Банчин Ойбүрүл ринбүчи: Би хүүхдийн боловсролд их анхаардаг, зовлонг туулах аргыг ч тэндээс олж чадна шүү дээ

Банчин Ойбүрүл ринбүчи Дээрхийн гэгээн Далай ламыг 1995 онд Монгол улсад айлчлах үед дагалдан ирсэн төлөөлөгчдийн багт орж, анх удаа манай улсад иржээ. Тэр үед Далай лам “Та энгийн ард түмэнд бурхны шашны ном, сургаалыг тайлбарлан таниулах их үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулах нь зүйтэй” хэмээн зарлигласан.
Банчин Ойбүрүл ринбүчийн анхны номын багш нь Галсанчойдог хэмээх лхааграмба цолтой монгол хүн байсан. Тэр ч утгаараа тэрбээр багшийн ач тусыг санаж Дээрхийн гэгээнтний зарлигийг хүлээн авчээ.
Тэр цагаас хойш Банчин Ойбүрүл ринбүчи Монгол улсад бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх “Гүнчавжамбаалин” төв, ядуурлыг бууруулах, гэр бүл үр хүүхдүүдийн сайн сайхны төлөөх “Асрал” төвийг байгуулан 29 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.
Бид түүнийг энэ удаад Монгол улсад ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
-Та монголчуудтай, монгол хүүхдүүдтэй холбоотой ажиллаж эхэлсээр бараг 30 жил болжээ. Хийсэн бүхэнд нь талархал илэрхийлж яриагаа эхэлье?
-Та бүхэнд энэ өдрийн амар амгаланг айлтгая. Бурхан багшийн найман гэгээн номонд “Өдөр болгон өлзий, сар болгон сайн” хэмээн айлдсан байдаг. Тийм учраас энэ өдрийн өлзийт амар амгаланг айлтгая. Би Далай багшийн зарлигаар 1995 онд Цагийн хүрдэн бурхны авшигийг хүртээхээр хамгийн анх Монголд ирсэн. Энэ үед Далай багш надад үүрэг зарлиг эсвэл сургаал гэж болохоор захиас хайрласан нь Монгол оронд бурхны шашин олон зуун жил өндөр хөгжиж ирсэн ч хэсэгхэн хугацаанд доройтолд орсон байна. Үүнийг сэргээн мандааж Монголд бурхны шашны цогийг бадруулж улам өргөжин дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулаарай, ганцхан бурхан шашин, лам хуврагийн ёс зүйгээр үл барам монголын ард түмэнд тусалж, энэрэл хэрэгтэй бүхэнд боломж олгож туслаарай, нийгмийн сайн сайхны төлөө зүтгэх үйлсээр хандаарай гэж надад олон удаа давтан захисан.
Ингээд би 1995 оноос хойш өнөөг хүртэл бараг 30 жил Монголын ард түмэн болон шашны сэргэн мандалт, бурханы шашныг арван зүгт гийлгэхийн тухайд өөрийнхөө хэмжээнд хичээсээр байна.
-Хэрхэн ажилласан бол энэ он жилүүдэд?
-Далай багшийн айлдварын дагуу би үнэхээр хичээсэн. Миний бодолд ч, зорилгод ч маш их зүйл байсан. Гэхдээ санасан бүхэн бүтнэ гэдэг хорвоогийн жам ёсоор 100 хувь гүйцэтгэлтэй байдаггүй учраас өөрийнхөө чадах хэмжээнд монголын ард түмэн шашны сэргэн мандалтын төлөө, нийтийн нийгмийн сайн сайхны төлөө “Асрал” төвөө байгуулаад ажилласаар ирсэн. Үүний хамгийн гол түшиг тулгуур, итгэл найдвар нь Дээрхийн гэгээнтэн 14 дүгээр Далай лам, төвийн үйл ажиллагаатай шууд болон шууд бусаар холбоотой өглөгийн эзэд, түүний манлай болсон Далай багшийн, Ирландад миний суурин байдаг газрын сан гэх мэт сайн санаат хүмүүсийн сайхан сэтгэл үйлсээр миний хийж зорилго бүтээд л байдаг. Гэхдээ 100 хувь гэж хэлж чадахгүй. Буяны үйл гэдэг усны урсгал шиг бага ч гэсэн хамаагүй урсаж л байвал хэрэг зориг нь бүтнэ гэж номонд гардаг. Ямар ч байсан бид хичээл зүтгэлээ алдаагүй, дээрээс нь манай монголд байгаа “Асрал” төв миний зааварчилгаагаар олон нийтэд туслах зарчмаа алдаагүй. Би үүнд хяналт тавьж ажилладаг.
-Өнөөдөр энэ олон хүүхдийг халуун хоолоор хооллож, ном заан өдөр өнжүүлж, ээж аавд нь тусалж аль байдгаараа зорилтот хүмүүсийг тасралтгүй тусласаар ирсэн “Асрал” төвийг байгуулсан сэдлийг бид өмнө нь сонсож байлаа. Таныг гудамжид явж байхад нь жаахан хүүхэд уйлах дуу гарч, та тэр айлд орж өдөржин том хүн ирэхийг хүлээж суусан гэдэг. Энэ тухай эргээд дурсвал?
-Тэр үйл явдал миний сэтгэлийг хөндөж, эмзэглүүлсэн. Далай багшийн зарлигийг хүлээж авсны дараа хэсэг нөхдийн хамт гэр хорооллоор явж байсан. Гэтэл хүүхэд чангаар уйлахыг сонсоод тэр хашаа руу дөхөхөд ганц монгол гэр байлаа. Хүүхдийн уйлах дуу ойртох тусам улам чанга сонсогдож байсан тул гэрт орсон. Гэтэл орон дээр уйлах өлгийтэй хүүхдээс өөр хүн байгаагүй. Бид ямар учиртай хүүхэд ганцаараа уйлаад байж байгааг шалгаж үзэхээр хүлээсэн. Оройхон нэг л хүн ирсэн нь хүүгийн ээж ганц бие эмэгтэй бөгөөд ажил хийхээр гарсан гэж тайлбарласан.
-Дан ганц уншлага, залбарил, ерөөл үгс төдийхнээр болчихдоггүй, бодит тусламж хэрэгтэй-

Надад олон янзын хүмүүс золгохоор ирэх бөгөөд ихэвчлэн л янз бүрийн асуудалтай байдаг. Хамгийн гол нь асуудлыг яаж шийдэх вэ гэхээр монголчууд ид шидийн мэт нэг ном уншиж ерөөл тавиад шийдчих юмшиг ханддаг байсан. Гэвч ганцхан номын уншлагадаа багтаан сахиус бурхандаа залбирч ерөөл тавиад хамаг амьтан сайн сайхан байх болтугай гэх үгэн төдийгөөр болдоггүй юм байна.
Тийм учраас бодитой тусламжийг үзүүлэх, зохион байгуулах санаа яг тэр цаг хугацаанд миний сэтгэлд шигтгэгдсэн. Үүний гол хөшүүрэг бол мэдээж Далай багшийн сургааль зарлигийн тахил гэж нэршдэг тэр даалгавар байсан. Үүний дараа хүмүүст тустай юу хийх вэ, ямар хүмүүст туслах вэ гэж бодсон. Хүн бүр л янз бүрийн асуудалтай ч ганц бие ээжүүд, амьдралын бололцоогүй айлын хүүхдүүдэд туслахын тухайд энэ сангийнхаа үйл ажиллагааг улам өргөжүүлье гэсэн санаа миний бодолд төрсөн. Тэр цаг үеэс хойш би үргэлж хичээсээр өнөөг хүрсэн. Гол зорилго бол хүүхэд.
-Та дан ганц ерөөл, залбирал уншлагаар хол явахгүй нь хэмээн хүмүүнлэгийн сайн үйлсийг ч эхлүүлж.Үүнтэйгээ зэрэгцүүлэн бурхан шашныг дэлгэрүүлэх үйлсийг ч эрчимжүүлж. Шашныхаа хувьд бид хэрхэн төлөвшсөн бэ?
-Таны энэ асуулт үнэхээр сайхан санагдлаа. Номын болон нийтийн үйл ажиллагааг хэрхэн хийх вэ гээд хоёр чиглэлээр ажиллаж байгаа. Номын үйл ажиллагаа 1995 оноос эрчимтэй эхэлсэн одоо ч яг тэр хэвээрээ үргэлжилж хүн амд сайн хүрч байна. Монгол уудам их нутагтай хүн зон цөөн учраас бүгдэд нь бурхан багшийн сургаал, аливаа шашны сайн сайхныг үлгэрлэсэн ном товхимол хүрч чаддаггүй. Үүний тухайд манай төвөөс Далай багшийн сургаалиудын эмхэтгэл, бага товхимол гэх мэт олон янзаар хэвлэж ерээд оноос одоог хүртэл тарааж байгаа.
Бурхны шашны гол ухагдахуун бол бусдад туслая, найрсаг, бие биедээ хайртай байя гэсэн зөөлөний хүчний ч гэмээр энэрэн нигүүлсэх бодлогын зарчимтай. Энэрэн нигүүлсэхийн дашрамд бусдад битгий хор хүргээсэй гэсэн сургаалтай байдаг. Энэ сургаалаа олон жил түгээлээ. Төв дээр олон номын үйл ажиллагаа болдог. Үүний үр дүнд үнэхээр миний ойр байгаа шавь нар болон бусад ойрхон хүмүүсийн оюун санаа үнэхээр өөрчлөгдсөн.
-Монголчууд биднийг нийтээрээ хий хоосон сүсэг ихтэй гэх нь бий. Бурхан шашинтай бид өдөр тутамдаа болон сэтгэл дотроо юуг хичээж, хэрхэн байвал зөв зохистой вэ?
-Нэг зүйлийг тодруулж хэлмээр санагдлаа. Монгол, Төвөд орон эртнээс нааш бурхан шашинтай, энэ соёлоороо дамжиж өөр өөрсдийн уламжлалтай болсон. Өөрөөр хэлбэл нэг шашинтай боловч өөр өөрийн уламжлал, ёс заншлынхаа дагуу нутагшуулаад хэв шинж нь арай өөр байдаг. Ерөнхийдөө Их хөлгөн, Бага хөлгөн хосолсон, дээрээс нь Очирт хөлгөн буюу Нууц тарнийн ёс хосолсон их хөлгөний уламжлалыг ганцхан Монгол, Төвд л уламжилж авсан. Бусад оронд бурхны шашин Их хөлгөний уламжлалыг бүрэн цогцоор нь аваагүй, харин Бага хөлгөний ёсыг уламжилж аваад түүгээрээ замнаж бурхан шашныг тодорхойлж байгаа.
Ер нь дэлхий даяар олон сая бурхны шашинтай хүмүүс байна. Тэр бүгд бурхны шашинтай гэж хэлж байгаа ч жинхэнэ сургаал номыг мэддэг, үүнийгээ амьдралын зарчим мөрдлөг болгон замнаж зөв амьдрах хэвшилд дадаж байгаа нь нэн цөөн. Энэ бол нуух зүйл биш. Би хамгийн анх Монголд ирэхэд бурхны ном сургаалыг түгээн дэлгэрүүлэх тухайд тайлбарлах гэж хичээх явцад залуу хүмүүс хэсэгхэн сууж байгаад гүйцэд сонсолгүй яваад өгдөг.
Ахмад хүмүүс ном сонсох гэж ирчхээд жинхэнэ агуулгыг ойлгохыг хичээдэггүй маан мэгзэм төдий уншиж, эсвэл гэртээ лам аваачиж ном уншуулна, хийдэд очиж зул, хүж өргөх, гороо хийх гэх мэтээр хэлбэр маягийн хэв шинжтэйгээр ерээд онд хөгжиж байсан. Сүүлийн 30 жилд энэхүү үйл явц нэлээд хөгжлөө.
Бурхан багшийн сургаалыг олон талтайгаар лам нарынхаа дунд ч гэсэн боловсролыг нь дэмжүүлэх гэж Бурхан багшийн 108 ганжуур, тэдгээрийн тайлбар 256 боть данжуурын сургаалыг сургадаг Энэтхэгийн Далай багшийн харьяаны шавь сургалттай хийдүүд бий. Түүнд олон монгол лам нар суралцаж байна. Ерээд оноос хойш суралцсаар төгссөн лам нар одоо бурхан багшийн алтан сургаалыг бүгдийг нь ойлгож нутагтаа дахин шашныг мандуулахаар өнөөгийн шинэ хамба тэргүүтэй олон лам нар хүчийг өргөөд зүтгэж байна. Бурхан багшийн сургаал гэдэг үнэний талд байдаг. Аливаа юмс үзэгдлийн нарийн уялдаа, уг учир шалтгаан бүгдийг тайлж үнэн зөвийг ил гаргаж, аливаа зүйлд бурангуй мухар сүсгээр хандах биш тод мөн чанарыг нь илтгэхийг сургаж байдгаараа бусдаас онцгой гэж би дүгнэдэг. Би яахав бурхан шашинтан гэдэг утгаараа онцгойлж байгаа юмбиш олон шашныг судалсан миний амьдралын туршлагаас харахад ийм байдаг.
Ганц зүйл захиж хэлэхэд хэн ч байсан бурхан шашинтай ч бай, биш ч бай аливаа суртал сургаалыг сайн судлах хэрэгтэй. Судлаад үнэхээр туйлын үнэн зөв гэж шийдэж сэтгэлдээ баталгаажуулж чадах юмбол түүнээ дагах хэрэгтэй. Тийм учраас бурхан багш хэрвээ миний сургаалыг алтыг олборлоод гурван янзаар давтаж, хайлуулж үзээд үнэхээр шижир алт эсвэл хольцтой байна гэж ялгадаг шиг миний сургаалд ч гэсэн анализ хийгээд тэгээд амьдралынхаа хэмнэлийг зөв замаар замнаасай гэж захисан байдаг. Тэр сургаалаар л ард түмэн, бурхан шашинтай хүмүүс замнах хэрэгтэй.
-Намайг анх төрөхөд нэгэн номтой хүн "Энэ онцгой хүүхэд байна, нэр өгөхөө азнаж байгаарай" гэсэн гэдэг-

-Таны хувь хүний замнал түүхээс асууж болох уу?
-Болноо. Би боломжоороо хариулаад явъя.
-Таны хүүхэд нас хаана хэрхэн өнгөрсөн бэ. Хувилгаан хувь заяатайгаа учрах хүртэл та хаана, хэрхэн аж төрж байв?
-Миний ээж, аав намайг төрсний дараа нэр өгөх гэж байтал манай нутгийн хийдийн том лам “Энэ онцгой хүүхэд байна. Тийм учраас нэр өгөхөө түр азнаж байгаач” гэжээ. Үүний дараа аав, ээж намайг Лама гэж дууддаг болж. Орчуулбал багш гэсэн үг. Хуучин монгол бичгээр Балам гэж бичдэг. Балам гэдгийг Төвөд бичигт бол Б, Л үсгийг давхарлаж бичдэг. Энэ нь энгийнээр бол багш, нөгөө талаар хувилгаан гэсэн утга санааг агуулдаг. Ийм учраас нэр өгөхгүйгээр Лама гэж дууддаг байсан. Түүний дараагаар намайг хийдэд залсан. Нутгийн энэ хийдэд олон хүн бясалгалд урт удаан хугацаагаар суудаг байв.
Намайг анх очиход хувилгааны гэх жижиг өрөөнд оруулсан. Би өөрөө сайн санадаггүйч тэр өрөөнд очингуутаа бурхан багш мэтээр сууж маш удаан хугацаанд бясалгал хийсэн гэж сүүлд лам нар хэлж байсан. Жаахан хүүхэд байсан учраас тэр талаар санадаггүй юм.
Үүний дараа найман настай болох үед маш их эрдэмтэй монгол багштай таарч, "Үнэхээр онцгой хувилгаан хүүхэд байна, эрдэм ном заая" гээд монголоор бол А үсгийг, төвөдөөр Га үсгийг зааж эхэлсэн. Энэ үед багш бат оршилын ерөөл дотор юу гэж зохиосон бэ гэсэн чинь Ирээдүйд монгол оронд морилоод шашин амьтны тусыг ихэд хийгээд монголын ард түмэнд туслах болтугай гэсэн байсныг уншчхаад монгол коммунист нийгэмтэй байтал би юу гэж тэнд очоод шашин амьтанд туслах хэрэгцээ байхав дээ гэж дотроо бодож байлаа.
Гэвчиг ирээдүйд 1995 онд далай багшийн урилгаар монголд анх ирээд, зарлигийг нь хүлээж аваад монголын ард түмэнтэй учран золгох уг ерөөл нь тэрхүү монгол багш маань байсан юмаа. Түүний барилдлага зохиролт сайн санаагаар тавьсан тэрхүү ерөөлийн хүчээр миний амьдралын нэгэн замналыг чиглүүлсэн байхаа гэж би одоогийн түвшинд бодож байна.
-Таныг ихэд жааханд монгол багш тань тийн ерөөжээ?
-Тийм шүү. Түүнийхээ дараахан би 8 настайдаа Лхас буюу Төвдийн нийслэлд очоод тэнд байдаг гурван том гүн ухааны хийдийн нэг Балдан Бэрээвэн хийдэд очсон. Энэ хийд хоёр дацан сургуультай. Би Гомон дацанд найман жил сурсан. Тухайн үед энэ дацанд монголчууд их олон байлаа. Тэр үеийн миний багш Лхасын төв нутгийн хүн байсан ч дээд багш нар нь бүгд монгол хүн байж. Тэгэхээр бас монгол багш нараар заалгасан эрдэм уламжлагдаад явж байсан гэсэн санаа.
Ингээд байж байтал 1959 онд Төвдөд Хятадууд дарангуйлал үзүүлж, төвдүүд дүрвэх цаг болсон. Би дүрвэж чадаагүй баригдсан л даа. Том мяндагтай лам нар, дээрээс нь би хувилгаан гэдэг мяндагтай байсан учраас авч үлдсэн. Ингээд маш их хэцүү нэг жилийг хорих газар өнгөрөөсөн дөө. Нэг жил тасралтгүй ажил хийсэн. Эхлээд өдрийн 12 цаг ажилласан. Цаг хүйтэрч хувцас нимгэдэж байдал дордох тусам ажлын цаг нэмэгдэж 16 болсон. За тэгээд хавар болж төвдийн цагаан сар болоход ажлын цагийг бүр 24 болгочхов. Тиймэрхүү хэцүү үеийн дурсамж бий. Гэхдээ би туулж гарч, хоёр ламтай цуг Энэтхэг рүү явсан. Бид 12 хоног явган олон уул давж, олон гол гаталж байж очсон. Ингээд 1960 оны 12 дугаар сарын сүүлчээр Далай багштай уулзсан. Улмаар их сургуульд 11 жил эртний санскрит хэлийг зааж багшлах үүрэг авсан даа.
-Тэгээд дараа нь хэрхэв?
-Энэ хугацаанд Варнасын их сургуульд сургалтын олон шинэ хөтөлбөр, арга барилыг үүсгэсэн. Одоо болтол тэр зарчмаар сургалт нь явагддаг юм. Дараа нь 1971 онд шарын шашны их шалгалт авах санаачилгыг Далай багш гаргасан. Өмнө өгүүлсэн гурван том сургуулийн зургаан дацан хийдэд 16, 18, 20 жилийн курсээ дуусгасны дараа бүх номоор нь их шалгалт авах тухай юм. Үүнийг хэрэгжүүлэх үүргийг би хүлээж Гарам гэдэг нэртэй хоёр курс, Ловон гээд хоёр курс, Лхаарамбын хоёр курс гээд нийтдээ зургаан жилийн хөтөлбөрийг нэмж байгуулсныг одоо хүртэл мөрдөж яваа. Өнөөгийн Гандантэгчинлэн хийдийн хамба энэхүү зургаан шалгалтыг даваад Лхаарамба болсон юм.
Түүний дараа Жүмэ, Жүдэ гэх тарнийн хоёр дацны Жүмэд 1982 онд очсон. Хоёр жил болсны дараа хийдийнхээ ёс зүйг хариуцсан лам буюу монголоор гэсгүй албан тушаалыг хаших болсон.
1987 онд Далай багшийн санаачилгаар олон шашнуудын эвлэрлийн нийгэм гэж байгуулж, хуралд оролцоод үүнийхээ хүрээнд Англи руу явсан. Тэнд очоод каталогийн сүмүүдэд бүтэн жилийн хугацаанд сургалт, судалгаа, харьцуулалт болон айлчлал хийсэн. Дараа нь Шотланд руу явсан. Тэнд хоёр жил Төвөдийн номын төвд очоод бурхан шашныг танилцуулах нийтэд түгээн дэлгэрүүлэх үүргийг хүлээсэн. Ингээд 1990 онд Ирландад очиж Жамбаалин буюу Асрал нэртэй номын төвөө нээсэн. Өнөөг хүртэл 34 жилийн турш хойд Ирландад энэ номын төвөө ажиллуулж байгаа. Мөн Монголд байгаа Жамбаалин төвийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор Америкт бас нэг номын төвийг нээсэн нь 16 жил болж байна. Миний намтар амьдралын замнал ийм л юм.
-Бурхан шашныг үнэхээр хэрэгжүүлье л гэвэл практик болгох хэрэгтэй-

Ирландад байхад Монголчууд их ирнэ. Тэд миний байдаг хотод хоёр цаг яваад л ирчихдэг. Монголчууд л болсон хойно сан тавьж өгөөч, ерөөл хайрлаач гэх мэтээр ирсээр би эртнээс монголчуудтай гүн бат харилцаатай болсон юм. Бусдад тусална гэдэг бурхан багшийн сургаалын дагуу өглөгийг үйлдэнэ, ёс журмыг сахина, бясалгах гэх мэтээр номын үйлдлийг үйлдэнэ. Эдгээр нь бол бурхан багшийн сургаал. Сургаалыг амьдрал дээр хэрэгжүүлнэ практик болгоно гэдэг бас нэг өөр хэрэг байдаг.
Амаараа би өглөг өгнө, би ёс зүйтэй байна, сайн зүйлийг хэлж байна, сургаалыг дагаж байна гэж мянга тоть шиг хэлээд хэрэгжүүлэхгүй, хэвшил болгохгүй бол ерөөсөө тотьны уншлага болно. Тийм учраас бурхан шашныг үнэхээр хэрэгжүүлье гэвэл практик болгох хэрэгтэй. Практикийн нэгэн хэлбэр нь тухайн хүнд амьдралын хэрэглэгдэхүүн болсон бүх зүйлд нь боломж олгож тусалж байгаа өглөгийн баримд буюу бурхан багшийн сургаалыг үнэхээр бодит зүйл болгож байгаа нэгэн хэлбэр юм. Төвийн үйл ажиллагааг гадны санхүүжилтээс хамаардаг. Миний бодол бол одоо би өндөр настай боллоо. Монголчууд дотроосоо Жамбаалин төвийг авч явах хэмжээнд хүрсэн байна. Улам үйл хэрэг нь өргөжиж дэвжиж өглөг буяныг түгээх болтугай. Бурхны ариун сургаалыг түгээх болтугай. Цаашлаад төв маань өргөжөөд бусад газар салбараа нээж өргөжин тэлэхийн ерөөлийг өргөн дэвшүүлж байна. Захиж хэлэхэд бурхан шашны сургаалыг бодит амьдралтайгаа хэрэгжүүлж, хэвшил болгоод үзэх л юмбол магадгүй тэр үеэс чи эхнээсээ амьдрал эхэлнэ.
-Таны хийсэн сайн сайхан үйлс, номын үйл бүхэнд талархая. Таны мөрөөдөл юу вэ?
-Миний мөрөөдөл холынх нь бол хамаг амьтан амар амгалан байх болтугай. Ойрын мөрөөдөл бол хүүхдүүд бүгдээрээ аз жаргалтай байгаасай, ээж нар аз жаргалтай байгаасай. Манай төвийн гол үйл ажиллагаа ээж болон хүүхдэд зориулагддаг. Ээж хүүхдүүдийг сайхан амьдруулахын тулд тэдэнд цагийг нь олж туслах хэрэгтэй. Хамгийн чухал нь бурхан багшийн хэлсэнчлэн өглөг олон янз байдаг. Үүнээс хамгийн чухал нь бусдад мэдлэг боловсролыг олгох. Тийм учраас хүүхдүүдийн мэдлэг боловсролд багаас нь анхаарч оюутан сурагч тэр бүгдийн суралцах орчныг бүрдүүлэх тэтгэлэг зэрэгт би анхаарч байдаг. Энэ бүхэн бүгд сайн болох юмбол ирээдүйд боловсролтой хүн өөрийнхөө хүслээр сайн сайхан амьдарч чадна. Аливаа зовлон бэрхшээлийг даван туулах аргыг ч гэсэн үүнээсээ олж чадна. Үүнтэйгээ хавсраад бурхны шашинд сүсэгтэй улмаар судалж чадвал магадгүй амьдралын нөгөө талыг ч бас харж чадах байхаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аргагүй л гэгээнтэн хүн ажээ! Эрүүл энхийг ерөөе!
Монголын хүүхэд багачуудад энэрэх туслах нэрээр элдэв шашины үйлэнд оролцуулахаа боль .Монголчууд Төвдийн хэн нь мэдэгдэхгүй лам нараас ном сонсоод сайн болж байсан түүх байхгүй сахиус буулгаж байнаа гэдэг чинь хүнд таарахгүй үйл хийж байнаа л гэсэн үг .Төвд Монгол хоёрын шашин адил гэнэ үү ? Бурхан багш гэж хэнийг хэлэв ? Сидхартаг хэлсэн үү ?тэгвэл Бурхан багш буюу Сидхартагын номыг хатуу үйлийн сахиус буулгадаг төвд лам нар заадаггүй юм аа .Сидхартагын буддизм төвдийн сахиусны шашин хоёр чинь ш�##� ондоо хоорондоо тохирдоггүй хоёр өөр шашин .
Амны �##�дас гэж байдаг гэсэн Сайн сайхныг бүтээж, ярьж байгаа хүнийг шууд харлуулах нь том нүгэл болно. Үйлийн үрээ яаж даанаа
Хян�##�тгүй болохгүй, хүүхдийн асрамжинд элдэв хэцүү зүйлс бугшсан бдг даа. Д�##�ай лам нь я�##�аа? Ий ий хүүхдээр хэлээ хөхүүлэгч, бузарын эх
Би бүр ядарч яваад энд очиж эндээс надад хэсэг байр түрээслэж өгөөд 3 хүүхдийг минь ямар ч хариу хар�##�гүй өдөр өнжүүлэх газраа 2 жил хооллосон. аргагүй сайхан буянтай хүн дээ