СПОРТ

М.Нандин-Эрдэнэ 11 жилийн дараа боксын УАШТ-д өрсөлдөөд хүрэл медаль хүртэв

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний нэг нь БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тоглодог Мөнгөнцоожийн Нандин-Эрдэнэ.

Мэргэжлийн дэвжээнд 2014 оноос хойш хүч сорьж буй тэрбээр одоогоор есөн удаа ялж, зургаан удаа дийлдсэн. 

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Нандин-Эрдэнэ өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан юм.

УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга. 

М.Нандин-Эрдэнэ холимог тулаанаар хичээллэн, БНСУ-ыг зорьсноосоо хойш буюу 11 жилийн дараа боксын насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөн, хүрэл медаль хүртжээ.

Тэрбээр энэ тухай цахим хуудсандаа “11 жилийн өмнө боксын улсын аварга болоод дайчин боксчины шагнал авсан. Тэрнээс хойш бокс тоглоогүй байж байгаад УАШТ-д орлоо, хүрэл медаль хүртлээ. Холимог тулаан, бокс хоёрын хэв маяг өндөө юм байна аа. Яагаад ч юм бэ цохиод унагаах юм шиг санагдаад биеэ барьж чангалсаар байгаад таарлаа. Намайг дэмжиж, харж байсан та бүхэндээ баярлалаа” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button