Гадаад мэдээДЭЛХИЙ

Израил: Иран, Хезболлагийн томоохон довтолгоонд бүрэн бэлэн

Товч агуулга: Израилын хүчин Хамас болон Хезболлагийн томоохон албан тушаалтнуудыг хөнөөсөн гэгдэж буй. Үүнийг хариуг хүчтэй барина гэдгээ Иран, Хезболла мэдэгдсэн. Израил бүс нутгийн хурцадмал байдал үүсгэх зорилгогүй гэсэн ч томоохон довтолгоонд бүрэн бэлэн гэх байр суурь илэрхийлжээ.


Өнгөрсөн долоо хоногт Ливаны Хезболла бүлгийн томоохон албан тушаалтан Фуад Шукр Бейрут хотноо байхдаа амь үрэгдсэн. Үүний дараа Хамас бүлгийн улс төрийн удирдагч Исмайл Хание Ираны нийслэл Техран байхдаа нас барсан юм.

Иран болон Хезболла бүлэг хоёул тэдний үхэлд Израилын тал буруутай гэж мэдэгдсэн. Израил Шукрийг хөнөөсөн гэж мэдэгдсэн ч Ханиегийн талаар мэдэгдэл гаргаагүй байгаа юм.

Тэд амь үрэгдсэний дараа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Бейрут, Техранд халдлага үйлдсэн нь нөхцөл байдлыг хурцатгах аюултай алхам хэмээн зэмлэсэн байдаг.

Гутеррешийн хэлсэн нь ч үнэн юм. Учир нь Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Нассер Канаани “Иран бүс нутагт тогтвортой байдлыг үүсгэхийг эрмэлзэж байгаа ч энэ нь түрэмгийлэгчдийг шийтгэж, Зионист дэглэмийг тогтоон барихаас нааш бүтэхгүй” гэж энэ долоо хоногийн эхээр хэлэв.

Исмайл Хание

Тэрбээр нэмж АНУ-ыг Израилыг дэмжихээ зогсоохыг уриалсан байна. Канаани олон улсыг бүс нутгийнх нь тогтвортой байдлыг хамгаалах үүргээ биелүүлээгүй тул түрэмгийлэгчдийг шийтгэхийг дэмжих ёстой гэсэн.

Газын зурвасын дайн эхлээд арван сар өнгөрч байхад Ойрх дорнодод дахин дайн үүсэх томоохон эгзэгтэй мөч тулж ирээд байна.

Израил бэлэн байгаа

Израилын Батлан хамгаалах хүчний төлөөлөгч “Newsweek” сайтад хэлэхдээ “Бид тэдний мэдэгдэл, сүрдүүлгийг нухацтай хүлээн авсан. Манай тагнуулын алба холбоотнуудтайгаа хамтран мөн ганцаарчлан маш анхааралтай ажиллаж байгаа” гэсэн юм.

Тэрбээр нэмж “Иранчууд өөрсдөө тооцоолж хөдөлнө гэж бодож байна. Хезболла Фуад Шукрт халдсаны эсрэг заавал хариу арга хэмжээ авна. Гэхдээ бид тэдэнд Израил энгийн иргэд болон хүүхдүүдийг хөнөөвөл ямар арга хэмжээ авдаг гэдгээ харуулсан” гэжээ.

Үүний дараа тус албан тушаалтан Хезболла бүлгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Хасан Насраллад хандан шууд анхааруулга өгсөн байна.

Тэрбээр “Хэрвээ Насралла Израилын энгийн иргэдэд хохирол учруулах ямар нэгэн зүйл хийвэл бүс нутгийг илүү өргөн хүрээний хурцадмал байдалд хүргэнэ гэдгийг санах хэрэгтэй. Бидний зорилго бол өргөн хүрээний хурцадмал байдал үүсгэх бус, гэхдээ үүнд бүрэн бэлэн байгаа” гэжээ.

Хезболлагийн хариу мэдэгдэл

Израилын Батлан хамгаалах хүчний төлөөлөгчийн хэлсэн үгэнд Хезболлагийн төлөөлөгч Насраллагийн хэлсэн үгээр хариу барьжээ.

Насралла “Бид бүгд нэгэн зэрэг хариу барьж болно. Тэнхлэгийн холбоотнуудын ашиг сонирхол бидэнтэй нэгдэж, тэд хүссэн үедээ өөр өөрсдийн зорилгын дагуу Тэнхлэгийнхэнтэй хамт эсвэл ганцаараа хариу үзүүлэх боломжтой. Бидний хариу арга хэмжээ хүчтэй, үр дүнтэй байх болно” гэсэн юм.

Тэнхлэгийн холбоотнууд гэдэг нь Ираны удирддаг улс төр болон зэвсэгт хүчний холбоо. Ирак, Сири, Ливан, Йемен болон Газын зурвас Тэнхлэгийн гишүүд.

Фуад Шукр

Лхагва гарагт /2024.08.07/ Исламын хамтын ажиллагааны орнууд яаралтай чуулж Израилд хариу барих талаар хэлэлцсэн. Тус уулзалтын үеэр Ираны Гадаад хэргийн сайд Али Багери Кани “Израилын эрх баригчдын түрэмгийллийн эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл зохих арга хэмжээ авахгүй бол Иран өөрийгөө хамгаалах хууль ёсны эрхээ ашиглахаас өөр аргагүй” гэсэн байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Иран Израил руу олон зуун дрон, пуужин харвасан байдаг. Хание, Шукр хоёр нас барахаас өмнө Багери тус халдлагыг Ираны хүчин чадлын маш бага жишээ гэсэн юм.

АНУ Израил болон ашиг сонирхлоо хамгаална

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн Жон Кирби “Иран хэд хэдэн удаа хэлсэн шиг ээ хариу арга хэмжээ авбал бид Израил болон өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахад бэлэн байх болно” гэж энэ долоо хоногт хэлжээ.

Тэрбээр нэмж “Ерөнхийлөгчийн тушаал болон Батлан хамгаалахын сайдын удирдан зохион байгуулсан зэвсэгт хүчний байрлалын өөрчлөлтүүд нь биднийг хамгаалах ажиллагаа явуулахад сайн байрлалд оруулсан гэж бодож байна” гэсэн юм.

Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ираны талаас ирэх боломжит довтолгооноос зайлсхийх зорилгоор Ойрх дорнодод дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлж байна гэсэн байна.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button