Хууль: Бэлэглэгчийг ноцтой гомдоовол эд зүйлээ буцаан авах эрхтэй
Хуулийн мэдлэгт цувралын IV дугаарт бэлэглэлийн гэрээ байгуулахад анхаарах нөхцөл болон эрх зүйн зохицуулалтын талаар танилцуулахаар бэлтгэлээ.
Монгол Улс 2002 онд баталсан Иргэний хуулиар анхлан “Бэлэглэлийн гэрээ”-ний харилцааг зохицуулж эхэлсэн. Бид гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, танил хооронд бүхий л нэр төрлийн эд хөрөнгийг бэлэг болгон хүргүүлж, энэ харилцаа бодит үйлдэл болон хэрэгжсээр ирсэн. Уг бэлэглэлийн харилцаа буюу бэлэглэлийн гэрээний гол үндсэн шинж нь хариу төлбөргүй байдаг.[1] Харин энэ төрлийн эрх зүйн харилцаанд ороход дараах чухал нөхцөлүүдийг анхаарах нь зүйтэй.
Бэлэглэлийн гэрээний нэг жишээ нь үл хөдлөх хөрөнгийг бусдад хариу төлбөргүй шилжүүлэх юм. Уг гэрээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд өмчлөх эрхийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хийгдсэнээр биелдэг. Бэлэглэлийн гэрээний худалдах-худалдан авах гэрээнээс ялгагдах онцлог нь бэлэглэгч тал орлого олохгүй. Иймд бэлэглэгч тал нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулсан орлогод ногдуулах 2%-ийн татвар төлөхгүй.
Иймдээ ч иргэд хооронд худалдах-худалдан авах гэрээ бус, харин бэлэглэлийн гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдах явдал нийтлэг тохиолддог.
Гэтэл уг тохиолдол нь Иргэний хуульд заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болно. Мөн цаашлаад их хэмжээний татвар ногдох үл хөдлөх хөрөнгөө бусдад худалдахдаа татвараас зайлсхийх зорилгоор худалдах, худалдан авах гэрээг халхавчилж бэлэглэлийн гэрээ байгуулсан тохиолдолд “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэгт хамаарч, татварын улсын байцаагч уг зөрчлийг тодорхойлж, хариуцлага оногдуулахаар заасныг анхаарах нь зүйтэй. [2][3][4]
Тухайлсан зарим нөхцөлд хэн нэгэн хүн танд, хэсэг хугацааны дараа бэлэг бэлэглэхээр амласан амлалт нь агуулгын хувьд бэлэглэл мөн болов ч, хууль зүйн үр дагаврын тухайд гэрээ байгуулагдсан тохиолдолд бэлэглэгчид үүрэг үүснэ. Иймд хиймэгц биелэх бэлэглэлийн гэрээг нотариатаар баталгаажуулсан байх хэлбэрийн шаардлагатай байдаг тул уг хэлбэрийн шаардлага хангагдаагүй нөхцөлд бэлэг өгөх тухай амлалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэж, та бэлэглэгчээс уг бэлгийг шаардах эрхгүй байна.[5]
Нөгөөтэйгүүр эд хөрөнгийг тодорхой зориулалтаар, хандивын журмаар нөхцөл тавин бэлэг хүлээн авагчид шилжүүлэхээр бэлэглэлийн гэрээ байгуулсан тохиолдолд бэлэг хүлээн авагчаас уг зориулалт, нөхцөлийн дагуу бэлгийг ашиглахыг бэлэглэгч шаардах эрхтэй байна.[6] Харин бэлэглэгч тал асран халамжлах үүрэг бүхий этгээд бол өөрийн асрамжид байгаа этгээдүүдийн амьжиргааны нэн тэргүүний хэрэгцээт хөрөнгийг бусдад бэлэглэх эрхгүй.[7] Энэ тохиолдолд таны гэр бүлийн гишүүдийн амьжиргааны зайлшгүй шаардлагыг баталгаажуулах үүднээс хуулиар таны өмчлөх эрхээ хэрэгжүүлэхийг хориглодог байна.[8]
Мөн бэлэглэлийн гэрээг хуульд заасны дагуу бэлэг хүлээн авагч тал бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан тохиолдолд бэлэглэгч болон түүний өвлөгч хүчингүй болгохоор шаардах, хүчингүй болсон тохиолдолд бэлэглэлийн зүйлийг буцаан авах эрхтэй байдаг. Уг шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд бэлэглэлийг хүчингүй болгож болохгүй байхаар тус тус хуульчилсан байна.[8]
Эх сурвалж:
[1] Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 [2] Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн 18.3 [3] Зөрчлийн тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.12 [4] Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 [5] Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.4 [6] Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.5 [7] Иргэний хуулийн 277 дугаар зүйлийн 277.1 [9] Иргэний хуулийн 280 дугаар зүйл [8] Ё. Кают нар, Монгол улсын иргэний хуулийн тайлбар, 2010Анхааруулга: Энэхүү хууль зүйн мэдээлэл, нийтлэлийг зөвхөн ерөнхий мэдээлэл өгөх зорилгоор, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд боловсруулсан тул хууль зүйн тухайлсан зөвлөгөөг мэргэжлийн өмгөөлөгчөөс авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.