иргэдийн өмч болох Төв цэнгэлдэх хүрээлэнг дуудлага худалдаагаар хувьчлахаар ярьж байна.

-НИТХ-ын Ардчилсан намын бүлгийн зүгээс “Цэнгэлдэх хүрээлэнгийн 49 хувийг хувьчлахгүй, хойшлуулъя” гэх санал гаргасан ч дэмжигдсэнгүй. Цэнгэлдэх тойрсон асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-Нийтийн өмч, нийтийн эзэмшлийн талбайг төсөв хүрэхгүй байна, ашиггүй ажиллаж байна гэх нэрийдлээр зарж борлуулахыг эсэргүүцсэн байр суурийг бид илэрхийлсэн. Энэ бол хэн нэгний өмч биш. Нийт нийслэлчүүдийн өмч. Төв цэнгэлдэх хүрээлэн 1959 онд баригдаж 2000 онд Төрийн өмчийн хороогоор 49 хувь нь хувьчлагдсан. Үүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн наадмаар хийгдэх урсгал засвар, хөрөнгө оруулалтын зардлаа Өмчийн удирдлагын газарт бүртгүүлэлгүй хариуцлага алдсаны улмаас нэмж хоёр хувиа алдсан. Спортын болоод урлаг соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулдаггүй. Өөрөөр хэлбэл ашигт ажиллагааг нь анхаардаггүй. Зориудаар ашиггүй байлгаж байгаад зарах сонирхолтой нэг хэсэг хүмүүс бий. Мөн түүнийг нь хувьчилж авах сонирхолтой хүмүүс бий. Тиймээс бид 12.6 га газрыг 22 тэрбум төгрөгөөр хувьчлах асуудлыг хойшлуулъя гэдэг санал гаргасан. Хамгийн түрүүнд үнэлгээг нь дахин хийх шаардлагатай байна. Мөн нийтийн эзэмшлийн талбайг ногооноор нь үлдээх ёстой гэсэн санал хэлсэн. Төсөв хүрэхгүй гэдэг шалтгаанаар төрийн өмчийг үнэгүйдүүлж болохгүй. Үүний оронд дарга нар тансаглалаа танах хэрэгтэй байна.

-ЦЭНГЭЛДЭХ ХҮРЭЭЛЭНГ ХУВЬЧИЛЖ АВАХ ЭЗЭН НЬ ТОДОРХОЙ БОЛОВЧ ДУУДЛАГА ХУДАЛДАА ХИЙЖ ШОУДАХ ГЭЖ БАЙНА-

-Цэнгэлдэхийг А.Сүхбат гишүүн, дуучин Оюунтүлхүүр гэх мэт хүмүүс худалдаж авах тухай сураг дуулдаж эхлээд байна. Энэ тал дээр мэдээлэл бий юу?

-Иргэний хуулиар 12.6 га газрыг 20 тэрбум төгрөгөөр 51 хувьд санал болгох юм билээ. Эзэн нь анхнаасаа тодорхой боловч дуудлага худалдаа нэртэй шоу хийх гэж байна. Энэхүү шоугаа больж, нийтийн өмчид хариуцлагатай хандаач ээ гэж л хүсч байгаа.

-Мөн “Улаанбаатар хотын захиргааг 97 тэрбумаар барьж, тавилгад нь 2 тэрбумыг зарцуулна” гэж төсөвлөсөн нь хамгийн их анхаарал татлаа?

-Хотын захиргааны барилгыг нүүлгэх асуудал буруу биш. Гол нь хотын захиргааг шинээр барих уу, гэр хорооллын дахин төлөвлөлтийг дуусгах уу, эсвэл нэн шаардлагатай хүүхдийн эмнэлэг барих уу гэдэг сонголтын асуудал байсан. АН-ын бүлэг энэхүү 97 тэрбумыг хотын захиргаанд зарцуулахаа азнаж, нэн яаралтай эрүүл мэнд, боловсролын асуудалд зарцуулъя гэдэг санал гаргасан. Харамсалтай нь мөн л дэмжигдсэнгүй.

-ЁС ЗҮЙГҮЙ ТӨСӨВ БАТАЛЧХААД БАЯРЛАЦГААГААД БАЙГААД НЬ ГАЙХАЖ БАЙНА-

-Төсөв баталсан даруйдаа нийслэлийн удирдлагуудын тэврэлдэж баярласан утга бүхий зураг цахим орчинд тархсан нь олон нийтийн анхаарлыг татаад байгаа. Ийм их баярлахаар тийм сайн төсөв баталчхав уу?

-НИТХ дахь АН-ын бүлэг ирэх оны төсөвт таван санал оруулсан. Харамсалтай нь бүгд унасан. Тиймээс төсөв батлах тогтоолд оролцоогүй. Биднийг гараад явсны дараа төсвөө батлаад баярлаж, тэврэлдсэн зураг цахим орчинд тархсан байсан. Би түүнийг нь сайн ойлгоогүй. Иргэдийн татварыг тав дахин нэмэгдүүлчхээд, нийслэлд ганцхан байдаг цэнгэлдэх хүрээлэнгээ зарах тогтоол баталчхаад, хүү торгуулийн орлогыг нэмчхээд, татварын орлогын төлөвлөгөөг нэмчхээд, ямар ч ёс зүйгүй төсөв баталчхаад баярлацгаагаад байгаад нь гайхаж байна. Маш хүнд төсөв батлагдсан.

-Дарга нарын тансаглалаас хассан зүйл төсөвт тусав уу?

-Улаанбаатар хотын захиргаанд шинээр тавилга авах хоёр тэрбум, “Аз жаргалтай хотын индекс”-ийн нэг тэрбум, “Зүүн хойт Азийн аялал жуулчлалын төвийн үйл ажиллагаа”-ны гурван тэрбум зэргээр төсөвлөсөн. Эдгээр нь эхний ээлжинд ямар ч шаардлагагүй. Төсвийн мөнгийг зүгээр л үрэлгэн урсгах гэж байгаагийн нэг хэлбэр. Мөн нийслэлийн зүүн, баруун талд хүнсний бөөний төв барихад таван тэрбум төсөвлөлөө. Гэтэл энэ хүнсний бөөний төвүүдийг хувийн хэвшлүүд барьдаг. Түүнчлэн Төр хувийн хэвшлийг дэмждэг “Улаанбаатар бизнес хөгжлийн корпораци” гэж бий. Одоо үүнтэй яг адилхан үйл ажиллагаа явуулах “Улаанбаатар хөрөнгө оруулалтын менежмент” гэх компани байгуулахаар 9.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэтэл иргэд түүх, соёлын өвөө устгаж буй үйл явдалд дуугарч, байр сууриа илэрхийлэхийг шаардаж байгаа. Иймд бид соёлын өвөө хамгаалах, сэргээхэд нэг тэрбумыг төсөвлөхийг шаардсан.

-Бас л дэмжигдээгүй юу?

-Нийслэлийн өв соёл устаж байна. Нийслэл нэг их наяд төгрөгтэй юм чинь төсвийг мянга хуваасны нэгийг нийслэлийн өв соёлыг сэргээхэд зарцуулах санал тавьсан ч хүлээж аваагүй.

-ЖИРИЙН ИРГЭДИЙН ТАТВАРЫГ ТАВ ДАХИН НЭМЭГДҮҮЛЭЭД “ТҮГЖРЭЛ” БУУРЧИХНА ГЭЖ БАЙХГҮЙ-

-Авто зам ашигласны татварыг таван хувиар огцом нэмсэнд иргэд хамгийн их бухимдалтай байгаа. Эл асуудал нилээн өндрөө авч, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байна.  

-Аливаа юмны төлбөр хураамжийг нэмэхдээ иргэдээсээ асуудаг хуультай. Гэтэл иргэдээсээ асуугаагүй юм билээ. Мөн яагаад тав дахин нэмсэн бэ гэдэг үндэслэл тодорхойгүй байгаа. Гэнэт л төсөвт оруулж ирээд баталчихсан. Нэмсэн шалтгаанаа хурал дээр “авто хөдөлгөөн буюу түгжрэлийг бууруулах, авто замын дэд бүтцийг сайжруулах зорилготой” гэж тайлбарласан л даа. Түгжрэлийг бууруулахын тулд хамгийн эхлээд нийтийн тээврийг үйлчилгээг сайжруулах, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Өнгөрсөн гурван жил нийтийн тээврийн салбарыг тоолгүй хаячихсан. Одоо Улаанбаатар хотын нийтийн зовлон нь нийтийн тээвэр болчхоод байна. Дампуурчихсан салбар. Энэ салбарыг анхаарахгүйгээр нийслэлийн авто замын хөдөлгөөн буурна гэж байхгүй. Жирийн иргэдийн татварыг тав дахин нэмэгдүүлээд түгжрэл буурчихна гэж бодохгүй байна л даа. Тиймээс зорилго, шийдэл нь буруу байна. Автомашин унадаг хүн бүр баян биш. Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны иргэн Дорж машинаа лизингээр авсан. Түүгээрээ амьдрал ахуйгаа залгуулдаг байж болно шүү дээ. Тиймээс бүх машины төлбөрийг адилхан хавтгайруулан нэмэх нь буруу шийдвэр.

-“Авто зам ашигласны төлбөр нэмэх санал ирсний дагуу баталсан” гэх амархан тайлбар хийж байгаа. Хотын дарга С.Амарсайханы гаргасан санал гэх мэдээлэл дуулдаж байсан. Саналыг хэн хаанаас гаргасан тухай мэдээлэл бий юу?

-Мэдээж НЗДТГ-аас л гаргаж байгаа санал. Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, дараа нь НИТХ-д өргөн баригдсан. Тэгээд олонхийн саналаар батлагдсан. Засаг даргын зөвлөлд засаг дарга, орлогч нартайгаа багтдаг. Шулуухан хэлэхэд хөрөнгө оруулалтын зардлаа нэмэгдүүлэхийн тулд урсгал зардлаа багасгах ёстой байсан.

-АВТОЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР НЭМЭХИЙГ ЭСЭРГҮҮЦСЭН МАШ ОЛОН БИЧИГ ИРГЭДЭЭС ИРЖ БАЙГАА-

-Энэ шийдвэрээ эргэж харж, дахин хэлэлцэх бололцоо бий юу?

-Иргэдийн зүгээс энэ шийдвэрээ эргэж харахыг шаардсан маш олон бичиг НИТХ-д ирж байна. Энэ саналыг дахин хэлэлцээч ээ гэдэг саналыг бид хүргэх үүрэгтэй. Тиймээс НИТХ-аар дахин хэлэлцэх байхаа гэж бодож байна. Иргэд дэмжихгүй байна шүү дээ.

-Төсвийг ерөнхийд нь дүгнэвэл?

-Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нэмэгдсэнгүй. Нийт төсвийн орлого дүүргүүдтэйгээ нийлээд их найд давчихсан. 2016 онд төсвийн орлого 461 тэрбум байсан бол одоо 928 тэрбумд хүрчихлээ. Тэгэхээр төсвийн орлого хангалттай байна. Хамгийн гол татвар төлөгчдийн мөнгийг зөв, үр дүнтэй зарцуулах менежмент дутагдалтай байна л даа. Төсвийн мөнгө уйлахгүй гэдэг хандлагаар хандаж байна. Ерөнхийдөө сонгуульжсан төсөв болчихлоо. Учир нь гэр хорооллын хөгжлийн үүд гэх төсөлд 100 тэрбум гэж тусгасан. Гэвч энэ жил таван тэрбумаар л санхүүжүүлж байх жишээтэй. Энэ таван тэрбумаа хэзээ яаж санхүүжүүлэх нь ойлгомжгүй. Иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хичнээн төгрөг төсөвлөсөн гэж асуухад 100 тэрбумыг тавьчихсан шүү дээ гэж цаасан дээр хариулж тоогоор хуурах гээд байна л даа. Тиймээс иргэдээс санал авах, аудитын байгууллагаар дүгнүүлэх шаардлага үүсч байна. Төсөв батлах дараалал, үйл явц чанаргүй байна. Үүнд НИТХ онцгой анхаарах шаардлага бий. Улсын төсөв ч тэгж батлагдсан.

-Улсын төсөв гэснээс нийслэлийнхэн тойргоо услах төсөв хэр их оруулж ирэв?

-УИХ-ын гишүүн өрхийн эмнэлгийн дээврийн зардалд 40 сая зарцуулна гээд тавьчихсан байна. Улсын төсвөөр, нийслэлийн төсвөөр, дүүргийн төсвөөр яг юу шийдэх вэ гэдэг хуулиа хэрэгжүүлэхгүй бол бүгд тойргоо услахын тулд төсвийн мөнгөнд хэт үрэлгэн, замбараагүй зарцуулах хандлага руу орчихлоо.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-12-06 10:35

Нийслэлийн гудамж зам чинь приусээр дүүрэн байна. Ард түмэн баян болоод тийм байна уу. Бүгд лизинтэй. луйварчдаа дийлэхгүй болохоор ядарсан иргэдээ шулахаа болио!!!!

зочин
зочин
2019-12-06 11:18

Нийслэлийн Согтуу жолооч нарт бол 100,000 төгрөгний татвар бол юу ч биш харин ч бага байна илүү нэмэх нь зөв зам явган хүний замуудыг эвдэн сүйтгэгч нар шүү дээ

Даварсан луйварчид татвар, НДШ -ийг дураараа нэмэх ээ боль.
Даварсан луйварчид татвар, НДШ -ийг дураараа нэмэх ээ боль.
2019-12-06 13:14

Бид татвар татаасыг ханг�##�ттай өгсөн. Намаар х�##�хавч хийж эрх барьсан луйварчингууд л дураараа үрээд дуусгаж байгаа. Одоо татвар өгөх биш харин урьд өмнө төлсөн татвар татаасаа эргүүлж авахыг шаардаж байна. Луйварчингуудаа бидний мөнгийг буцааж өг! Татварын мөнгийг юунд зарцуулсан тайлан тооцоо яагаад ард нийтэд ил мэдээлдэггүй юм? НД санд хуримтлагдаж байгаа иргэний хадг�##�амж яагаад ил тод байдаггүй юм? Мөнгийг нь авч хадг�##�ж байж яагаад хүү тооцдоггүй юм? НДС -д өгч байснаас банкинд өгвөл иргэдэд ашигтай байна. Одоо бидний мөнгийг луйвардах аа болиорой амьсгаануудаа

Холбоотой мэдээ

Back to top button