Top StoriesНийгэм мэдээ

Өөхөн тосоор саван, вок хийдэг малчин эмэгтэй Ц.Оюунчимэг: Хатаж дуусаагүй байхад л аймаг, хотынхон захиад авчихдаг

Говь-Алтай аймгийн Тонхил суманд энэ өдрүүдэд “Хөгжил нөхөрлөл наадам 2024”  үйл ажиллагаа өрнөж байна. Тус арга хэмжээг зорьж, 1000 гаруй км шороон замыг туулж ирсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт баг Хөшөөтийн түрүү нөхөрлөлийн гишүүн Ц.Оюунчимэгтэй товчхон ярилцлаа.

Гэр бүлийн хүнтэйгээ мал маллаж сумын төвөөс буйдхан оршдог энэ эмэгтэй сүү саалиараа цагаан идээгээ хийж борлуулан өрхийн амьжиргаандаа дэм болсоор иржээ. Харин өнгөрсөн хавар эзэгтэй онлайнаар саван хийх сургалтад сууж, дүүргэжээ. Ингээд зургаадугаар сараас гэрийн нөхцөлд өөхөн тос, шөлний тос, сүүлний тос, шар тосоор эдийн саван болон угаалгын нунтаг “үйдвэрлэж” эхэлсэн байна.

Малын ажил, сааль сүүнийхээ зав чөлөөгөөр урладаг саван, вокны бизнес нь тун ч амжилттай байсан учир таван аймгийн 28 сумын 300 үйлдвэрлэгч чуулсан “Хөгжил нөхөрлөл наадам-2024”-ийг зорьжээ.

Түүнтэй ярилцлаа.  

-Малчин эмэгтэй гэрийн нөхцөлд вок хийнэ гэхээр хүмүүст сонин сонсогдож байгаа байх. Энэ талаар илүү мэдээлэл өгөөч?

- Би өнгөрсөн зургаадугаар сараас өөрийн өрхийн хэрэглээнээс илүү гарсан өөх тосоор саван, вок хийж эхэлсэн. Одоо шампунь, гоо сайхны саван хийхээр бэлтгэж байгаа. Би өнгөрсөн зургаадугаар сараас өөрийн өрхийн хэрэглээнээс илүү гарсан өөх тосоор саван, вок хийж байгаа. Шампунь, гоо сайхны саван хийхээр бэлтгэж байна. Вокийг өөрийн хийсэн савангаа сайтар хатааж нунтаглаад хүнсний сода, угаалгын сода, лимоны хүчил нэмж хийдэг. Үндсэн түүхий эд нь өөхөн тосоор хийсэн саван гэж ойлгож болно. Малчид хэрэггүй гээд хаячихдаг өөхөн тосоо ашиглах, малынхаа хажуугаар нэмэлт орлоготой болох зорилгоор суралцангаа хийгээд явж байна даа.  

-Анх санаа сэдлээ хэзээ, хаанаас олов?

-Би онлайнаар янз бүрийн зүйл сурах их сонирхолтой хүн. Тэгээд фээсбүүкт саван хийх сургалт гэхээр нь сонирхож асуугаад бүртгүүлсэн. Орлого сайт оройн дээд гэгчээр маш хурдан сурчихсан. Хөөрхөн ашигтай, боломжийн орлоготой ажил юм байна. Цаашид нөхөрлөлийнхөө гишүүдтэй нийлээд өргөжүүлж ажиллана.

-Малчны хотондоо саван, вокоо хийчхээд хэрхэн борлуулдаг вэ?

-Эхлээд бусад малчдадаа сэдэл төрүүлэхийн тулд тэр хавиараа үнэгүй тараасан. Гэтэл тун удалгүй манайхаас цагаан идээ худалдаж авдаг төв суурин газрынхан аль хэдийн мэдчихсэн “Танайх чинь гоё саван хийгээд байгаам байна. Авья, өгөөд явуул” гээд ярьж эхэлсэн. Энэ төв суурин газрынхан чинь органик зүйлийг бүр мэдэрчихсэн байна. Хатаалт нь гүйцээгүй байхад төвийнхөн авья гээд залгадаг. Би саалийнхаа хажуугаар нэг удаадаа 12-14 ширхэг саван гаргадаг. Захиалга дүүрээд өөрөө савангүй үлддэг. Урамтай юм билээ. Тэгээд хотынхон органик юманд дуртайг нь мэдээд өнгө, үнэр оруулагч огт ашиглахгүй байгаа.  

-Үнийн хувьд...?

-120 граммтай  савангаа ширхэгийг нь 5 мянган төгрөгөөр, 200 граммтай вокоо 10 мянган төгрөгөөр зардаг. Хүмүүс аяга таваг угаагч шингэний оронд хэрэглэдэг гэж ярьсан. Ямар ч хольцгүй органик цэвэрлэгээний бүтээгдэхүүн л дээ. Шар тос, шөлний тос, бүх төрлийн өөх тэгээд шүлт ус шүү дээ. Манай сүүлний тосыг нялх хүүхэдтэй айлууд, харшилтай хүмүүст их захиалж байна. 

-Танай нутагт саван вок хийдэг хүн олон уу?  

-Манай суманд 2-3 хүн байгаа. Гэхдээ тэд өнгө үзэмжид анхаараад өөхөн тосоор хийдэггүй, бэлэн бэлдэцээр хийдэг. Хурдан хийгээд хурдан зардаг болохоор ашигтай л байдаг байх. Би бол илүү органик байдлыг бас малчин айл болгоноос гарч байгаа өөх тосыг ашиглая гэж зорьсон. Цаашдаа нөхөрлөлийнхөө 12 өрхөд саван хийх сургалт хийнэ. Савандаа нэр өгөхөөр бодож байгаа. Олон хүнд хүргэж малчдаа орлоготой болгоно. Хүмүүс органик зүйл хэрэглэг л дээ.

-Удахгүй том үйлдвэр болоорой гэж ерөөе...?

-Баярлалаа. Би өрхийн үйлдвэрлэлээ жижиг дунд үйлдвэр болгож сумаа, аймгаа хангах зорилготой. Саван, угаалгын нунтагт айл жилд өчнөөн зуун мянган төгрөг зарцуулдаг юм байна. Өөрсдөдөө байгаа түүхий эдээ ашиглаад дор бүрнээ үйлдвэрлээд эхлэхээр тухайн айлдаа ч сум аймаг, иргэдийн эдийн засагт ч хэмнэлттэй гэж харж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Нацагдорж
Нацагдорж

Та бүгдэд сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.

Нацагдорж
Нацагдорж

Та бүгдэд сайн сайхныг хүсэн ерөөе. Сайн үйлс улам улам дэлгэрэх болтугай.

zochin
zochin

Пөөх ямар мундаг юм бэ Бая хүргэе

Зочин
Зочин

дээр үед өөхөн тосоор саван хийж хэрэглээд их бөөсдөж байсан байх

Zochin
Zochin

Huurhun yriltslaga bn gehdee setguulchee aldaagaa zaschihaa. Oguulber davtagdsan bn bas orlogo sait oroid ni gej ymar ug bsiin be oroldlogo sait gej bichdeg shu

Зочин
Зочин

Сайн байна уу? Өөхөн тосоор саван, вок хийдэг малчин эмэгтэй Ц.Оюунчимэг холбогдох гэсэн юм. Холбоо барих дугаар өгөх боломжтой юу

Холбоотой мэдээ

Back to top button