Иран: Газын зурваст гал зогсоовол л хариу цохилтоо хойшлуулна
Ираны албан тушаалтан энэ долоо хоногт болж магадгүй хэлэлцээгээр Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрвэл л Израилд өгөх хариу цохилтоо хойшлуулна гэжээ.
Өнгөрсөн сард Хамасын улс төрийн удирдагч Исмайл Хание Ираны Техран хотод байхдаа агаарын цохилтод өртөж амь үрэгдсэн. Иран түүний амийг Израил хүлээсэн хэмээн буруутгаж, хатуухан хариу цохилт өгнө гэсэн юм.
АНУ Израилын хамгаалалтыг дэмжихийн тулд байлдааны хөлөг онгоц болон шумбагч онгоц илгээсэн.
Нэрээ нууцалсан Ираны батлан хамгаалахын албан тушаалтан хэлэхдээ Израил хэлэлцээг удаашруулж байна гэж үзвэл эсвэл хэлэлцээ бүтэлгүйтвэл Иран Хезболла гэх мэт холбоотнуудтай хамтран цохилт өгнө гэжээ.
Ойрх дорнодод үүсээд буй нөхцөл байдлыг дордуулахгүйн тулд НҮБ болон АНУ хэлэлцээ хийж буй.
Вашингтон Ираныг ятган сэнхрүүлэх ажил дээр холбоотнуудаасаа туслалцаа хүсэж байгаа гэдгийг Турк дэх АНУ-ын элчин сайд мягмар гарагт /2024.08.13/ мэдэгджээ.
Ираны Гадаад хэргийн яам мөн мягмар гарагт мэдэгдэл хийхдээ тэвчээртэй байхыг уриалж байгаа нь олон улсын хуулийн зарчимтай зөрчилдөж байна гэсэн юм.
АНУ Ираны хариу цохилт энэ долоо хоногт ч болж магадгүй гэж үзэж буй. Цагаан ордны үндэсний аюулгүй байдлын төлөөлөгч Жон Кирби “Иран болон түүний холбоотнуудын зүгээс энэ долоо хоногт ч гэсэн хариу цохилт өгч магадгүй. АНУ болон Израил ингэж дүгнэж байгаа” гэжээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.