Тайваньд 6.3 магнитуд хүчтэй газар хөдлөлт боллоо
Өнөө өглөө Тайванийн зүүн бүсэд оршдог Хуалиен хотоос 34 км-ын зайд 6.3 магнитуд хүчтэй газар хөдөлсөн гэж тус улсын цаг уурын алба мэдээлжээ.
Газар хөдлөлт тус улсын нийслэл Тайпей хотод хүртэл мэдрэгдсэн юм. Үүний улмаас эрх баригчид Тайпей хотын метроны үйлчилгээний хурдыг багасгасан байна.
Пүрэв гарагийн /2024.08.15/ орой Тайванийн зүүн хойд эргийн ойролцоо 5.7 магнитуд хүчтэй газар хөдөлсөн юм. Нэг хоног хүрэхгүй хугацааны дотор тус улсад хоёр удаа хүчтэй газар хөдлөлт болов.
Тайванийн цаг уурын албаныхан ойрын хэдэн өдөр 5.5 магнитуд хүртэл хүчтэй чичирхийлэл болж магадгүйг анхааруулжээ.
Мөн албан тушаалтнууд олон хоног үргэлжилсэн борооны дараа уулархаг нутгуудаар хөрсний гулгалт үүсэж болзошгүйг анхааруулсан байна.
Тайвань хоёр тектоник хавтангийн заагийн ойролцоо оршдог тул газар хөдлөлтөд өртөмтгий улс юм.
Дөрөвдүгээр сард Тайваньд сүүлийн 25 жил болоогүй хүчтэй газар хөдлөлт Хуалиен хотод болж есөн хүн амиа алдаж, 900 хүн бэртсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.